“Урин цаг айлчилсан ч утааны уршиг арилаагүй”

2019-04-18

АШУҮИС, Анатомийн тэнхим, Г.Доржжагдаг

Улсын нийслэлд сүүлийн жилүүдэд тулгамдсан нэг асуудал нь утаанаас болсон агаарын бохирдол юм. Агаарын чанарын үзүүлэлтээр дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэгээр нийслэл маань тодроод удаж байна. Нийслэлчүүд болоод бодлого боловсруулагчдын хувьд агаарын бохирдол нь санаа их зовоосон, яаралтай шийдвэрлэвэл ёстой тулгамдсан асуудал болоод байна. Ихэнх ажиглагч, судлаачдын үзэж байгаагаар агаарын бохирдлыг бууруулах хэрэгтэйг ойлгосон хэдий ч удаан хугацааны турш эсвэл хурдан хугацаанд бууруулах хувилбаруудын аль нь илүү үр дүнтэй вэ? гэдгийг одоогоор бүрэн сайн тодорхойлж чадаагүй ч үүнийг тодорхойлоход эдийн засгийн чадамж боломжтой байх, стратегийн зөв бодлого, чиглэлийг хэрхэн хэрэгжүүлэх зэрэг томоохон өөрчлөлтүүдийг цогцоор нь тооцох шаардлагатай юм. Агаарын бохирдлоос үүдэн үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлэмж буурах, цаг уур өөрчлөгдөх зэргээс гадна хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх байдал нь хамгийн чухал асуудал бөгөөд нарийн ширхэглэгт тоосонцор нь хүний уушгинд гүн нэвтэрч, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг үндсэн бохирдуулагч юм.

Уул нь бол бид ойлгохдоо аж үйлдвэр хөгжсөн орнуудад ихэнх хувь нь үйлдвэрээс гаралтай утаанаас агаарын бохирдол үүсдэг гэж үздэг. Манайд энэ нь эсрэгээрээ  их өвөрмөц гаралтай бөгөөд энэ утаа нь уламжлалт сууцнаас үүсэлтэй. Монголын уламжлалт сууц бол үүсэл нь урт, үйл нь зузаан, үг нь богино, үсэг нь гурав “гэр” юм. Гэтэл сүүлийн хэдэн жил энэхүү утааны агаар дахь нягтаршил, түүнд агуулагдах хорт бодисын хэмжээ нэг л мэдэхэд ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин хальж, бид зүгээр ч нэг нүүрсний утаа бус бүр “хорт хийгээр” амьсгалж байгаа нь судлаачдын олон олон судалгааны үр дүнгээс харахад тодорхой боллоо.  Утаа гэдэг дан ганц зөвхөн гэр хорооллын айлуудаас үүсээд байгаа асуудал бас биш юм. Нийт агаарын бохирдлыг үүсгэж байгаа утааны оногдох эх үүсвэрийг хувиар нь илэрхийлсэн мэргэжилтнүүдийн тооцооллыг аваад үвэл 80% нь гэр хорооллын яндангийн утаанаас, 10% нь тээврийн хэрэгслээс ялгардаг байна. Улаанбаатарт гэр хорооллоос эх үүсвэртэй утааг 230 мянга орчим айл өрх, мөн олон зуун нам даралтын халаалтын зуухнууд хатуу түлш, нүүрс түлж үйлдвэрлэж байна. Гэр хорооллын эдгээр өрхийн 30 мянга нь Налайх, Багануур, Багахангай зэрэг захын дүүргүүдэд байна. Утааны идэвхтэй голомтод 200 мянган өрх байдаг юм байна. Улаанбаатар дахь агаарын бохирдолд хамгийн ихээр нөлөө үзүүлж буй эх сурвалж нь гэр хорооллын айл өрхийн нүүрсний хэрэглээ бөгөөд нүүрс нь түгээмэл хэрэглэгддэг боловч амьдарч буй орчинд агаарын бохирдол ихээр үүсгэдэг түлш юм.

Хүмүүсийн одоо хэрэглэж буй зуухыг илүү сайн зуухаар солих нь агаарын бохирдлыг багасгахад эерэг үр нөлөө үзүүлэх ч энэ нь хангалттай сайн арга биш юм. Энэхүү өрх гэрийн нүүрс ашигладаг тогтоолцооноос татгалзах төсөл нь бусад орнуудад хийгдэж байсан бөгөөд Англи, Ирланд, Шотланд, АНУ, Япон, Хятад, Сингапур, Солонгос мөн баруун ба зүүн Европын ихэнх орнуудад хэрэгжсэн ба одоо ч гэсэн хэрэгжүүлж буй үйл явц юм.

Агаарын бохирдлыг богино хугацаанд багасгах ганц арга бол гэр хорооллын айл өрхийн нүүрсний хэрэглээнд юун түрүүнд анхаарал хандуулж түүхий нүүрсний хэрэглээг зогсоох нь хамгаас чухал. Үүний тулд гэр хорооллын айлуудыг утаагүй халаалттай системд шилжихэд Улаанбаатар хотын агаарын бохирдол их хэмжээгээр багасна. Энэ тогтолцоонд шилжихэд орчин үеийн тоног төхөөрөмж, цахилгаан ба хийн инженерийн дэд бүтцийг сайжруулах, үүнийг дагалдсан эдийн засгийн хүчтэй чадавхитай болох шаардлагатай нь ойлгомжтой билээ. Одоогоор барилгын зах зээл дээр айл шууд нүүж ороход бэлэн болсон, эзнээ хүлээсэн 30 мянга гаруй орон сууц, мөн удахгүй ашиглалтанд орохоор баригдаж буй 80 мянга гаруй орон сууц байгаа гэж салбарын мэргэжилтнүүд тооцоолж гаргажээ. Цаашид гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Тухайлвал ипотекийн зээлд хамрагдахдаа урьдчилгаа мөнгө төлдөг тогтолцооны хувийг багасгах, цалин багатай боломж тааруу иргэдийн орлогын хэмжээг нарийн судалж тооцоолсны үндсэн дээр шууд орон байранд оруулж, сар бүр тогтсон төлбөрийг суутгаж авах замаар орон сууцжуулах асуудлыг шийдэж болмоор санагдах юм. Иймэрхүү жишгээр Сингапур улс амжилтанд хүрсэн жишээ байна. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж буй халаалтын олон уурын зуухыг буулган хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох хэрэгтэй. Гэр хорооллын айл өрх дулааныхаа 50-55%-ийг гэр, байшингийнхаа шал, хана, тааз, цонхоор алддаг. Тэгвэл гэр хорооллын айл өрхүүд дулааны энэ алдагдлыг алдалтыг бууруулж чадвал нийт түлшний хэмжээ 2-2.5 дахин буюу 360000 тонн нүүрс хэмнэгдэж агаарын бохирдол 28%-иар буурах бололцоотой гэсэн судалгаа гарчээ. Монгол эрдэмтэд, зохион бүтээгч, шинийг санаачлагч хүмүүсийн төсөл санхүүгийн дэмжлэг авч чадаагүй улмаас олны хүртээл болоогүй өөр хичнээн инновацийн бүтээгдэхүүн байгааг хэлж мэдэхгүй.

Улаанбаатар дахь агаарын бохирдолд нөлөөлж буй автомашинаас ялгарах утаа, хог хаягдал шатаах, хөрсний бохирдол, эрчим хүчний цахилгаан станцууд зэрэг өөр эх үүсвэрт ч мөн анхаарал хандуулах цаардлагатай.

Нийслэлийн тээврийн хэрэгсэл бол гэр хорооллын дараа орох, утааны хоёр дахь том эх үүсвэр бөгөөд нийслэлийн автозамын хөдөлгөөнд оролцож байгаа 500 мянга гаруй  автотээврийн хэрэгсэлээс ялгарч буй утаа, угаарын хий нь нийслэлийн утаанаас үүдсэн агаарын бохирдлын 10%-ийг эзэлдэг гэж тооцоолсон байна. Автомашинаас ялгарсан утаа нь дотроо 200 гаруй хорт бодис агуулдаг ба агаарын бохирдлын арав хуваасны нэгийг бүрдүүлдэг ч хор хөнөөлын хэмжээгээр дээгүүрт бичигддэг байна. Салбарын мэргэжилтнүүдийн тооцооллоор өнөөдөр Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд зорчиж буй 1000 гаруй автобус байгаа ба эдгээр нь жилд 64 тонн хөө тортог агаарт цацаж, түүгээр нь бид бүхэн амьсгалж байна. Орчны эрүүл мэнд судлаач, АУ-ны доктор Э.Эрдэнэчимэг болон АНУ-ын судлаачдын хамтарсан багийн судалгааны үр дүнгээр Улаанбаатар хотын автомашины тоо жил бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд нийт автомашины 70% нь 10-аас дээш жил ашиглагдсан байна. Улаанбаатар хотод 2016 онд 439 мянга гаруй тээврийн хэрэгсэл тоологджээ.

НҮБ-аас хүн амын эрүүл мэндэд хамгийн хортой гэж тогтоосон 10 бодисын дотор автомашины хөдөлгүүрийн утаагаар ялгаран гардаг нүүрстөрөгчийн исэл нь хортой чанараараа цацраг идэвхит бодисын дараа 2-рт, мөн азотын исэл 4-рт орсон байна. Нүүрстөрөгчийн исэл нь бензин хөдөлгүүрт автомашинаас, харин азотын исэл нь дизель хөдөлгүүрт автомашинаас гардаг. Автомашинаас ялгарч буй утаа нь азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоос, тоосонцор, үнэрт органик нэгдлүүдийг агуулдаг ба агаар бохируулагч бодисуудын 20-30%-ийг бүрдүүлдэг. Автомашины утаагаар ялгарах хорт бодис нь газраас дээш 20-30 см түвшинд гарч хаягдахдаа хүний амьсгалах түвшинд дэгддэг учир хамгийн хор хөнөөлтэй байдаг. Ялангуяа өвлийн улиралд хүйтний хэмээс хамаарч агаар нягтарсан байдаг учир автомашины утаа дээшээ хөөрч чаддаггүй, орчиндоо бөөгнөрч байдаг. Энэ нь автомашины утаатай холилдсон бохир агаараар амьсгалж хордох, нэн ялангуяа бага насны хүүхдээ замын хажуугаар хөтөлж алхахад илүү өртөж хорддог болохыг хүндэт эцэг, эхчүүд анхаарахад илүүдэхгүй буй за.

“Тангуд улс мөхөөгүйг өглөө бүр сануулж бай” гэж захисан Чингис хааны үг шиг эргэх дөрвөн цагийн эргэлтэнд энэ утааг мартаж болохгүй. Цаг дулаарахаар л утааны асуудлыг мартацгааж, зуны дэлгэр намрын налгар цагийн наадам, найр хуримандаа бүгд анхаардаг. Тэгвэл цаг дулаарч утаагүй боллоо гэж бодож болохгүйг өөр нэгэн судалгаагаар батлаж анхааруулсан байдаг. Манай улсад хувь хүний агаар бохирдлын өртөлтийн судалгаа өмнө нь хийгдэж байгаагүй бөгөөд үүний хүрээнд замын цагдаа нарын агаарын бохирдуулагч бодисуудын өртөлтийг судлах зорилгоор анх 2013 оны 7, 9 сарыг сонгож аван судалгаа хийжээ. Энэ хугацаа нь утаагүй байдаг урин дулаан цаг үе юм. Гэтэл замын цагдаа нарын амьсгалж буй агаарын нарийн ширхэгт тоосонцорын дундаж агууламж нь 110.8 мкг/м3, өглөөний ээлжинд ажилласан зохицуулагч цагдаад РМ2.5 101.8 мкг/м3, оройн ээлжийн хувьд 120.7мкг/м3 гэсэн судалгааны үр дүнгийн тооцоолол гарчээ. Автомашины утаанаас ялгарч буй үндсэн бохирдуулагч нь азотын давхар исэл NO2 бөгөөд түүний дундаж агууламж зохицуулагч цагдаад 42ppb, хамгийн их хэмжээ нь 117ppb гэж тодорхойлогдсон байдаг. Мөн энэ судалгаагаар замын цагдаа нарын амьсгалж буй агаар дахь хөө, нүүрстөрөгчийн дутуу исэл зэргийн хэмжээ нь мөн адил их гарчээ. Замын хөдөлгөөнийг зохицуулагч цагдаа нар замын хөдөлгөөнийг удаан хугацаагаар зохицуулж ажилласнаас болж агаарт хаягдаж буй хорт бодисуудад өртөж байдаг ба өглөөний ээлжийг бодвол шөнийн ээлжийн цагдаа нар агаарын бохирдолтонд илүүтэй өртдөг болохыг баталжээ. Энэ тоо одоо дахин судлаж үзвэл нэмэгдсэн байх нь гарцаагүй. Энэ судалгааны үр дүн юу харуулж байна вэ? гэвэл нүүрсээ түлэхгүй байсан ч нийслэлийн тээврийн хэрэгслийн түлшний шаталтаас үүдэлтэй агаарын бохирдол зун, намрын улиралд ч их байгааг илтгэж байгаа юм. Утааны улирал дуусч, урин цаг айлчлан ирэхэд утаа байхгүй боллоо гэж бид бүхэн боддог нь андуу ташаа бодол юм.

Дээрх үр дүнгээс зөвхөн химийн нэг бодис нүүрстөрөгчийн дутуу ислийг жишээ татаж авъя. Замын хөдөлгөөнийг зохицуулагч цагдаа нар удаан хугацаагаар зам дагуу зогсож ажилласанаас болж нүүрстөрөгчийн дутуу ислээр хордож түүний архаг хордлогонд ордогийг дэлхий нийтээр анагаах ухаанд судлаад аль эрт тогтоочихсон байдаг. Цэвэр агаараар амьсгалж байгаа хүний цусны дүрст элементүүд буюу цусны эсүүдийн нэг төрөл болох эритроцид буюу улаан эс өөрт агуулагдах гемоглобин хэмээх өвөрмөц уургийн тусламжтайгаар уушгины цулцангаас хүчилтөрөгчийг өөртөө нэгдүүлэн оксигемоглобинд хувиран эд эсэд хүргэж хүчилтөтөрөгчөөр хангаж, эд эсээс нүүрсхүчлийн хийг буцааж уушгинд тээвэрлэн авчирч эдийн амьсгалах үүргийг гүйцэтгэж байдаг. Тэгвэл физиологийн өвөрмөц нөхцөлд гемоглобин нь өөр бусад хийтэй холбогдох чадвартай байдаг. Тухайлвал угаарын хий амьсгалж буй агаартай холилдон уушгинд орж ирэхэд цусны улаан эсийн гемоглобин түүнтэй холбогдсоноор карбоксигемоглобин болж хувирдаг. Ингэж угаарын хийгээр хориглогдсон цусны улаан эсийн гемоглобин цаашид хүчилтөрөгчтэй холбогдож чаддаггүй ба эд, эсэд түүнийг зөөж тээвэрлэх чадваргүй болж улмаар эдийн амьсгалыг дарангуйлснаар эд, эс хүчилтөрөгчийн дутагдалд ордог. За ингээд замын түгжрэл дунд зогсох жолоо барьж яваа иргэд, явган замаар алхах хүмүүс бүгд замын цагдаатайгаа адилхан угаарын хийн агууламж өндөртэй агаараар удаан хугацаанд амьсгалаад яваад байвал түүний архаг хордлогонд ордог. Угаарын хийн архаг хордлого эн түрүүнд толгой өвдөх, дотор муухайрах, толгой эргэх, зүрх дэлсэх, нойр хямрах, түүнчлэн мэдрэл сэтгэцэд нөлөөснөөр зан үйлийн өөрчлөлт гарч уур уцаартай цочромтгой болдог гэдгийг анагаахын шинжлэх ухаан аль эрт судлаад батлаад гаргачихсан. Хотын замын түгжрэлд жолоо барьсан цөөхөн хэдэн монголчууд бид бие биедээн хараалын үг урсган уурсах нь магадгүй үүнтэй тодорхой хэмжээгээр холбоотой байхыг үгүйсгэхгүй. Цусан дахь карбоксигемоглобины хэмжээ 2%-иас хэтрэх ёсгүй. Тэгвэл угаарын хийтэй холбогдож үүссэн карбоксигемоглобин цусанд 2.5% болоход дээрх зан авирын өөрчлөлт гарч эхэлдэг бол 5% болоход зүрхний цус хомсрох эмгэгтэй хүмүүст өвчин нь сэдрэх бүр цаашилвал зүрхний шигдээс болох нөхцөл байдлыг сэдээдэг, харин 7-9% болоход жолоо барьж яваа хүний сэтгэцийн хариу урвал удааширч улмаар өнгө ялгаж харах мэдрэхүй буурч энэ нь авто замын осол гаргахад нөлөөлдөг.

Хүхэрлэг хий SO2, азотын давхар исэл NO2 зэрэг агаар бохирдуулагчид нь аж үйлдвэр хөгжсөн орнуудын химийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааны үр дүнд ихээр ялгарч гардаг химийн бодисууд юм. Хүхэрлэг хий нь хүхрийн хүчлийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд бөгөөд түүнийг натрийн сульфит гарган авахад, хөргөгч, мяндас бөс бараа цайруулах, жимс даршлах болон халдваргүйжүүлэхэд өргөн хэрэглэдэг. Харин хүхэрт түлш шатаах, зэс хайлуулах үйлдвэрт, нийлмэл эрдэст бордоо зэргийг гарган авах үйлдвэрлэлийн үеэр хүхэрлэг хий их хэмжээгээр ялгардаг. Хүхэрлэг хий бие махбодод амьсгалын замаар орж тэндээ 40% нь, үлдсэн 60% нь бүх биеэр тарж шингэдэг. Хүхэрлэг хийн үйлчлэлд бие махбод дасах хандлагатай байдаг ба хүхэрлэг хийгээр бохирдсон агаарын бохирдлын зэргээс амьсгалын замын цочмог өвчний өвчлөлийн давтамж хамааралтай байдгийг гадны судлаачдын судалгаа илрүүлсэн байдаг. Хүхэрлэг хий амьсгалын замын салст бүрхүүлийг цочроох үйлчилгээ үзүүлдэг бол өндөр концентрациар уушги гэмтээдэг. Бохирдсон агаарын хүхэрлэг хийн архаг хордлогонд ороход амьсгалын дээд замын салст бүрхүүлийн хатингаршилт өөрчлөлт, ихэвчлэн амьсгалын гуурсны үрэвслээр сэдэрдэг хамрын хөндийн салстын үрэвсэл, сонсголын гуурс болон аньсаганы үрэвсэл, шүд гэмтэх, цусны морфологи өөрчлөгдсөнөөр цус багадалт үүсэх, нүүрс ус ба уургийн солилцоо хямрах зэрэг эмгэг бий болдог. Түүнчлэн тархи, элэг, дэлүү, булчинд исэлдэх процессийг дарангуйлж, эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгддөг. Хүхэрлэг хийн цочмог хордлогын үед нүд, хоолой цочирч хорсох өвдөх, ханиалгах, хоолой сөөх, ходоод гэдэс хямрах зэрэг шинж тэмдэг илрэхээс гадна хорлогын гаралтай уушгины хатгалгаа үүсдэг. Бүр өндөр тунгаар хордоход уушги хавагнаж амь насанд аюултай байдал бий болдог.

Азотын давхар исэл бол автомашины утаанаас ялгарч буй үндсэн бохирдуулагч бодис юм. Үйлдвэрийн нөхцөлд азотын хүчил үйлдвэрлэх, азотлог эрдэст бордоо гарган авах, тэсэлгээний ажил, цахилгаан гагнуур, өндөр хүчдэлт аппаратур туршиж үзэх, рентген кабинет зэрэгт ажиллах үед азотын давхар исэлд хорддог. Амьсгалын замаар дамжиж азотын давхар исэл бие махбодод ордог. Өндөр концентрациар амьсгалахад уушги хордлогын гаралтай гэмтэж уушгины хүнд хэлбэрийн хаван үүсч нас бардаг. Бага концентрациар удаан хугацаагаар амьсгалахад архаг хордлогонд орж хамрын хөндийн салстын үрэвсэл, залгиур хоолой, төвөнх, гуурсан хоолойн үрэвсэл, шүд гэмтэх, уушгины архаг өвчин сэдрэх, уушгины хордлогын гаралтай хатуурал үүсэхээс гадна мөн түүнчлэн зүрхний булчин, ходоод, бүдүүн гэдэс, элэгний хордлогот үрэвсэл үүсэх боломжтой байдаг.

10-аас дээш жилийн насжилттай автомашин их байгаа нь агаарын бохирдолт үүсэхэд нөлөөлж байна. Агаарын бохирдлын арваас дээш хувийг машины утаа үүсгэж байсан ба Монгол улс 2013 оноос автомашины дугаараар замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлаж эхэлснээс хойш энэ нь агаарын бохирлыг 9%-иар бууруулсан гэсэн дүн гарчээ. Олон жилийн насжилттай хуучин автомашины импортыг үе шаттай хязгаарлах арга хэмжээ авах, автомашины дугаарын хязгаарлалтыг илүү нарийвчлах, нийтийн тээврийн автобусыг хийн түлшинд ээлж дараатай шилжүүлэх, цаашид нийтийн тээвэрт нийтийн тээврийн хэрэгслийг олшруулах, ингэхдээ цахилгаан хөдөлгүүрт  автобус нэвтрүүлэх зэрэг бодлого төрөөс баримтлах хэрэгтэй байна. Энэ нь авто замын түгжрэлийг бууруулах, цаашлаад утааг багасгахад эерэг нөлөөтэй.

Бээжин хотод 2015 оноос насжилт өндөр он хуучин автомашинуудыг ялган ангиллаж, 300 мянган хуучин тээврийн хэрэгслийн ашиглалтыг зогсоож жагсаалаас гаргасан аж. Үүний хажуугаар төрийн бодлого тун оновчтой явагдаж, цахилгаан хөдөлгүүртэй утаагүй автомашин худалдан авахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлснээр иргэдээ явгалсангүй. 2009-2017 онд энэ тал дээр анхаарч 20 гаруй тэрбум ам.доллар зарцуулжээ. Үүнтэй зэрэгцээд цахилгаан хөдөлгүүрт цэвэр автомашины борлуулалтыг дэмжээд зогсохгүй үйлдвэрлэлийн үүдийг нээж. Олон улсын цэвэр тээврийн зөвлөлийн тооцоогоор өнгөрсөн онд дэлхий дахинд нийт 1.1 сая цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэсний тэн хагасыг өмнөд хөршөд үйлдвэрлэж, мөн тал орчмыг нь Хятадын хэрэглэгчид худалдан авсан гэсэн тоо баримтууд байна.

Хавар, зун, намрын улиралд дүн өвлийн хүйтний утаа алга болоход утаагүй болж агаар цэвэршлээ гэж ойлгох нь өрөөсгөл бөгөөд энэ нь гагцхүү утааны улирлын ид үетэй харьцуулахад утаа эрс багассан буюу байхгүй болохоос биш бид бүхэн хөгшин залуу, эр эм нас хүйс, нам харгалзахгүй  бохир агаараар амьсгалж байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ