ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд өрөө төлөөгүй гэв

2019-04-16

Ц.МЯГМАРБАЯР

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” –ны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр, удирдах зөвлөлийн гишүүн н.Бум-Цэнд нар ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлт болон “Капитал” банкны ЖДҮХС-тай 2017 онд байгуулсан гэрээ хууль бус, нууцаар хийсэн гэрээ байсан гэж “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэлдээ мэдэгдлээ.“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” өнгөрсон онд ЖДҮХС-гийн зээлийн мөнгө  эзэндээ очихгүй байгаа талаар мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр энэ үйл явдал батлагдсан. Өнөөдөр тус сангаас зээл авсан нэр бүхий 28 УИХ гишүүн, Засгийн газрын гишүүд, тэдний хамаарал бүхий этгээдүүд 31 тэрбум төгрөгөө яаралтай эргэн төлөхийг шаардаж байна гэлээ. 2018 онд зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу явж байсан бол энэ он гараад төлөлт удааширч тасалдсан байна. Одоогоор 10 гишүүн зээлээ төлсөн бол төлөөгүй, хагас дутуу төлсөн түүнчлэн зөвхөн  хүүгээ төлөөд явж байгаа гишүүд байгаа аж. Санд зээлийн мөнгө эргэн төлөгдснөөр энэ онд ологох зээлийн эх үүсвэр болох юм байна. Өөрөөр хэлбэл зээл жижиг дунд үйлдвэр эрхлэгч жинхэнэ эздэд очих ёстой. Жилийн гурван хувийн хүүтэй тус сангийн зээлд хамрагдахаар өнөөдрийн байдлаар  5-10 мянган зээлийн төсөл ирсэн байгаа гэлээ.Түүнчлэн тухайн жилийн төсвийн орлогын 10 хувийг ЖДҮХС-д төвлөрч зээл олгогдох ёстой. Энэ жилийн тухайд 120 орчим тэрбум төгрөг тус санд төвлөрнө гэж Б.Батдэлгэр онцолж байна. Нөгөөтэйгүүр Капитал банкаар дамжуулан зээлсэн ЖДҮХС-гийн гэрээг 2017 онд байгуулахдаа тус банк төлбөрийн чадваргүй байгааг мэдсээр байж гэрээг шинэчлэн нууцаар байгуулсан. Тус гэрээнд хугацаа хэтэрсэн зээлийн алдангийг жилийн 0.5  хувиар бодож алданг тооцохоор тусгасан байжээ. Гэвч тооцоо нийлэхдээ алдангийг 0.014 хувиар бодсон нь үндэслэлгүй юм. Уг нь 0.5 хувиар бодсон бол нийтдээ 13 тэрбум гаруй төгрөг санд төвлөрөх байсан бол 0.014 хувиар бодсноор санд нэг тэр бум гаруй төгрөг төвлөрчээ. Ингэснээр нийтдээ 12 гаруй тэрбум төгрөгөөр  хохироосон гэлээ. Тиймээс тухайн үеийн Засгийн газрын тэргүүн,  Сангийн сайдад энэ хариуцлагыг оногдуулж хохирлыг барагдуулахыг Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нарт албан бичгээр хүргүүлж байгаагаа мэдэгдэв.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ