Хүн чулууны нулимс

2019-04-16

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг Хөргийн хөндий.

Ч.ҮЛ-ОЛДОХ

Хүн төрөлхтний бүтээсэн гайхамшигтай дурсгалын дотор уул, хад, чулуу ховор тал хээрийн бүсэд оршдог Сүхбаатар аймгийн нутаг дахь Дарьгангын чулуун хөргүүд  өвөрмөц хийгээд  давтагдашгүйд тооцогддог. Харамсалтай нь олон зууныг элээсэн  Дарьгангын хүн чулуудын насжилт дуусч, элсэн хэлбэрт эрчимтэй шилжиж эхэлжээ. Тухайлбал, Дарьганга сумын нутаг дахь Хөргийн хөндийн хүрмэн чулуун хөргүүд дотор ганцхан ширхэг байдаг  боржин хүн чулууны  толгой   үйрч  дуусчээ. Цаашид хүн хөргүүд бүгд эвдэрч, хэмхэрч, үйрч дуусах сүйрлийн ирмэгт ирээд байна. Үүний учрыг эрдэмтэн судлаачид боржин чулууд нь орчин цагийн машин техникийн утаа, шатахууны үнэрт химийн урвалд орж элсжих явц нь хурдасч байгаа хэмээн тайлбарлав.

 

Я.Түмэннаст: ХҮН ЧУЛУУДЫГ ХУЛГАЙЛААД ЯВЧИХАД МЭДЭХ БОЛОМЖГҮЙ

 

Элсэн чулуу гэж нэрлэгддэг боржин  чулууны насжилтыг шинжлэх ухаанд 1000 жил гэж үздэг. Тэгвэл Дарьгангын хүн чулуудыг  урласан үеэс тооцоход өдгөө насжилт нь дуусчээ. Өөрөөр хэлбэл,нэгэнт насжилт нь дууссан учраас хүн чулууд үйрч эргээд  элсэн хэлбэртээ шилжиж буй нь энэ гэдгийг зарим судлаач бас хэлж байгаа юм.  Мөн энэ үйл явц нь  жилээр тогтохгүй. Учир нь  салхи торох, нөмөрлөх  уулгүй задгай талд  хүн чулуудын орших, эс орших нь  сар, өдрөөр  хэмжигдэхэд тулж ирсэн. Иймд  хүн чулуудыг  бүтэн байх үед  хэвийг нь авч үлдэх сэн, төр бодлогоор  хамгаалах хэрэгтэй гэдгийг нутгийн иргэд хэлж байна. Энэ талаар орон нутгийнхаа  хүн чулуудыг жилдээ нэг удаа эргэж тойрч, зургийг нь авч баримтжуулж байдаг зохиолч, сэтгүүлч Я.Түмэннастаас цөөн асуултад хариу авлаа.

-Сүхбаатар аймаг дахь “Дарьгангын хүн чулууд”  ямар онцлогтой вэ?

-Манай нутагт  50 гаруй  чулуун хөрөг /хүн чулуу/ бий. Эдний ихэнхийг “Дарьгангын хүн чулууд” гэж тусдаа дурсгал болохыг  археологич, доктор Д.Баяр агсан судалж дүгнэсэн байдаг. Хүн чулуудыг сүхбаатарчууд чулуун хөргүүд гэж ярьдаг. Хаан, хатанг дүрсэлсэн чулуун хөргүүдийн хийц маш өвөрмөц. Жишээ нь, барын арьсыг хуулан толгой дээр нь хөлөө тавьж, сүүлийг нь эсэрнийхээ ар руу унжуулсан байна. Доогуураа уул, дээгүүрээ үүлэн хээтэй, гартаа 21 тооны эрхи барьсан, дээл нь олон хуниас бүхий орчин үеийн урлагийнхны хийж өмсөөд байгаа загвар тод гарсан, бүс нь тольтой, бүсэндээ хавтагатай, хуруундаа   очиртой  бөгж зүүсэн. Зарим хүн хөрөгт дээлний гадуур богино ханцуйтай хантааз өмссөнөөр дүрсэлсэн.  Бүгд  гартаа  тахилын хундага барьж эсэр сандалд суусан  байдаг. Үүгээр нь   XIII зууны ихэс дээдсийг онголсон нутаг, тэр хүмүүст зориулж босгосон тахилын хүн хөшөө юм байна гэж судлаачид  үздэг. Хэдэн зуун жилийн өмнө шинэхэн байхад нь харсан бол хэнд зориулж босгосон хөшөө болох нь  танигдахаар  бараг “Хэн гуай байна шүү дээ” гэхээр. Бас нэг сонин зүйл нь бүгд зузаан ултай гуталтай. Гутлынх нь зулгийг бараг тоолж болохоор. Гэвч олон зуун жилийн  салхинд элэгдэж мөлийж ирсэн хүн хөргүүд  одоо   эвдэрч хэмхэрч байгаа нь санаа зовоох боллоо.

Ламтын шар боржин хаан, хатан хөрөг. Дарьганга сум.

-Та хэзээнээс анхаарч судлав?

-Хүн хөргүүд манай нутагт хэдэн зууны турш байсан эд. Би өмнө нь сонирхож байгаагүй. Манай улсад Л.Түдэв гуайгаас эхлээд хүн чулуу сонирхдог, судалдаг, цуглуулдаг хүн олон. Манай аймагт Р.Жамъян гэж багш, түүхч хүн бүх хүн чулууны зургийг авч, ном бэлдэж байсан ч түүнийгээ гаргаж амжилгүй нас барсан. Түүнээс хойш 1994 онд  “Сувдан сондор” аяллын дөрөв дэх судалгаанд  оролцсоноос хойш  миний хувьд байнга газар дээр нь очиж үзэж судалж ирсэн.  Мөн зураач Ё.Бадарч чулуун хөргүүдийг судалдаг хүний нэг.

-Онгон сумын нутагт алтан ургийнхны булштай хүн чулууд ямар нэг холбоотой юу?

-Тавантолгой дахь тэр булшнуудаас   сувдан чимэгтэй алтан титэм, алтан бүүрэгтэй эмээл, алтан аяга гэсэн  үнэ цэнэтэй олдвор гарсан. Тэгвэл тэр булшийг тойроод хүн чулууд маань байж байдаг юм шүү дээ. Тэнд оршуулагдсан ихэс дээдэст зориулсан тахилын газар нь гэж үздэг.”Монголын нууц товчоо”-нд өглөө эртлэн ихэсийн газарт очиж тахилаа өргөе гэж гардаг.Хүн чулуудын гартаа барьсан хундганд айраг цагаа хийж, зул асаадаг байсан байгаа юм. Хүн чулуудыг  тойруулж  чулуун баганууд босгосон. Тэр нь нэг ёсондоо хүн чулуудаа бунхалсан байгууламж юм билээ.

Шивээтийн шар боржин хаан хөрөг.
Наран сум.

-Хүн хөргүүдийг хамгаалах тухайд та юу хэлэх вэ?

-Энэ зөвхөн Сүхбаатар аймгийнхны бахархал, тэдний  түүх соёлын өв биш юм. XIII  зуунд  амьдарч байсан монголчуудын  түүх, соёлын бүх сурвалжийг  хүн чулуудад шингээн урлаж үлдээснийг хойч үе маань судалж тодруулж  болохоор байна. Дээл хувцасны хийц, барьж байсан эрхи гээд. Иймд төр бодлого гаргаж хамгаалахгүй, Сүхбаатар аймгийнхан өөрсдөө  хамгаал гээд орхивол тэрийг хүлээх нас боржин чулуун хөшөө дурсгалд маань алга. Сүхбаатар аймаг эдийн засгаа сайжруулж, хөрөнгөтэй болж байж хүн чулуудаа  хамгаалах гэсээр байтал түүхийн дурсгалууд элс шороо болоод замхрах болно. Түүнээс гадна хүмүүсийн шунал их болсон өнөө цагт хэн нэг нь  хүн чулууг хулгайлж авчран эдлэн газартаа тавьсан  байхад  хэн ч мэдэхгүй. Яагаад гэвэл хөдөө хээр зэлүүд газарт байдаг. Манай нутагт анх  50 гаруй хүн чулуу бүртгэгдсэнээс 5-6 нь яасныг бүү мэд алга болсон. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  чулуун судар, чулууны соёлыг хадгалах, хамгаалах талаар  тусгасан байна.  Хүн чулуудыг ч гэсэн хамруулахгүй бол чулууны бичээс байж  байхад хүн чулууд байхгүй болчих гээд байна шүү дээ.

Хүнт-Ухаагийн саарал боржин бөхийн хөрөг. Наран сум.

Дугнагарын хаан, хатан хөргийн хатанг нь жирэмсэн байгаагаар дүрсэлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.4.16 78 (6045)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ