Хөрөнгө оруулагчдын нүдэнд өртдөггүй 10 хувь

2019-04-15

Ж.ЦОГЗОЛМАА

Манай улсад орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 90 хувь нь томоохон төслүүдэд, ялангуяа, уул уурхай, боловсруулах үйлдвэрт чиглэж буй талаар талаарх мэдээллийг Төвбанкны тайлангаас харж болохоор байна. Харин иргэдийн амьдралд талх шиг хэрэгтэй хамгийн энгийн үйлдвэрлэлийн салбарууд гадаадынхны нүдэнд өртөж чадахгүй өнөөдрийг хүрчээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар Монгол Улсад 1.5 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж иржээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 306 сая ам.доллароор өссөн үзүүлэлт юм байна. Ингэхдээ өнгөрсөн жилийн турш сар бүр 85-220 орчим сая ам.доллар орж ирсэн дүн байна. Гэвч үүний дийлэнхийг “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг дагасан мөнгөний урсгал эзэлж байна. Энэ онд Өмнөговь аймгийн алт, зэсийн энэхүү төсөлд 1.3 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирэх тооцоог Сангийн яам хийжээ.

Дэлхийгээс Монголыг зорин чиглэж буй ам.долларын урсгал ганц л салбарт цугтаж байгаа. Тэр салбар нь улс төрөөс хэтэрхий хамааралтай. Нэг засаг солигдоход хэчнээн хэмжээний төслийн тооцоо тэр чигээрээ өөрчлөгддөгийг бас тооцоход бэрх юм.

“Монкрем” компанийн захирал Э.Уранчимэг “Монголчууд нэг жилд зөвхөн үс арчилгааны бүтээгдэхүүн авахад 83 тэрбум төгрөг зарцуулж байна. Үүний 24 тэрбум төгрөг нь зөвхөн шампунийн зах зээлд эргэлдэж байна” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, наанадаж, манай улсын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүнс, сав баглаа боодол зэрэг анхдагч хэрэгцээний салбарууд хөрөнгө оруулагчдын анхаарлаас хол орхигдсон хэвээр байна. Манай улсад сав, баглаа, боодлын үйлдвэрлэл хөгжөөгүй. Иймээс үйлдвэрлэгчид гадаадад саваа захиалж байгаагаас өгсүүлээд уул уурхай хэмээх том малгайтай хөрөнгө оруулалтын суваг хэтэрхий эмзэг байдлыг эдийн засагт үүсгэж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унахад төсөвт орж ирэх мөнгө багасч, үүнийг дагаад нийгмийн халамж, тэтгэврийн санхүүжилт саатдаг, цаашлаад ядуурал нэмэгддэг гаж тогтолцоо Монголд бий. Олон улсын өрсөлдөөний хилийг давах чанартай бүтээгдэхүүнүүдээ хөрөнгө оруулагчдын “халаасанд” багтааж чадвал экспорт маань алт, зэс, ноолуур гэсэн гуравхан салбараас хэд дахин олон болж өсөх боломж бас байна.

“Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнийн савалгаа, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төлвийн удаашрал зэрэг гадны сөрөг хүчин зүйлст мэдрэмтгий хэвээр байна” гэж Азийн хөгжлийн банкны тайланд дурдсан байв. Мөн “Экспорт удааширч, импорт тогтвортой байснаар 2020 онд урсгал дансны алдагдал ДНБ-ий 13 хувьд хүрч тэлнэ” хэмээн энэхүү тайланд дурдсан байв.

Дэлхийн эдийн засагт их, бага хэмжээгээр “шуурга” дэгдэх бүрт уул уурхайгаас өөр нөмөргүй монголчууд хөрөнгө оруулалтын бодлогоо өөрчлөх болоогүй юу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.4.15 76, 77 (6043, 6044)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ