Амьдралыг өөрөөр эрхшээгч Хэнтийн Л.Нямаа

2019-04-15

Д.ЦЭРЭННАДМИД

 

Энэ хүн ер нь хэн бэ?

Энэ хүнтэй ярилцаж суухуйд надад би ер нь хэн бэ гэж санагдах шиг. Түүний амьдралаас гажсан ч юм шиг ухаарахуйн дээдийг эрсэн ч юм шиг тэгсэн мөртөө юм бодуулах өөр сэтгэхүйд нь татагдсан уу. Мэдэхгүй.

Ярилцагчийг маань Ломбын Нямаа гэдэг. Юуны өмнө түүний “Миний амьдардаг ертөнц” шүлгийнх нь дөрвөн мөрийг сонирхуулъя.

Миний амьдардаг ертөнцөд тэнгэрт үүл нүүдэггүй

Миний амьдардаг ертөнцөд ганцхан улаан цэцэг ургадаг

Миний амьдардаг ертөнцөд шувууд мөлхөж явдаг

Миний амьдардаг ертөнцөд хүмүүс үхэж жаргадаг

Энэ шүлгээс үүдээд бидний яриа өрнөв.

-Та ус дээшээ урсдаг, шувууд мөлхөж явдаг гэсэн санааг хаанаас олдог юм бэ?

-Хаанаас юу байхав. Миний л ертөнцийг үзэх үзэл энэ. Түүнийгээ гүн утгын төгс илэрхийлэл болгох оролдлого юм даа.

-Хорвоогийн амьдралаас тасархай утга санаатай шүлэг бичиж гэж хэн нэгэн таныг шүүмжилбэл яанав?

-Шүлэг бол нууцлаг түүнийг тайлбарлахад хэцүү. Миний сэтгэлгээг ойлгохгүй нь шүүмжлэг. Би бичсээр л байна. Хэн нэгэн маргах гэвэл Архимедийн хэлсэн “Миний тойргийг битгий сүйтгэ” гэсэн үгийг хэлнэ дээ.

Ийм л өнгөөр яриа эхлэв. Монголын яруу найраг долоон Нямаатай гэдэг. Түүний нэг нь энэ Л.Нямаа юм.

Уг мэргэжил нь багш. Дөчин зургаан жил ардын хүүхдийг сурган хүмүүжүүлж байна. Мөн ч олон шавьтай байж таарнаа даа.

Хичээлээ заана. Бусад цагт нь өөрийн орны болоод дэлхийн сонгодог зохиолыг голж шилэхгүй шахам уншина. Шүлэг бичнэ. Түүнд дэмий өнгөрүүлсэн цаг гэж бараг байхгүй.

Л.Нямаад товхийсэн зузаан хоёр дэвтэр бий. Тэндээс нь хичнээн ч олон зохиолч, уран бүтээлчтэй нөхөрлөж явсан юм. Хэнд тоогдож алт шиг үгийг нь сонсч байсан юм гэдгийг нь мэдэж болох ажээ.

Бавуугийн Лхагвасүрэн ахайтан Л.Нямаад гэж байгаад бичихдээ

Юу ч хэлэх вэ дээ! чамдаа

Юүлж унасан морийг чинь сэтгэлээрээ ташуурдъя. 1986 он. Өндөрхаан гэжээ.

Цаашилбал их яруу найрагч Б.Явуухулан, Ч.Чимид, Ш.Гаадамба, С.Эрдэнэ, Н.Нямдорж, С.Дашдооров, М.Цэдэндорж болон тэднээс хойших олон нөхдийнх нь дурсгалын үг, гарын үсэг энэ дэвтэрт нь нандигнан хадгалаастай байх юм.

Сонин сэтгэлгээтэй гаж юм ярьдаг сэтгэдэг атлаа өөрөө дайсангүй гэх. Хүнд муу юм санадаггүй, хүнийг дээр, доор гэж ялгадаггүй, иймээ тиймээ гэж алагчилдаггүй болохоор яаж ч түүнд дайсан байхав дээ.

Түүний урлаг, утга зохиол гээд ус цас шиг яриаг нь тасалдуулж, улс төрийн сэдэв рүү шилжиж үзлээ.

Тэгсэн юу гэнэ вэ. Улстөрчдийг ёстой л зүрхэн дунд нь буудах шиг үг хэлж байна. Орох хаалгаа мэддэг ч гарах хаалгаа олдоггүй тийм л хүмүүс биднийг удирдах гээд байгаа юм биш үү гэх.

Бас монгол хүний хөл зургаан тивд хүрсэн ч сэтгэлгээ нь дөрвөн уулынхаа дундаас гарч чадахгүй байна гэж хэлэх. Яг нөгөө “Миний амьдардаг ертөнц” шүлгийнхээ санаагаар булах янзтайв шүү. Хэрвээ цаг хугацааны машин гэж байдаг бол түүнд бичиглээстэй нэг өвөрмөц сэхээтний намтар энэ Л.Нямаагийнх байх нь ээ.

Нэгэнт уулзсаных энэ хүний ертөнцийг бага ч болов нээе гэж бодсон чинь миний тархины шүүлтүүр дийлэмгүй санагдвай. Ямартай ч түүнтэй хийсэн ярилцлагаа толилуулъя.

 

Бүтээл бүхэн өөрийн түүхтэй

-Өөрийг чинь Монгол Улсын гавьяат багш болоход буриад дээлтэйгээр харсан шүү.

-Тийм ээ. Би чинь Хэнтий аймгийн Биндэр сумын унаган буриад нэгэн. Миний аав Ломбо гэж гөрөөчин хүн байлаа. 1965 онд МУИС-д элсч, их зохиолч Ш.Гаадамба эрдэмтний шавь нь болсон. Хүүхэд байхдаа шүлэг бичдэг шүү байлаа. Их сургуульд ороод гадаадын уран зохиол их уншдаг болж түүнээсээ уран зохиол, яруу найраг гэж юу болохыг гайгүй ухаарч мэдсэн дээ. Яруу найргийн багш гэвэл Мишигийн Цэдэндорж.

-Тэр багшаасаа чухам юу олж авсан бэ?

-Багшийн өөрөө их уншдгийг дууриахыг хичээсэн. Бид хоёрт танилцах нэг ерөөлтэй тохиолдол гарсан юм. Намайг нэгдүгээр курст байхад манай сургууль дээр нэг үдэшлэг болдог юм. Уг үдэшлэг дээр таван минутын шүлгийн тэмцээн болоход би түрүүллээ. Тэгэхэд М.Цэдэндорж багш номоо дурсгаж талархлын үг бичиж өгсөн юм. Дараа нь би Ламзав гэдэг ахтайгаа очиж түүнд хадаг барьж шавь нь болсон. Тэгээд насан мөнхөртөл нь хормойноос нь зүүгдэж явсан даа.

-За тэгээд багш Нямаа, яруу найрагч Нямаа болжээ дээ?

-Би бусад шиг олон номтой хүн биш ээ. Миний багш М.Цэдэндорж “Жинхэнэ яруу найрагч бол 10 ямнган шүлэг бичиж 100-г нь хэвлүүлсэн хүнийн хэлдэг юм” гэх. Энэ үг нь надад бодогдож явдаг. Багш маань сүүлд Ш.Сүрэнжав гуайд “Миний шавь Ломбын Нямаа гэж Хэнтийд байгаа шүү. Түүний номыг гаргаж өгөхийг хичээгээрэй” гэж захьсан байдаг юм. Ш.Сүрэнжав гуай ч тэр захиасын дагуу миний номыг төлөвлөгөөнд оруулж байгаад гаргаж өгсөн л дөө.

Тэгээд ч цөөн номтой. “Хүн танаа өргөх үг буюу гүн ухааны алаг чулуу” гэж нэг ном бий. “Миний амьдардаг ертөнц” гэдэг цөөн шүлэгтэй ном сүүлд гаргасан.

-Одоо ямар бүтээл хийж байна даа?

-Би зарим хүний сод зохиолд судалгаа хийхийг эрмэлздэг юм. Тэгээд нэг зохиолын судалгаа гэдэг ном хийж байна. Үнэндээ Га багшийн “Чөдөр өвс”, Б.Явуухулангийн “Тэхийн зогсоол”, С.Эрдэнийн “Өвгөн шувуу хоёр”, Ж.Барамсайн “Үхэр бол амьд амьтан мөн” зэрэг хэдэн зохиолд хийсэн судалгаагаа оруулж байгаа. Энэ зохиолуудад чухам юу өгүүлж байгаа юм. Үнэт зүйл нь юу юм бэ гэдгийг л гаргах учиртай.

Ер нь манай уран зохиолд зохиол бүтсэн түүхийг нэг их анхаардаггүй шиг санагддаг. С.Эрдэнэ “Санжмаа миний Санжмаахан” гэдэг шүлэг байдаг даа. С.Эрдэнэ гуайг хот руу сургуульд явахад нь сэтгэлтэй бүсгүй нь комсомолын гишүүн болохдоо тайруулсан гэзгээ “Чи үүнийг үнэрлэж яваарай” гэж өгч. Даанч удалгүй нөгөө хүүхэн нь насан өөд болоод уулзаж чадаагүй. Тэгээд С.Эрдэнэ гуай тэр үсийг нь гаргаж тавиад харж байгаад уг шүлгээ бичсэн гэдэг юм. Үсийг нь ч насан туршдаа хадгалсан тухай дурсамжинд нь байдаг.

Миний багш М.Цэдэндоржийн “Нутгийн уул” гэж нэг шүлэг бий. Тэр бол Б.Ренчин гуайд зориулсан бүтээл юм. Энэ шүлэгт

Долоон долоо дөчин ес

хоног шуурлаа

Урьд уул уналаа гэхэд

өнөө уул хэвээр

Долоон долоо дөчин ес

хоног бороо ороход

Урьд уул урссан байна гэхэд

нөгөө уул дүнхийсээр л

Миний нутгийн уул

ийм л юм даа гэжээ.

Тухайн үед Б.Ренчинд зориулав гэж бичиж болохгүй л байсан цаг байж.

Яруу найргийн мөр бүхэнд том утга санаа байдаг юм аа.

-Тань шиг хүний зөвхөн нэг бүтээлд судалгаа хийдэг хүн олон уу?

-Олон ч биш байх аа. Мэр сэрхэн хүмүүс бий биз. Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, С.Буяннэмэх мэтийн том зохиолчдын бүтээлийг судалж боть боть ном хийсэн хүмүүс зарим зохиолд нь нарийн судалгаа хийсэн л байж таараа болов уу.

 

“Пикассо бид хоёр” номоо удахгүй гаргана

 

-Хүн нас ахихад бүтээл нь багасдаг юм болов уу даа.Долгорын Нямаа агсан нэг удаа “Би одоо шүлэг бичээд ч яахав. Араг шээзгий, ботго тором гээд бичихээр өнөөгийнхөн ойлгох янзгүй. Харин дурсамжийн номоо л оролдож байя” гэж ярьсан.

-Би бол зохиолч, яруу найрагчид нас нь ахиад бүтээл нь улам чанаржих болохоос татардаг гэж боддоггүй. До.Нямаа ах мэтийн хүмүүс хийх юмаа хэмжээнд нь тултал хийгээд тайвширсан нь тэр биз. Миний л бодол. Тиймээс чадвал бичээд л байхыг эрмэлздэг. Одоо надад ном болгоод гаргачих 10-аад дэвтэр юм байна.

Б.Лхагвасүрэнгийн “Үр могой” шүлгийг тайлбарлан бичиж байгаа. Том бүтээл дээ. Лхагватайгаа 1975 оноос хойш нөхөрлөсөн. Тэр маань анх “Ленин” гэдэг магтаал бичиж яруу найрагт орж ирсэн. Жүжгүүд нь гайхамшигтайг хэн хүнгүй мэдэх юм. Монголын уран зохиолын хаалгыг цөм цохиж орж ирсэн түүн шиг хүн 100 жилд дахиад төрөхгүй л болов уу. Миний хувьд “Үр могой”-г нь л юм болгоно доо. Бас “Пикассо бид хоёр” гэдэг ном бараг бэлэн болсон. Уг номыг бичих нэг шалтгаан гарсан юм л даа. Хэнтийд багшилж байхдаа түргэн зургийн уралдаанд тэр том зураачийн “Болзоо” гэдэг таталбар зургийг зурж оролцоод хэрэгт татагдах шахлаа би. НАХЯ-ныханд байцаагдах ч билүү. Тэгээд Өмнөдэлгэр суманд хөөгдөж очлоо. Гэтэл намайг юу аварсан бэ гэвэл Пикассогийн 70 насны ойгоор “Правда” сонинд “Пикассо бол амьдралынхаа турш коммунист хүн байсан” гэсэн өгүүлэл байлаа. Үүний дараа би хөрөнгөтний үзэл суртал номлогч гэдэг нэрнээсээ салсан даа. Энэ тухай номоо удахгүй гаргана аа.

-Та шүлгээ тайлбарла гэхээр миний ертөнцийг харсан сэтгэлгээ маань тэр гэх юм билээ. Шүлгүүд чинь сонин гаж утгатай ч юм шиг…

-Ер нь яруу найрагч хүн ертөнцийг ямар өнгөөр харна. Түүгээрээ л бичдэг. Тийм ч хуультай гэж болно.

Одоо Монголын түүхийн сэдэв рүү жаахан орж байна. Учир нь “Чингис Соосе” олон улсын сургуульд багшлахдаа түүхэн талын хичээл зааж байгаа. Тухайлбал, Модун Шаньюгаас эхлээд хаадууд цаашлаад Монголын сүүлийн үеийн удирдагчдын тухай. Ер нь алив ард түмний түүх гэдэг удирдагч хүнийх нь үйл ажлын түүх юм л даа.

Яруу найрагч хүн өөрийгөө мэдэрч байгаа бол эх орныхоо болоод хүн төрөлхтний түүх рүү ор гэсэн үг байдаг. Пабло Нерудо шиг том хүмүүсийн зарчим л даа. Мөн Оросын яруу найрагч Э.Сильвинский гэдэг хүн амьдралын эмгэнэлтэй талыг бүтээлдээ голлодог байсан. Үүнийг би таашааж үздэг.

Ер нь яруу найргийн нэг гол сэдэв нь эмгэнэл. Энэ ертөнцийн юмс үзэгдлийг гүнзгий харъя, ойлгоё гэвэл эмгэнэл голлож харагддаг. Би нэг жишээ хэлье. Хувилай хааны нэгэн үзэсгэлэнт гүнж гэж байсан. Энэ гүнж насаараа сүмд зогсож бясалгал хийсэн байдаг. Тэр зогссон хөлийнх нь мөрөөр чулуу хайлсан гэдэг. Түүхээс ийм л сонин содон юмыг олж авч бүтээл хийх нь зохиолч, яруу найрагчдад үүрэг нь юм  л даа.

 

Түүхээ мэдэхгүй хүн сармагчинтай адил гэдэг үг бий

 

-Манайд бол “Монголын нууц товчоо” байна. Түүхэн үйл явдлын үнэнийг уран тансаг найруулан бичих талаар нандин өв гэж үздэг.

-“Монголын нууц товчоо”-г уншаагүй, судлаагүй хүний бүтээл сайн байна гэж үгүй юм шүү дээ. “Монголын нууц товчоо” бол хэл, уран зохиолын болоод түүхийн гайхамшигт бүтээл. Миний шавь Э.Далай “Нууц товчооны нууцад нэвтрэхүй” гэдэг ном бичсэн. Эдүгээ тэнд гардаг газар усны тухай бүрэн тайлбар хийж тэнд гардаг бүх хүнийг тоолоод ямар үйл оролцсоныг нь гаргасан байгаа. Ер нь хүн түүхээс төрдөг гэдэг.

Чингис хааны тухай ном бичсэн нэг солонгос хүн сурвалжлагчийн “Та яагаад Монголын тухай бичээд байдаг юм бэ?” гэхэд “Би чинь Монголын түүхээс дахин төрсөн хүн шүү дээ. Танай түүх намайг дэлхийн хүн болгосон” гэсэн байгаа юм. Харийн хүн хүртэл Монголын түүхээр ингэж бахархаж байхад монголчууд биднээс түүхээ мэдэхгүйчүүд нь даанч олон юм даа. Харамсалтай гэхэд багадмаар. Биднийг гадаадынхан “Монгол газар төрсөн харийн хүмүүс” гэж шоолсон удаа ч бий. Өөрийнхөө түүхийг мэдэхгүйгээс тэгж хэлүүлж байгаа юм даа.

-“Монголын нууц товчоо” гээд ярихтай зэрэгцээд их эзэн Чингисийн төрсөн нутаг Хан Хэнтий гээд л орж ирдэг. Та ч Хэнтийдээ олон арван жил амьдарсан хүн их юм хэлнэ дээ?

-Манай Хэнтийн нутгийн уул ус, газар шороо, хад чулуу нь хүртэл түүх “ярина”. Ой, хээр хослосон сайхан нутаг. Монголын нутгийн артерийн судас гэгдэх хоёр том гол Онон, Хэрлэн гээд байна. Бүхэлдээ их түүхийг ч оршоосон нутаг шүү дээ. Монголын нууц товчоонд 200 гаруй газар нутгийн нэр гардаг. Түүний 100-гаад нь Монголд, 50 хувь нь Хэнтий нутагт байдаг. Бас эх зохиолд 473 хүний хувь заяаны тухай бичигдсэн. Тэдний оролцсон 3000 орчим үйл явдал байдаг. Тиймээс би шавь нартаа “Монголын нууц товчоо”-г унш. Нэг биш арав, хорь унш. Түүхээ судалсан хүн эх орон, ард түмнээ хайрладаг ухаанд суралцдаг юм шүү гэж хэлдэг дээ.

-Хэнтийн алдартнууд гэж ярьвал та ч тоочиж өгнө биз?

-Тэгэлгүй яахав. Ардын засгийн анхны долоогийн хоёр нь Хэнтийнх гээд л эхэлнэ. Эрдэмтэд олоон. Түүний хамгийн их хүн нь Хардэл жанжин бээсийн хошууны одоо бол Галшарын гэхээр З.Лувсанбалдан гэдэг гүн ухаантан байсан юм билээ. “Хумхын тоос” номнолын эзэн бас яруу найрагч хүн байж. Том хүн байсны гэрч нь дэлхийн философийн толь бичигт монголоос ганцхан энэ хүний нэр байдаг. Бас Энэтхэг, Түвдийн томоохон сургуулиудын хичээлийн хөтөлбөрт нэр нь багтсан байх юм. Ер нь оюунлаг хүмүүсийн нэг өлгий нутаг бол Хэнтий. Хөгжмийн том зохиолч Д.Лувсаншарав, Д.Бадарч, Б.Шарав гээд л байна. Ардын эмнэлгийн Г.Хайдав, нэрт физикч Д.Чүлтэм нар мөн л Галшарынх даа.

-Эндээс ухаараад асуухад та Хэнтийгээсээ хэр олон авьастныг тодруулсан бэ?

-Сүүлийн 30-аад жилд яруу найраг талд гарч ирсэн залуучууд бараг нь миний шавь даа. Тэр дотроос онцолж хэлэх нь Б.Галсансүх байна. Түүнийг дөрөвдүгээр ангид байхад нь “Ямар ном уншсан бэ?” гэхэд “Зүрхний хилэн” роман гэж байлаа. “Юу ойлгов?” гэхэд, тун гайхамшигтай мэдэрснээ хэлсэн. Тэгэхэд нь за энэ юм болох хүүхэд байна гээд л түүнтэй ажилласан. VII ангид байх үеэсээ л шүлэг бичээд цоорсон доо. Орос хэлд их сайн. Надад гүйцэгдэх янзгүй болохоор нь Нямбуугийн Нямдоржид хүлээлгэн өгсөн. Б.Одгэрэл, Г.Сонинбаяр, Занданхүү, Д.Одгэрэл гээд гайгүй залуучууд бий дээ.

-Бас л Хэнтий гэснээс нэг зүйлийг лавлахгүй бол болохгүй санагдлаа. Монголын их түүхийн эх, өлгий нутагт өнөөдөр яриад байгаа шигээ сайхан юм босгосонгүй. Өвөрмонголд байдаг “Чингисийн онгон” гэх цогцолбор шиг юм алга?

-Тиймээ. Худлаа ярьж цаг алдаад дэмий маргсаар байгаад л өдий хүрлээ шүү дээ. Чингис хааны төрсөн, өссөн хийгээд Их Монгол улсын хаанаар өргөмжлөгдсөн нутаг орон нь Хэнтийд л байгаа. Гэтэл үзээд л “Монголын нууц товчоо”-г уншсан шиг болохоор бүтээн байгуулалт хийгээгүй л байна. Дэлүүн Болдог гэхэд Дадалд, Биндэрт гэж маргана гээч. Ярихад ч хэцүү.

-За тэгвэл түүхийн сэдвээ өөрчилж багшийн ажил, залуучуудын боловсролын талаар ярилцах уу. Та ер нь хичээл заахдаа хүүхдийг юу ойлгоосой гэж боддог вэ?

-Миний сэтгэлийг ойлгоосой л гэж боддог. Сэтгэлээ өгч байгаа сургалт бол жинхэнэ сургалт юм шүү дээ. Их ухаантан, зохиолч Эйнштэйн нэг хэсэгтээ багшилсан хүн. Математик заадаг хэрнээ хүүхдүүд нь дуулалдаад алга ташаад байдаг байж. Юу зааж вэ гээд шалгахад хүүхдүүд хичээлийг нь бүрэн ойлгосон байдаг байлаа.

Тэгээд захирал нь Эйнштэйнээс “Чи яагаад хичээлээ тэгж заадаг юм бэ?” гэхэд “Захирал аа, математик гэдэг чинь хүйтэн шинжлэх ухаан шүү дээ. Тиймээс далд ухамсрыг дуудаж байж ойлгуулдаг” гэсэн гэдэг. Тэгэхээр ямар ч хичээлийг багш хүн сэтгэлээсээ заах ёстой.

-Монголын боловсролын системийг муу гэх боллоо. Тийм үү?

-Үнэн. Боловсролын системд алдаа дүүрэн. Хүүхдэд юм сурах сонирхол, эрмэлзлэл төрүүлж чадахгүй байна. Сэтгэлийг нь жолоодож чадахгүй байна гэсэн үг. Олигтой сурах бичиг ч сүүлийн үед алга.

-Бас залуучууд ном уншихаа байжээ дээ. Өнгөрсөн түүхээ бол бүр мэдэхгүй. Саяхны социализмын үеийг гэхэд л компьютергүй, гар утас ч үгүй харанхуй бүдүүлэг байсан мэт ойлголт өнөөгийнхөнд байдаг шиг?

-Яг л тийм. Расул Гамзатовын “Миний Дагестан” номд “Өнгөрсөн үеэ гар буугаар буудвал, ирээдүй чамайг их буугаар буудна” гэсэн үг бий. Чингисийн түүхийг мэдэхгүй юм гэхэд ядаж Ю.Цэдэнбалын үеийн түүхийг гадарлах ёстой юм. Явж явж Монголыг уруудахаас социалист нийгэм л аварсан шүү дээ. Өнөөдөр чөлөөт нийгэмд амьдарч байгаа гэх. Гэтэл эрх чөлөө, хүний эрх гэдэг юмны цаана бүх юм буруу замаар сад тавьчихсан.

Уран зохиол гэхэд хар даа. Сүүлийн үед толгойтой бүхэн яруу найрагч гэх юм. Ижил сэдвээр сэтгэлгээ нь адилхан хэнийх нь ялгагдахгүй шүлэг найраг хөврөөд. Хатуухан хэлэхэд яруу найраг амь тавихад ойрхон байгаа шүү. Зохиол бүтээлд гадны хяналтгүйн дээр тэр яруу найрагчдад өөртөө тавих хяналт байхгүй юм. Тиймээс үгүй байсан ч үгүйлэгдэхгүй ном бүтээл элбэгшлээ. Энэ бол соёлыг баллаж байгаа хэрэг. Миний хувьд өнгөрсөн үед соёл, урлаг, уран зохиол бүх юманд хэм хэмжээтэй байсныг зөв гэж боддог хүн. Хэтэрхий эрх чөлөө, салан задгай байдал энэ нийгмийг урагш алхуулахгүй байна шүү дээ. Улс төр нь хүртэл уруудах, буруудахын гол бай болоод л…

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.4.15 76, 77 (6043, 6044)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ