Уран зохиол: Эрх дархаар хөөцөлдөөд нэр нүүрээ бүү алдагтун!

2019-04-13

Б.ХИШИГ-УНДРАЛ

Эрх тушаалаа ашиглан ард түмнийхээ хөрөнгөөс өвөр түрийгээ дүүргэж аваад аажмаар хууль ёсны нэгж болон хүчирхэг болдог цагаан захтай цамц өмсөж, хар сэтгэлээ нуусан улс төрийн луйварчингуудыг яруу найрагч Б.Пастернакийн амьдрал чичрүүлэн айлгасан юм.

Яруу найрагч маань улс төрийн биеэ тоосон байдал биднийг идэж, ертөнцийг зэрэмдэг болгон харуулдаг хар шилний араас амьдралыг цаг үргэлж нэвт ширтэх хүмүүст хандан, “Эрх дархаар хөөцөлдөөд нэр нүүрээ бүү алдагтун” хэмээн зоригтой хэлсэн гэдэг. Гэвч атаа хорсол, өшөө авалтаар ертөнцийг хэмждэг тэр хүмүүс санасан санаандаа хүрч санаа амардаг бичигдээгүй хуультай ажээ.

Үл мэдэгдэх шалтгаанаар уран бүтээл, амьдрал хувь заяагаа хорлолтойгоор доромжлуулсан Борис Пастернакийг XX зууны аугаа их найрагч, Оросын уран зохиолын нинжин сэтгэлт гэж нэрлэдэг бөгөөд олон яруу найрагчид түүнийг оюун санааныхаа багшаа гэж хүндэлдэг.

Нинжин сэтгэлт яруу найрагч маань Москва хотноо алдарт зураач Леонид Пастернак, мэргэжлийн төгөлдөр хуурч Розали Кафуман нарын гэр бүлд 1890 оны хоёрдугаар сарын арванд төрөөд 70 жил ертөнцийн агаараар амьсгалахдаа хал үзэж, халуун чулуу ч долоосон нэгэн билээ.

Тэгэхдээ Б.Пастернак шорон, цөллөгт хүчинд автан Амь насаа алдсан эх орон нэгт олон сая хүнтэй хувь заяагаараа ижилсээгүй гэлээ ч XX зууны Оросын аугаа их утга зохиолын зовлон эдлэгчдийн тоонд зүй ёсоор орох төөрөг тавилантай байжээ.

Тэрээр өөрийн адил зовлонд унасан үзэг нэгт нөхөртөө хандан,

Цусгүй үхэл сэтгэлийн хүлээсэнд баригдаж

Цухалдаж битгий бачимд миний анд нөхөр!

Түүний оронд төрсөн биеэ асааж

Түнэр харанхуйд түймэр болон дүрэлз!

Үнэнийг нуусан битүү хөвчийг шатаа!

Үнэнийг дарсан хадан хясааг нураа!

Өнөөдрийг мартуулсан өчигдрийн нойрноос            сэрээ

Өөрөө дараа нь солир болоод харва!… хэмээн өөдрөг сэтгэлийн тэнхээ гарган бичиж байжээ.

Атаа хорслоор амьсгалдаг хэсэг бүлэг хүмуус тухайн үеийнхээ хэвлэлээр өргөн шүүмжлэл өрнүүлж, зохиолч Константин Федин, Леонид Ленов, Шалинян, хөгжмийн зохиолч Дмитрий Шостакович, уран зураач Владимир Лебедев нарыг үл мэдэгдэх шалтгаанаар хорлонтойгоор дайрч давшлахад нь Б.Пастернак тэднийг өмгөөлөн хамгаалсан юм.

Өнөөдрийн зүсэм талхнаасаа өнө ирээдүйн аугаа их үнэнг худалдан идэгч тэдгээр хүмүүсийн эгдүүцлийг ийнхүү хүргэсэн төдийгүй Пастернакийн зохиолыг нийтлэхгүй, зохиолчдын эвлэлд түүнийг ямар нэг ажилд оролцуулахгүй гэдгийг нууцаар шивнэлдэн тохиролцжээ.

Авьяас билиг дульхан түшмэл суудалтнуудын хорон явуулгаар Б.Пастернак өөрийн эрхгүй ганцаардлын шоронд оржээ.

Ганцаардал!… гэдэг хүн төрөлхтний зовлонгийн дээд цэг гэдгийг яс махандаа мэдэрсэн Б.Пастернакаас найз нөхөд нь бүгд л холдсоор л байлаа. Гэвч хүнд хэцүү үед нь гагцхүү өөрийнхөө үзэл бодол, яруу найраг нь авардаг байсан тухайгаа нэгэн найздаа бичсэн захидал нь нотолдог.

Өдөр ирэх тутам халаас нь нимгэрч буй нь яруу найрагчийн бас нэгэн зовлон байсан ч тэрээр гэртээ сууж орчуулгын ажилд шилжсэн юм.

Хүнд бэрх байдалд орсон гэр бүлээ гачигдал зовлонгүй байлгахын тулд маш их зүйлийг орчуулах ёстой байлаа. Эл утгаараа Оросын уран зохиолд түүний оруулсан хувь нэмэр гандан бууршгүй агаад. Гётегийн “Фауст”, Шекспирийн гол гол эмгэнэлтзохиол, Европын аугаа их яруу найрагчдын бүтээлийг орчуулсан явдал нь хожим монгол хэлнээ хөрвүүлэх буянт үйлсийн эхлэл болсон юм. Гэхдээ энэ бүхэн нь Б.Пастернак шиг яруу найрагчийн хувьд хоёрдугаар зэргийн ажил байсан. Өөрөөр хэлбэл, энэ нь мөнгө олох дайвар ажил бөгөөд үнэндээ хоёр жилд гүйцээнэ гээд арван жил бичсэн “Доктор Живаго” гэдэг дэлхийд шуугиан дэгдээсэн роман дээрээ ажиллах боломж олгосон юм.

Гэвч Б.Пастернак өөрийн эсрэг нууц хуйвалдаан явуулж буй улс төрийн дээд хүрээний түшмэлүүд болон тэдний гар хөл бологч хэсэг долдой зохиолчдод голоо харлатал гомдож байсан хэдий ч “гомдож гутрахгүй баяр жавхлантайгаар амьдрах болно” хэмээн өөрөө өөртөө итгэл өгсөн нэгэн захидалдаа эрс шийдмэгээр бичсэн буй. Гэхдээ уран зохиолын амьдралаас хөндий тасархай амьдрал нь түүнд давахад хэцүү яггүй даваа байсан нь ойлгомжтой. Учир нь Б.Пастернак үг хэлэх эрх чөлөөгүй, уран зохиолын чөлөөт амьдралгүйгээс болон зохиолчийн оюун санаа, сэтгэл зүрхэнд багтаж байдаг уншигч олноосоо тасархай байгаадаа сэтгэл ихэд түгшиж байжээ.

Борис Пастернак “Доктор Живаго” романаа өөрийн уран бүтээлийн оргил гэж үзсэн бол уг роман нь түүнийг дэлхий дахинд алдаршуулснаас гадна түүний хувь заяанд нэгэн шинэ эмгэнэлт хуудас нээсэн. Анх 1957 онд итали хэл дээр хэвлэгдсэн “Доктор Живаго” дэлхийн дахинд ялалтын бахархал болсон бол харин зохиолчийг эх оронд нь таагүй хүлээн авч улам харгис хатуугаар дайран давшилсан юм. Энэхүү роман 30-аад жилийн дараа ЗХУ-д анх удаа хэвлэгдсэн боловч түүнийг нэгэн санаагаар хүлээн аваагүй гэдэг. (Б.Х.).

Коммунист Засгийн газрын үүрэн дээр атомын бөмбөг мэт дэлбэрэхээр ийнхүү хугацаагаа хүлээсэн “Доктор Живаго” романы тухай нэлээд хачирхалтай өгүүллийг сонинд хэвлэлд бичсээр л байлаа. Түүний зохиолыг нэг бол ангийн ёсны зүйл, эсвэл таавар таамнал гэж үздэг байв. Тэгтэл түүнд таавар таамналын ч, гайхмаар ч юм байхгүй зөвхөн уран зохиолд байх ёстой шинэ үзэгдэл төдийгүй хэдэн арван жилийн турш хийгдээгүй байсан нэг алхам гэдгийг ердөө ойлгохгүй байлаа.

Тиймээс ч Б.Пастернак 1958 онд Ренате Швейцарьт бичсэн захиандаа “Миний бичсэн “Доктор Живаго” романы Лорагийн эх дүрийн тухай “Дайны дараа би залуу бүсгүй Ольга Всеволовна Ивинскаятай танилцсан. Тэр бол баяр баясгалантай амь биеэ хайхардаггүй эмэгтэйгээр дүрслэгдсэн. Тэр эмэгтэй зохиолчийн бүхий л хөдөлмөрийг минь оюун ухаанд зориулагдсан” хэмээн бичиж байжээ.

Эл гайхамшигт зохиолын цаана эмгэнэлт дурлалын зангилаа нуугдаж байлаа. Романы баатар эмэгтэйн эх дүр нь Б.Пастернакийн хэзээний хайртай Лорагаас дутуугүй халуун дурлалдаа шатсан Ольга Ивинская юм. Гэвч Борис, Ольга хоёр учирсан түмэн зовлонгийн учир шалтгаан нь “Живаго эмч” роман юм.

Шударга бус коммунистууд Б.Пастернакт улс төрийн хатуу шахалт үзүүлсээр л байсан. 1958 онд “Европын уянгын яруу найрагт гарамгай амжилт гаргаж, аугаа их Оросын үргэлжилсэн үгийн зохиолын сайхан уламжпалыг үргэлжлүүлсэн учир” гэсэн томьёололтойгоор Нобелийн шагналыг Б.Пастернакад олгожээ. Дэлхийд нэр хүндтэй уран бүтээлчийн хувьд энэхүү шагнал авах бүрэн эрхтэй романаа Б.Пастернак хэвлүүлэхийг хүссэн боловч зөвлөлтийн Зохиолчдын эвлэлээс хориглосон шийдвэр гарч, энэхүү бөөн будилаан нь хуурай өвсөнд тавьсан түймэр мэт газар авлаа.

Сэтгэлийн хөөрөлд автсан цаг үе нь мөшгиж мөрдөөд зогсохгүй хорих лагерьт суусан түүний дотны хань Ольга Ивинскаяаг яллах гэж элдвээр сүрдүүлж байв.

Зохиолчийг ийнхүү хорлохыг санаачлагч нь Н.Хрущев байсан боловч тэр цагийн ЗХУ-ын хаан бус үнэн хэрэг дээр Б.Пастернакад атаархсан хэсэг бүлэг хүмүүсийн хорт явуулга байв. Амьсгалах агааргүй болсон Борисыг “нэг бол Нобелийн шагналаа ав, эс тэгвэл эх орноосоо бүрмөсөн яв” хэмээн Н.Хрущев тулган шаардсан аж.

Стокгольмд буй Нобелийн хороонд явуулсан цахилгаан утсандаа “Хязгааргүй баярлаж, сэтгэл уяран, бахархаж гайхал төрлөө” гэж бичиж байсан Б.Пастернак таван хоногийн дараа өөрийн эрхгүй “Би шагнал авахаасаа татгалзаж байна” хэмээн гунигтай захидал дахин Нобелийн хороонд илгээжээ.

Аравдугаар сарын гучин нэгэн буюу тав дахь өдөр Борис Леонидович Төв Хороонд “Хүндэт нөхөр Никита Сергеөвич ээ, би танд болон ЗХУКН-ын Төв Хороо, Зөвлөлт засгийн газарт хандаж байна. Намайг ЗХУ-аас явахад ямар ч саад хийхгүй гэдгийг би мэдлээ. Энэ нь миний тухайд ямар ч боломжгүй зүйл. Би Орос оронд төрж, ажил амьдралаа түүнтэй холбосон болохоор өөрийнхөө хувь заяаг түүнээс ангид үзэж чадахгүй. Ямар ч байлаа гэсэн барууны орнуудад намайг тойруулан улс төрийн шуугиан дэгдээж дэвэргэсэн шиг би тэгж төөрөлдөн алдаа гаргасан гэж бодохгуй байна. Би энэ нөхцөл байдлыг ойлгон Нобелийн шагналаас сайн дураараа татгалзсанаа Шведийн академид шууд мэдэгдсэн. Харин эх орноосоо гарч явна гэдэг надад үхэлтэй эн зэрэгцэх хэцүү асуудал учир эцсийн ийм арга хэмжээг авахгүй байхыг хүсье. Би Зөвлөлтийн утга зохиолд ямар нэг хэмжээний үр өгөөжтэй зүйл хийж, нэмэр хандив оруулна гэдгээ тангараглая” гэсэн амлалт бичиж өгчээ. Түүнийг Н.Хрущевт захидал явуулсан энэ өдөр Москвагиин зохиолчдын байгууллагын хурал болж, Борис Леонидовичииг эвлэлээс хөөснийг нийтээр сайшааж, Зөвлөлтийн иргэн байх эрхийг хасах явдлыг шийдэх гэж байв. Улс төрийн хор найруулагчдын зохион байгуулсан хуралд оролцогчид “Би “Доктор Живаго” романыг тун анхааралтай сууж уншлаа. Тэгээд бүр нулиммаар санагдав”, “Пастернакийн түүх бол урвагчийн түүх юм”, “Доктор Живаго” бол манай ард түмэн рүү нулимсан шүлс юм” хэмээн дуу дуугаа авалцан индэр дээрээс түүний эсрэг зохиолчид шүүмжлэн давшихад нөгөө хэсэг нь хөгжилдөн инээлдэж, алга ташиж суусан гэдэг.

Нобелийн шагналын түүх ийм л эмгэнэлтэйгээр түр боловч төгссөн юм.

Яруу найрагч Нобелийн шагналаас татгалзсан явдал нэгталаас өөрт нь маш эмгэнэлт явдал болсон төдийгүй нөгөө талаасаа өөрөө ёс суртахууны хоёрдмол санаа сэтгэлээсээ салсан юм. Нэг үгээр хэлбэл ирээдүйд ялахын төлөө түр ялагдах ёсон буй гэдгийг шийдсэн билээ.

Харин хэзээ хойно Н.Хрущев “Доктор Живаго” романыг уншиж үзээд “Нөхөд минь энэ зохиол чинь хааж боогоод байх зүйл биш байна шүү дээ” гэж дуу алдан гайхсан гэдэг. Юутай харамсалтай хорвоо вэ?

Хэрвээ тэрээр хүмүүсийн явуулгад хуурталгүй өөрөө уншаад үзсэн бол нэгэн их хүний амьдрал хувь заяаг үзэгнийхээ үзүүрээр өөрчлөхгүй л байсан даа. Нэгэнт хөдөлсөн галт тэрэг тооромсгүй болсон бол тулгарч ирсэн аюулыг яав ч зайлуулах аргагүй болдог. Тэгвэл Б.Пастернак өөрт тохиолдсон гутамшигт бүхнийг сэтгэлийнхээ хатаар давж гарсан цөөхөн яруу найрагчдын нэгэн билээ. Гэвч хүний сэтгэл гэдэг баадуу шиг үргэлж чангалаастай байж болдоггүй ажээ. Өчүүхэн төдий дэмжлэг л өгөх юм бол ганцаардлын шорон болсон тэр торыг тас татан туурвин бүтээдэг жамтай бөгөөд энэ үедээ “Нобелийн шагнал” гэдэг алдарт шүлэг бичиж үлдээсэн. Хэвлэгдээгүй зохиолд цаг үе нь хэрхэн тусгагддаг вэ, түүнтэй нэг адил түүний роман цаг үеийг тусгасан. Гэхдээ “Доктор Живаго” бол чөлөөт хувь хүний хүчирхийллийг эсэргүүцэгч, ноёрхуу үзлийг үл таашаагч, хуарангийн ахуй, тэгшитгэхгүй салангид, бие даасан, олон өнгө аястай амьдралыг муугаар үздэгийг эсэргүүцсэн бүтээл юм. Тийм учраас “Доктор Живаго” бол аливаа хүчээр түрэмгийлэх явдлын эсрэг аажмаар тэсрэх бөмбөг байсан.

Цаг үеэсээ хамаарч тэсэрч чадаагүй тэр бөмбөг цаг үргэлж бэртэгчингүүдийг түгшээсээр тэдний орчлонд үлдээсэн нүглийнх нь үүрэн дээр хожим дэлбэрсэн билээ. Хүн амьдралдаа хэлмэгдэж болно. Дараа нь хүн ёсны нөхвөр олж цагаадаж ч болно. Гэвч эцсийн эцэст ялалт байгуулаагүй л бол гунипгай шүү дээ. Тэгвэл Б.Пастернак ялагдаагүй ялсан юм. Ялагдаагүй ганцаардсан энэ их хүн Сталины харгислалын үеийг даван туулж, Хрущевийн дулаарлыг үзэхдээ ажраап/й ч насны төгсгөлд эх орныхоо иргэн байх эрхээ хасуулж, хүчинд автаж Нобелийн шагналаасаа татгалзсан домогт яруу найрагч маань үзэл бодолдоо үнэнч байсаар 1960 оны тавдугаар сарын 30-нд хүнд өвчний улмаас 70 насандаа сүүлийн амьсгалаа отголжээ.

Эрх тушаалаа ашиглан ард түмнийхээ хөрөнгөөс өвөр түрийгээ дүүргэж аваад аажмаар хууль ёсны нэгж болон өсөн өндийсөөр хорт явуулгаар хүмүүний амьдралыг гутлын алчуур болгодог хүмүүст хандан “Эрх дархаар хөөцөлдөөд нэр нүүрээ бүү алдагтун” хэмээн Б.Пастернак захисан юм. Нинжин сэтгэлт яруу найрагчийн захиасыг Монголын зохиолч нарт хандаж хэлсэн миний ариун сэтгэлийн уриа болог! Гүйцээ!

Москва хот

Эх сурвалж: Б.Хишиг-Ундрал “Ялагдаагүй ганцаардал” УБ 2016 ном

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ