Хахуулийг нь өгье, хүүхдийг минь аваач

2013-08-23

Б.УРАН

Энэ хорвоод хүн болж төрөх нь зүүний үзүүрт тогтсон нэг ширхэг будаатай адил ховорхон хувь тохиол юм гэнэ лээ. Тэгвэл өнөө цагт хүүхдээ улсын цэцэрлэгт оруулахын тулд яг л хүн болж төрөхтэй ижил хувь тохиолын асуудал болчихжээ. Эрхэм уншигч танаас асууя. Ирэх даваа гаригт цэцэрлэгүүд цөөхөн тооны шинэ хүүхдүүдээ бүртгэнэ. Та тэр өдөр өглөө хэдэн цагт очиж дугаарлахаа төлөвлөсөн л биз дээ. Би лав урьд орой нь очиж зогсоно гэж бодож байгаа. Тэгэхгүй бол хүү минь цэцэрлэггүй үлдэх гээд байна. Тэр яах вэ. Бүр аль 15-ны өдрөөс очерлож байгаа хүмүүс байна цаана чинь. Ирсэн очероо цаасан дээр бичүүлж, ирэх даваа гариг хүртэл хүлээж байна гэнэ.  Зарим эрхлэгч нар энэ жилийн шинэ ханшийг хэдийнэ багш нартаа зарлачихсан сурагтай. “Та нар хүүхэд оруулна гэж бодож байгаа бол ханш нь 250-300 мянган төгрөг байна шүү” гэж ил цагаан хэлсэн гэнэ. Энэ ч бас бага тоо юм. 500 мянгыг нэхэх нь энүүхэнд гэж хүүхэдтэй хүн бүр гомдоллож явна. Гэсэн ч гомдоллоод яахав дээ. Багтдаг л юм бол хахуулийг нь өгөөд хүүхдээ оруулья. Тэртэй тэргүй нэг сар хувийн цэцэрлэгт явуулах төлбөр шүү дээ гэж нөгөө эрхлэгч хэлсэн гэсэн. Үнэн юм чинь яах юм. Бүтэн жил хоёр сая төгрөг төлж байхаар нэг удаа 500 мянган төгрөг өгчихсөн нь хямгатай биз дээ. За бас хүүхэд цэцэрлэгт оруулж чадах хүн тун эрэлттэй байна цаагуур чинь. Тэр цэцэрлэгт хүүхэд оруулж өгөөч, энэ цэцэрлэгийн эрхлэгчийг таних хүн байна уу, яам тамгын газарт хаалга байна уу гэсэн асуулт твиттерээр дүүрэн. Ингээд бодохоор ирэх бүтэнсайнд цэцэрлэгийн гадаа хоноод хэрэг нь гардаг л байгаа даа. Аягүй бол хүүгийн минь оронд хэн нэгэн арын хаалга сайтайнх нь хэдийнэ бэлэн болчихсон байх вий. Манай хотын гурван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт орж чаддаггүй. Тэр хүүхдийн аав, ээж нь өнөөгийн нийгэмд сэргэлэн бус, хэтэрхий шударга, бас ядуу, тэгээд азгүй хүмүүс. Нэг аавыг цэцэрлэгийн гадаа хөнжил пүүгээтэй хонох гэтэл эрхлэгч нь гарч ирээд нэрийг нь бичиж аваад тайвшруулаад явуулчихаж. Тэгээд өглөө иртэл аль хэдийнэ бүртгэл нь дүүрчихсэн байж. Ингээд хүүдийнхээ төлөө нэг шөнө гадаа хоночихож чадаагүй ааваас болж гэр бүл салахдаа тулсан хэрүүл болсон гэнэ. Дөнгөж саяхан ийм юм уншлаа. Яасан ч хэцүү юм бэ дээ. Ингээд цэцэрлэгт орж чадаагүй хүүхдээ гэртээ цоожлоод орхихоос аргагүй. Хөөрхий хүүхдээ орхиж чадахгүй гэвэл хэн нэг нь ажлаасаа гарч, тэр өрхийн орлогын тал нь байхгүй болно гэсэн үг. “За яахав. Заавал есдүгээр сарын 1-нд оруулаад яахав. Жаахан жигдрээд ирэхээр хэн нэгнийх нь хүүхэд ханиад шуухинаа хүрээд орон тоо гарах биз. Тэр үед нь оруулчихаж болох байлгүй” гэж өөрсдийгөө тайвшруулан суугаа нэгэн ч байна. Ямартай ч хүүхдийн цэцэрлэг хүн бүрийн толгойны өвчин болжээ. Ингээд бодохоор бид хүүхдэд тун ээлгүй улс юм даа. Өч төчнөөн барилга байшин өдрөөс өдөрт сүндэрлэсээр атал нэг нь ч хүүхдэд зориулагдаагүй. Өнөөх алт, зэс, нүүрснээс олж байгаа ашгаас хүүхдэд зориулсан нь бас л үгүй. Гудамж талбайд ганцхан зуныг өнгөрүүлэх элдэв чамин өнгөтэй хятад цэцэгнүүдэд хэдэн тэрбумаар нь хөрөнгө зарж байна. Жил бүр л хотын гудамжны хавтангуудыг дахин дахин солих юм, яасан ч хэврэг юм тэр нь. Бас л бөөн мөнгө. Чанар муутай замаа хуулаад дахиад л тавьж байна. Хүмүүс ээ, хүүхдэд зориулаад хэдэн байшин барьчих л даа. Сөгдөж мөргөөд ч хамаагүй гуйя. Хэрэв тэгвэл уралдааны морьд шиг өөрсдийгөө сойж буй хэчнээн аав ээж, эмээ өвөөг баярлуулах бол.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ