Уран зохиол: “Аугаа эрин” романы агуулгын тайлал оршвой

2019-03-23

/Бодол эргэцүүлэл/

Б.Номинчимэдийн “Аугаа эрин” романыг ихэд сонирхон уншлаа. Уншиж дуусаад алмайран гайхалзав. Бодол санааг минь үймрүүлж, борхон зүрхийг минь үерлүүлж орхив. Гайхалтай. “Монголын нууц товчоо”-г зохиогч өөрийнхөөрөө тайлж бүхэл бүтэн роман болгон цааснаа буулгажээ. Тэгэхдээ шууд хуулбарласангүй. “Монголын нууц товчоо”-ны бичлэгийн арга зүйг орчин үежүүлж бичсэн мэт. Дэлхийн утга зохиолд хүч түрэн орж ирж буй “шидэт реализм” гэх туурвил зүйн аргыг анх удаа монгол романд туршиж туйлын бүтээлчээр ашиглажээ. Өгүүлэмжийн асар сонирхолтой арга чаргыг хэрэглэж утгын сүлжээг угалзлуулж мэтгэн урласан мэт санагдана. Калашниковын “Догшин зуун” зэрэг романыг уншихад “Монголын нууц товчоо”-ны агуулгын шугамыг алдагдуулалгүй хадгалж, уран зохиолын шинэ дүрээр баяжуулж шигтгэж өгсөн байдаг. Б.Номинчимэд харин тэгсэнгүй. Өөрийнхөөрөө явж үлгэр домог, ид шидийн ертөнцөөр аялуулах адил сүлжилдүүлж тэнгэр газартай тэврэлдүүлэн бас тэрсэлдүүлэн хослуулжээ. Энэ нь маш зөв шийдэл болсон байж тун болзошгүй аж.

Учир нь “Монголын нууц товчоо”-ноос илүү гарч бичнэ гэж ер үгүй. Бараг байхгүй. Орос Зөвлөлтийн /Киргизийн/ нэрд гарсан том зохиолч Чингиз Айтматовтой олон жилийн өмнө Фрунз хотноо /Өнөөдрийн Бишкек/ уулзалдаж ярилцсанаа тодхон санаж байна. Би түүнээс хоёр зүйлийг сонирхож асуусан. Чингиз гэдэг чинь Чингис гэсэн нэр мөн үү гэхэд мөн гэж хариулсан. Таны уянгын тууж, романы нууц нь чухам юунд байна гэж сониучирхсан. Өндөр дээд өвгөдийнхөө үүх түүхийг өгүүлсэн “Алтан товч” зэрэг алдар суут судар бичгээс амлаж хөхөж өссөнд байгаа болов уу гэж өгүүлж байж билээ. Тэр бичгийн их хүн сүүлд нэгэнтээ Чингис хааны тухай зүгээр нэг биччихэж болохгүй юм байна. Тэр бол тэр чигээрээ өөрөө үлгэр туульс, дом домог, зүүд нойр, зөн совин, ид шид, хувилгаан тэнгэр юм байна гэсэн утгатай үг хэлсэн гэдэг. Айтматов авгайн ойлгож чадаад онцолж тэмдэглэсэн ид шидийн домог роман ширээн дээр минь байна. Энэ бол “Аугаа эрин” роман.

XII-XIII зууны Монголын эзэнт гүрэн, эзэн Чингис хааны их үйл хэргийн тухай газар газрын эрдэмтэн мэргэд янз бүрээр тайлбарлаж, зүйл бүрийн гаргалгаа гаргасан нь бий. Цөөхөн монголчууд яаж ийнхүү хүчирхэгжиж чадав, яагаад 150 жилийн турш Ази, Европыг дамнан холбож үргэлжилсэн энх амгаланг тогтоож чадав, учир утга, увидас нууц нь юунд байнам гэж өнөөдөр ч асуусаар бас хариулт нэхэгдсээр байгаа. “Монголын нууц товчоо” яагаад “Дээд тэнгэрээс заяат төрсөн…” хэмээн эхэлдэг юм бол. Үүнд ямар нэгэн нууц тайлал, ид шид байгаа юм биш биз? Б.Номинчимэд шинэ романаараа үүнд хариулт өгч байгаа юм бишүү гэж надад бодогдов. Харьцангуйн онолыг нээгч аугаа физикч Альберт Эйнштейний “Хар нүх”-ний талаарх таамаглалыг гялалзтал батлан нотолж хамгийн үнэмшилтэйгээр тайлбарлаж хүн төрөлхтөнд ойлгуулж чадсан алдарт эрдэмтэн Стивен Кокин өөрөөсөө, бас биднээс нэг зүйлийг байн байн асууж, бас  анхааруулан сэрэмжлүүлдэг байсан. “Бид хэн бэ, яах гэж энэ дэлхийд ирсэн юм бэ?

Ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ, эрхэс тэнгэрээс эрхэмлэж хүлээлгэсэн өгөгдөл нь юу юм бол” хэмээн цөхрөлтгүй нэхэгч тэр суут хүмүүн эх дэлхийгээсээ саяхан буцахынхаа өмнөхөн хүн төрөлхтөнд “Хүчээ нэгтгээд хамтран ажиллаарай. Дэлхийн даац хэтэрлээ шүү, 2600 оноос цааш дааж чадахгүй болсон. Хөлөг пуужингаа бэлтгээрэй, хүн төрөлхтөн төрөлх өлгий болсон газар дэлхийгээ гарцаагүй орхихоос өөр аргагүй” хэмээн захиаслан гэрээсэлж үлдээсэн.

Нээрээ бид хэн бэ, яах гэж хүн болж төрж энэ дэлхийд ирсэн юм бол, ямар үйл хэргийг яаж хийж бүтээх учиртай юм бол. Эрхэс тэнгэрийн зарлиг соёрхол нь юусан бол гэж өөрийн эрхгүй бодогдном. Хүний биеийг бүрдүүлэхэд нүүрс төрөгч чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэрхүү нүүрстөрөгч нь эрхэс тэнгэр-оддын хаялга гэлцнэм. Тэгэхээр зөвхөн нарны систем, гариг дэлхий төдийгүй хүмүүс өөрсдөө бас оддын тасархай болж таарч байна. Яг энэ үүднээс Б.Номинчимэд “Аугаа эрин” романаа туурвиж их эзэн Чингис хаан, XII-XIII зууны үеийн Монголын эзэнт гүрний аугаа хүчирхэгжилтийн нууцыг өгүүлэн хүүрнэсэн юм биш үү гэж гэнэт бодогдоод явчихав. “Аугаа эрин” романыг анхааралтайгаар уншиж ахин дахин эргүүлж үзвээс багагүй нууц энд булаастай байх шиг. Түүнийг өөрийнхөө ойлгосноор тайлах гэж оролдвол яадаг юм бол, зөв ч бай буруу ч бай бусдад санаа сэдэл өгөг л дөө гэж бодогдов.

Романд ил тод бичигдсэн, өгүүлсэн зүйлсийн цаана бичигдээгүй далд өгүүлэмжүүд арвин. Яг л мөсөн уулын орой төдий нь бидний нүдэнд ил харагдаад, үлдсэн үлэмж том их бие нь бидэнд харагддаггүйтэй адилхан. Тэдгээрээс анзаарч ажигласнаа энд товч тэмдэглэв. Оносон эсэхийг мэдэхгүй. Мэргэн уншигчид өөрсдийн оюун ухаандаа тунгаан бодож бясалгана буй заа.

Сүбээдэй баатар хэрхэн төрөв

Аугаа эринийг бүтээх хувь заяанд төрсөн хүмүүс эхээс эгэл жирийн байдлаар төрж  мэндлэх үү? Үгүй л болов уу. Тэгвэл эл сэдвийг “Аугаа эрин” романд хэрхэн шийдвэрлэж вэ гэдгийг сонирхон сонжлоо.

Роман эхлэхэд Хабал дархан их уулсын оргилд үүрийн үнэгэн харанхуй нөмрөх үеэр өгсөн гарч, Тэнгэрийн оддын хотол нүүдлийг ажиглан хардаг. Тэгээд зогсохгүй тэнгэрт гал одон тохиох цагтаа тохиогоогүйг, тэр бүү хэл тэр оддын дор шинэ од гарч ирээд буйг ч анзааран ажигладаг. Тэгтэл нэгэн учир битүүлэг хонхны жингэнээ сонсогдоно. Анзаарваас тэрхүү Гал одны дор шинээр гарч ирсэн бяцхан од анивчихуй тэрхүү болор хонхны дуун гарч байгааг бүх бие сэтгэлээрээ мэдэрнэ. Тэр тухайгаа Сэлэнгийн мөсөн дээр ахтайгаа ярилцахуй ах нь түүнд хариу учир битүүлэг үгс хэлэх ажээ. Уншигчид тэдгээр үгийг санах биз. Тэр учир битүүлэг үгс бүгд хожмоо “Аугаа эрин” романд ар араасаа уншигдан тайлагдаж байна.

Эрч хүчээр эрэлхэж бялхсан Хабал гэртээ эргэн ирж, удалгүй эхнэр нь жирэмслэнэ. Ерийн бус, шидтэн мэт нууцлаг Үсүн өвгөн гэнэт хүрч ирээд түүнд илдний захиалга өгнө. Хабал Тэнгэрийн солир буухтай санаандгүй таарч, бас аварга том биерхүү үлгэр домгийн гэмээр эртний өвгөнтэй уулзалдана. Өвгөн түүнд тэнгэрийн галд ариудсан солироор хэрхэн илд хатаах арга, дом, ёр билгэ бүгдийг мөн учир битүүлэг үгсээр хэлж өгнө. Зүүд зөн мэт учир үл ойлгогдох тэр өвгөн өөрийнх нь улс хэрхэн юуны учир сүйрсэн тухай, хүү нь хэрхэн үхэж үрэгдсэнийг, өөрөө юунд өдий болтол өргөн дэлхийгээр хэрэн хэсэн тэнүүчилж яваагийнхаа учрыг ч хэлнэ. Тэгээд чи үүнийг хий. Энэ чиний үүрэг гэх ба нэмж ид шидийн илдийг хийх цаг нь одоо болсон гэсэн утга бүхий үгс хэлэх ажээ.

“Аугаа эрин” романд энэ мэтээр битүүлэг олон үйл явдлууд ээлжилсний эцэст Өвгөний хэлсэн ёсоор Хабал дархан ирт илдээ шуудран дархлаж эхлэв. Хабал үлгэр домгийн мэт өвгөний хэлснээр илдээ давтаж дуусгах яг сүүлчийн агшинд тулж ирэв. Өвгөн түүнд хорын хариулга 23 удаа гэх мэтээр олон дом хэлж өгсөн. Түүний хамгийн сүүлчийнх нь илдээ үүр шөнийн тачигнасан жаварт, оддын гэрэлд хатаах ёстой, тэгэхдээ амьд халуун цусны ууран дээгүүр илж байгаад хэмээжээ. Гэхдээ муу зүгийн тэнгэрүүд тэр илдийн эсрэг муу юм хийж магадгүй тул давхар өөр нэгэн хуурамч илд хийх хэрэгтэй. Тэгээд илдээ улайтгаад шагайж тэнгэр харна. Хэрвээ оддын наагуур хөх манан бүрхсэн байвал хуурамч илдээ гаргах ёстой. Тэгэхэд тэр хуурамч илдэнд хөх манан ирж шингээд, хар хорын хүч хууртсаны дараа жинхэнэ илдээ гаргах учиртай гэжээ. Гэвч энэ өдрийн тэнгэр цэлмэг байв. Тиймээс Хабал дархан жинхнээ хавчаарт зуулгасаар гарч иртэл арван сараа гүйцээсэн ч төрөх шинжгүй байсан эхнэрийг нь  гэв гэнэтхэн тайгаас үзэгдэж харагдаагүй аварга, гал бадарсан нүдтэй чоно дүүлэн хүрч ирээд гэдсийг нь хүүлэн хагалаад, ургийг нь гаргачихсан байна. Бүр хүйг нь тасалчихсан, эхийнхээ ихэс дотор арвалзах нярайг долоож байх ажээ. Балмагдсан Хабал улайдсан илдээ чонын цээжинд зоож орхив. Чоно илдийг цээжиндээ зоолгосон чигээр тайгын зүг эрчлэн алга болов. Үүр цүүрээр ингэж ирсэн хүүгээ нэгэнт үхсэн гэж итгэсэн Хабал хөмөн гутлын эсгий оймсонд хийгээд хадан ангалд тавьчихаад буйр сэлгэн бушуухан нүүнэ. Замдаа үл мэдэгдэх хар дайчидтай тулж, “санамсаргүйгээр” мөс цөмөрч, хүүтэйгээ азаар амь аврагдав. Энэ шөнийн учир битүүлэг энэ олон үйл явдлуудыг Хабал дархан эргэж нэгд нэгэнгүй эргэцүүлэн бодолхийлтэл  нэгэн сэжиг төрнө. Шинэ мэндэлсэн хүү амьд байгаа гэж. Тэгээд эргэж яаравчлан хүрч ирээд бууриа эргэхэд хүү үнэхээр амьд байв. Харин тэрхүү хүүг тавьсан хадан ангалын эргэн тойронд өд сөд ихээр бутран, амь өрссөн ач тач ширүүн тэмцэл болсон нь илт ажээ. Урьд өмнө үзэгдэж харагдаагүй хар шувууд алсуур тойрон сууцгаасан байх агаад тэрхүү хадны орой дээр тайгад ер үзэгддэггүй алтайн бүргэд суугаад хошуу юугаа цэвэрлэх ажээ.

Тэр хүү хэн байв. Романы хоёр болон гуравдугаар бүлэгт Арсун мэргэн гэх нэгэн дүр гарч байна. Түүнд дээдсээс нь өвлөсөн ид шидийн мэт илд бий. Арсун өөрөө Сүбээдэй баатрын ач хүү болно. Тэгэхээр тэмдэг татуулж төрсөн тэр хөвүүн бол Сүбээдэй баатар болох нь аяндаа батлагдаж байна. Ингэж Сүбээдэй төрөв. Баатар хөвгүүн балт илдтэйгээ хамт эх дэлхийд мэндэлж буйг зохиогч урамтай сайхнаар урлан товойлгож дүрслэн харуулжээ.

Тэр Хабалын үздэг Гал од бол дэлхийн аль ч оронд Дайны тэнгэр гэгддэг Марс одон болой.  Монголчууд Гал од гэдэг. Гал одны тохиолоор газар дэлхийд ямар нэгэн онцгой содон үйл явдал, их дайн самуун буй болдог гэсэн ойлголт бас аль ч оронд түгээмэл. Эртний Ромчууд түүнийг дайны бурхан Юпитерээр төлөөлдөг байв. Гал одны дорх шинээр гарч ирсэн оддын хамгийн сүүлчийнхээс ирэх тэр жингэнэсэн аялгуу бол Сүбээдэйн амь Хабалд ирж буйн дохио биш үү? Монголчууд хүний амь буюу сүнс нь тэнгэрээс эцгийн үрийн сүнсээр дамжин ирдэг ба харин эх түүнийг газар дэлхийн шимээр угтан тэтгээд хүн болгож төрүүлдэг гэж үздэг билээ. Тиймээс эцгээ Тэнгэртэй, эхийгээ Газартай адилтгадаг. Газрыг Этүгэн эх гэдэг, Тэнгэрийг Эрхэт эцэг гэдэг. Гол нь тэр цувраа одод нэг биш хэд хэд, магад энэ нь ес юмуу арав ч байж болно. Чингис хаан болоод түүний есөн өрлөг бишүү?

Ийнхүү ер бусын дохио тэмдгээр мэндлэх гэж буй хүүг түүний эсрэг зүгийн тэнгэр, үгүй ядахдаа хожмоо түүний илдэн дор сөхрөх 60 үндэстнийг хамгаалагч тэнгэр буюу ямар нэгэн хүчирхэг сүнс яалаа гэж зүгээр амар жимэр төрүүлэх билээ. Тэд хүүг эхээс төрөнгүүт алуулахаар хар хөх хүмүүсийг явуулсан. Мөн тэр хүүгийн баруун гартаа барих балт илдийг нь  бас булааж авхуулах гэж оролдсон. Тэнгэрт хөх суунаг үүл суулгаагүйн учир ингэж тайлагдана. Яагаад гэвэл тэр ид шидэт илдийг зөвхөн Хабал л дархалж чадна. Тэрбээр авшиг эрхийг нь хан тэнгэрээс авсан учраас тэр. Тиймээс сөрөг тэнгэрүүд, сөрөг тал тэр илдийг зүгээр устгахгүй, харин Хабалаар бүрэн хийлгэж аваад, дууссаны өглөө хар хөх хүмүүс ирж хат нь ханаж, шид нь амилсан илдийг  авч, бас тэр илдний эзэн хүүг ч алж хөнөөх ёстой байжээ.

Гэтэл газар дэлхий рүү тов тодорхой үүрэг даалгавартайгаар илгээж буй хүүгээ (Сүбээдэй)  сайн зүгийн тэнгэрүүд зүгээр нэг харж байгаад алуулж, илдийг нь эсрэг этгээдэд зүгээр өгөөд явуулчих гэж үү? Үгүй. Тэгвэл яасан байх вэ? Тэд чоно илгээсэн. Төрөх цаг нь болсон ч төрж өгөхгүй байсан хүүг одоогийнхоор бол хийсвэр хагалгаагаар гаргаж авсан ба чоно өөрөө долоосон нь тун нарийн учиртай. Грекийн домог дахь үхэшгүй Ахилл хэрхэн төрдөг тухай түүхэн өгүүлэмж санаанд орж байна. Ахиллыг төрөхөд тэнгэр түүнийг мөнхийн рашаанд зүүн өсгийнөөс нь барьж дүрээд гаргажээ. Тиймээс Ахилл үхэшгүй мэт. Гэвч түүнд ганцхан эмзэг цэг бий. Тэр бол өнөөх мөнхийн рашаанд дүрэгдээгүй үлдсэн зүүн өсгий нь. Тэрсэлдэгч тэнгэр нь Ахиллын дайсан Парист тэр нууцыг зааж өгснөөр Парис Ахиллын зүүн өсгийг харваж алдаг. Дэлхийн сонгодог утга зохиол, урлагт тийнхүү хүний хамгийн эмзэг цэгийг нэрлэх “Ахиллын өсгий” гэсэн хэллэг хүртэл буй болсон байдаг. Тэгвэл манай Сүбээдэй баатар  Грекийн Ахиллаас юугаараа дутах билээ? Чоно түүнийг долоосноор түүнийг үхэшгүй мэт буюу ямар ч зэр зэвсэгт эндэж шархтахааргүй болгов. Харин эцэг нь түүний цээжинд улайдсан илд зоосон тул чоно огло харайн буцахад хүүгийн зөвхөн баруун нүдэн дээр нь бяцхан салиа долоож амжилгүй үлдсэн байдаг. Тэр бол Сүбээдэйн эмзэг цэг. Тиймээс 60 гаруй дайн тулаанд орохдоо ганцхан удаа өнөөх баруун нүдээ л тэнэсэн суманд бэртээн бүрхэгдүүлсэн гэдэг домог бий. Монголчуудыг хөх чонын  удамт улс гэлцдэг билээ.

Хабал хүүгээ үхэв гэж итгэсэн тул хадан ангалд орхихоос өөр аргагүй болсныг уншигч авхай санаж буй бизээ. Эрт дээр цагт монголчууд баатар эрсээ эндэхээр нь хадан ангалд тавьдаг байжээ. Сүбээдэй төрөнгүүтээ л баатрын ёсоор хадан ангалд “оршуулагдав”. Ийнхүү бас давхар дом хийв. Тэр дайн тулаанд үхэшгүй болж дархлагдав. Хожмоо Сүбээдэйг өнгөрсөн тухай 2-р бүлгийн төгсгөлд нэгхэн өгүүлбэр бий. Сүбээдэй хөх чоно унаад тайгын зүг мөр гаргалгүй дүүлж одсон гэж. Жир бусаар төрсөн их хүмүүн бас жир бусаар нөгчмүй. Хэрвээ Хабал хүүгээ өөртөө авч явсан бол мөсөн ангалд лавтай алдах байсан биз. Тэрхүү үл мэдэх хар шувууд хүүг дайрч, түүнийг бүргэд хамгаалан тэмцсэний ул мөрийг зохиолд тод дүрсэлсэн. Тэнд ч бас бидний нүдэнд үл үзэгдэх, шууд үл ойлгогдох эсрэг тэсрэг хоёр ертөнцийн далд тэмцэл ямар нэг байдлаар илэрч буй болно.

Хэн болох нь мэдэгдэхгүй хар хүмүүсийн нууц ингээд дуусчихаагүй. Тэдний талаар Баарины Хунан өвгөн тун сонин зүйл өгүүлэх билээ. Тэрнийг уншигчид хэрвээ санаж буй бол бас л зарим нэгэн нууцлаг явдлын учир тайлагдах биз.

Ийнхүү Их баатар Сүбээдэй тэнгэрийн Гал оддын дагагч одноос хонхон дуу болон газар дэлхийд ирж, тэнгэрийн чоноор эх бариулан авахуулж, мөн долоолгожээ. Бас хадан ангалд “оршуулагдаж” эрлэгийн элчийг давхар хуурчээ.

Оддын цагаан гэгээнд, үүрийн жаварт, халуун цусны ууранд хатаагдах учиртай илдээ тэнгэр аргагүйн эрхэнд өөрчилж, тэнгэрийн чонынхоо амьд халуун цусанд хатаажээ. Тиймээс илд ялимгүй хөх, бас эльфийн илд мэт харанхуйд сугалахад ирээр нь хүйтэн хөх туяа татдаг болжээ. Энэ тухай үйл явдал романд ихэд үнэмшилтэйгээр дүрслэгдсэн байна.

Хабалын ах Жарчиудайн нэг үг бий. “Тэнгэрийн санааг таахад нэн бэрх”. Тэнгэрүүд биднээр үнэхээр тоглох ажгуу. Бид тэр бүхнийг тайлж эс чадна. Өөр олон далд үйл явдал буй ч ингэсхийгээд зогсох уу даа. Их эрдэмтэн Стивен Кокины бид яах гэж энэ газар дэлхийд ирсэн юм бол, ямар үүрэг өгөгдөлтэй юм бол гэсэн үг чихний үзүүрт жингэнэх шиг болж байна.

Тэмүчин хэрхэн төрөв

Есөн өрлөгийнх нь нэг Сүбээдэй баатар ийн ер бусаар төрсөн аваас Тэмүчин түүнээс ч эгэл бусаар төрсөн байж таарнаа даа. Тэмүчин эхээс төрж буй тухай романы энд тэнд хэсэг бусаг тасархай мэдээлэл бий. Гэвч тэдгээрийг тус тусад нь бус харин нэгтгэж нийлүүлж харвал ихээхэн хачирхалтай зүйл харагдана. Бас мэдрэгдэнэ.

Зохиолын эхний бүлгийн “Мөсөн дээрх яриа” хэмээх хоёрдугаар хэсэгт Жарчиудай, Хабал ах дүү хоёрын хооронд нэгэн дэл сул шахам яриа өрнөнө. Эхлээд уншихад нэг ч их ач холбогдолгүй, бараг хэрэггүй мэт, зохиогч юунд энд ингэж дэмий юм нуршаа вэ гэмээр… Харин “Тэнгэрийн илд” тэргүүн бүлгийг уншаад дууссаны дараа тэр ярианы үг өгүүлбэр бүр нь өөрийн тайлалтай, гүн гүнзгий утга учиртай, ард гарах олон үйл явдлуудаа нөхцөлдүүлсэн мэт санагдав.

Жарчиудай дүүдээ өгүүлснээр бол хар усан морин жилийн өвлийн эхэн сарын шинийн нэгний үүрээр “Дэлүүн болдог”-ийн оройгоос тэнгэрт тулсан цагаан солонгон багана боссон байхыг тэрбээр харжээ. /номын 28, 29 дэх талыг хар/ Яг ийм дүрслэл “Хөх судар”-т ч бас бий. Гэхдээ “Аугаа эрин”-д тэр солонгон багана агуулгын хувьд ихээхэн баяжжээ. Хачирхаж сонирхсон Жарчиудайг “Дэлүүн болдог”-т хүрч очиход Өэлүн үжинг нярайлсан гээд цагаан дээс татчихаад гэрт оруулсангүй. Ер хар дээс өвчин, үхлийн хориг байдаг гэдгийг мэдэх ч цагаан дээс бас өөр нэгэн хориг болдог бололтой. Тэгэхэд хашир гярхай “Жарчиудай тэнгэрт тэтгэгдэж, газарт ивээгдсэн хөвүүн төрөө буй за хэмээн сэтгэж залбирсан” гэнэ билээ. “Хожим сонсохуй баруун гартаа шагайн чинээ нөж атгасан хөвүүн төрсөн” тухай мөн дүүдээ сонирхуулан өгүүлнэ. Чухам “тэнгэрт тэтгэгдэж, газарт ивээгдсэн хөвүүн төрсөн буй” хэмээн итгэсний учир Зэлмийг “үүдээ сөхүүл, эмээлээ тохуул” хэмээн өргөсөн учраа ч дүүдээ хэлнэ.

Жарчиудайн залгаж хэлэх үг бүр сонирхолтой. Тэрбээр “…чиний оддын чимээг сонсдогоос ч, өнөөх тэнгэрт тулсан цагаан багана босдогоос ч хачирхалтай” гээд “Тэр намрын адаг сарын битүүний саран тавилгүй гурав хоносон юм. Хачин биш гэж үү?” гэж байна. /номын 32-33 дахь тал/ Үүнээс цаашхи ах дүү хоёрын ярианаас хэсэгхэнийг үг үсэг гээлгүй дор сийрүүлэн толилуулья.

Жарчиудай:

– Саран битүүрч гүйцсэний нөгөөдөр шинийн хоёрны саран ханын нүдэнд тохоод мартаж орхисон сэмж шиг сэрмийсэн юм сээр дээр нэг үзэгдээд өнгөрдөггүй биш билүү. Тэгтэл тэнгэр цэлмэг атал шинийн хоёрны саран харагдсангүй. Гурванд мөн таг дүл хэвээр байсанд хэн хүнгүй эхлээд гайхсанаа гурав дахь хоногоос айж гүйцэх нь аргагүй юм. Од мичид огтоос орчихгүй болчихсон мэт болохуй ард олон аюун түгшиж, ардаг догшин адуу малын ааш ч хүртэл зөөлөрчихсөн байсансан.

Хабал:

– Өө, тийм. Тэр явдлыг би сайтар санаж байнам. Тэр жилийн намар би Есүхэй баатрын зарлигаар Тоорил ханы Хар Түнийн шугуйд шинэхэн босгосон ордонд олон хаалганых нь цүүцийг давтаж суусан билээ. Намрын тэргүүн сарын шинийн хоёрны саран тэнгэртээ үзэгдэлгүй хоёр хоноход Тоорил ханы ордны шар зурхайч учраа олохыг байж, ухаан нь самуураад өндөр хэрмэн дээгүүр гүйж яваад хийсэн унаж, тэр чигтээ тэнгэрт талийсан даа. Тэгэхэд Тоорил хантан шар зурхайчийнхаа баруун гарын эрхий хурууг тасдаж аваад шөрмөсөөр чивчиртэл боож, босгоныхоо дор булж орхисон юм.

Ийм нэгэн яриа болов. Тэд цааш нь Үсүн өвгөн энэ талаар юуг өгүүлсэн тухай

“Өндөр дээд тэнгэр нэр

…Үхэл, амьдралын заагт

Үзүүлж харуулахын цагт

Өчүүхэн ухаж ойлгох биз…” гэх мэтээр ярилцана.

Ийнхүү сар битүүрээд тавилгүй гурав хоносны нууц бүр хойно гэв гэнэтхэн

тайлагдаж байх ажээ. Юутай ч би хувьдаа тийн бодов.

Номын 186 дугаар хуудсанд Тэмүчинг төрдөг тэр жилийн намрын сүүл сарын битүүний шөнө зүүдэлсэн Өэлүний зүүдний тухай бичжээ. “Үзүүр нь үүлэнд умбаад үл үзэгдэх үй олон хадан баганан дунд явна. Нэг хадан баганыг нь тойрохуй цаана нь бас нэгэн хадан багана сүүхийнэ. Тийнхүү хадан баганууд дотор хаачихаа мэдэхгүй явтал өмнө нь нэг бүсгүй яваа харагдав. Өөр шиг нь өнөө маргаашгүй болсон том гэдэстэй юм. Бүсгүйг дуудсанд, эргэж харахуй өөрийгөө үзээд Өэлүн учиргүй цочив. Бүсгүй ч мөн цочин, зэвхийгээд ирж буй нь анзаарагдана. Өэлүн аяархан дөхөж, хацарт нь хуруугаа хүргэж үзсэнд өнөөх нь мөн адил үйлджээ. Хурууных нь үзүүр цэл мөс оргино.

Тэр бүсгүй бас Өэлүн гэх нэртэй, гэтэл гуравдахь Өэлүн гарч ирнэ. Түүний араас цус дуссан хутгатай эр гэдсийг нь хагалахаар хөөх ажээ. Гурван Өэлүн гурван тийш зугтахад нэгийг нь хөөн одов хэмээн зүүдлээд сэржээ.

Тэр үеэр Есүхэй баатар эр цэргээ дагуулаад татарын дээрэмчидтэй хөөцөлдөөд явчихсан үе байжээ. Энэ зүүдний дараа нөгөөдөр нь сар тавьж шинийн хоёрны сар гарах ёстой байтал тавьсангүй ээ. Ийнхүү битүүний саран тавилгүй гурав хоноход Онон голын сав хөндий даган буусан бүхий л отог аймгийнхан муу ёр учрав хэмээн ихэд аюун түгшжээ. Есүхэйн хот айлынхан дайнд мордоцгоосон эрст нь элдэв муу зүйл учрав уу гэлцэн уйлан хайлж, үймэн сандарцгаав. Өэлүн ч өнөөх айдас хүйдэс төрүүлсэн зүүдээ санаж, эр нөхрөө дайнд шархдаж, эрсдэв үү хэмээн сэтгэл түгшин байжээ. Тэр айдас, түгшүүрийн хажуугаар нялх хонгор насанд нь сонсож асан нэгэн домог түүний санаанд орсон тухай зохиогч өгүүлнэ. Уншигч авхай та дорхи үг, өгүүлбэрийг тун анхааралтай уншаад үзээрэй.

“Умбаа хэмээх анивчаа зовхитой эмгэний дэнгийн гэрэлд хүүрнэдэг олон домгийн нэгэнд ийн өгүүлдэг билээ. Эцэг Мялаан Тэнгэр хийгээд Эжий Маяс Хар Төөдэй Тэнгэр хоёрын дундаас одод эрхсийн гэгээг сүүн цагаан болгож, Этүгэн газар дэлхийд сайны үрийг мөч хором бүрт цацлан байх нэгэн их хөвүүн төрөх болоход муу зүгийн хар тэнгэрүүд нийлэн тэр хөвүүн төрөх өдрийг харааж орхисон гэнэ. Түүнийг мэдсэн Эрхт Мөнх Тэнгэр одод тэнгэрсийн орчлыг таван өдөр зогсоож, хөвүүн төрөх өдрийг нэг бус тав болгож орхисонд Хар тэнгэрсийн хүчит хараал төөрөн замхарч, сүүн цагаан гэгээг биеэсээ туяаруулан гэрэлтэгч Хан Хормуст Тэнгэр хөвүүн төрсөн бөлгөө.”

Өэлүн ийм домог санах төдий болоод өнгөрч байна. Дараачийн өгүүлбэрүүд хэдий сонин ч өнөөх тээ дээр 30 дугаар орчмын хуудсанд Жарчиудайн өгүүлэмжийн утга учир буюу Сар тавилгүй гурав хоносны учир энэхүү Умбаа хэмээх эмгэний үлгэрээр тайлагдаж байх шиг бодогдов.

Тэмүчинг төрөхөд ч мөн адил Хурмаст тэнгэрийг төрдөг шиг тэнгэрийн эрхэсийн орчил өөрчлөгджээ. Учир нь Тэмүчинг төрөхөд ч Хурмаст тэнгэрийг төрдөгтэй адил Хар тэнгэрсүүд төрсөн өдөрт нь хараал хийжээ, тэгээд аль тэнгэр нь ч юм бэ, бүү мэд, нэг сайн зүгийн хүчирхэг тэнгэр одод эрхсийн орчил хөдөлгөөнийг зогсоож байгаад Тэмүчин хүүгийн төрөх өдрийг нэг бус гурав болгож, хараал ёроос төөрүүлсэн хэрэг байна. Тиймээс тийн сар тавилгүй, хуучин сарын 30 болон шинэ сарын 1-ний битүүрдэгтэйгээ нийлээд тав хонож Есүхэйн ард хоцорсон айл хотлынхны тавыг алдуулжээ.  Өэлүний зүүдэнд үзэгдсэн жирэмсэн гурван Өэлүн нь гурван өөр өдөр болж, цус дусалсан илдтэн зөвхөн ганцыг нь л хөөн одсоноор хар тэнгэрсийн хараалыг Тэмүчинээс зайлуулжээ гэж ойлгогдов. Өөрөөр хэлбэл өгүүлэмж ингэж тайлагдав.

Товчхондоо 188-р хуудсанд цухасхан дурдаад өнгөрч буй домог нь Тэмүчинг тэнгэрийн хөвүүн мөн болохыг сэм сэмхнээр хэлээд өгч байна. Зохиогч ч энэ санаагаа баталсан цөөнгүй зүйлсийг романыхаа энд тэнд цацан шигтгэж байршуулжээ.

Тухайлбал, 184-185 дугаар хуудсанд Есүхэй баатар, Өэлүн хоёрын шөнийн янаг амрагийн явдлыг цэвэрхээн гэгчээр цухас төдий өгүүлэх завсраа нэгэн жижигхээн өгүүлэмж хавсаргасныг зохиолчийн бичсэнээр: “…Өэлүн тоолж үзээд, тооноор нь цагаан гэгээ татах шиг болсон тэр нэгэн үүрийг санав”. Тэгэхэд “Тоонон дунгилгаар шуугдаж буй одод үзэгдэн, үүр манхайх дөхөж буй бололтой үед гэнэтхэн цагаан гэгээ цэлсхийх шиг” болжээ. Өэлүн түүнийг анхандаа од харвав гэж бодсон ч тоонын цамхрааг хүртэл цэлэлзүүлэх тийм тод гэрэл гаргадаггүйг санаад гайхжээ. “Намрын цаг сан бол хуурай тэнгэрийн цахилгаан цахиж буй гэхсэн. Гэтэл хөхүй өвлийн цаг сан. … Тэгээд их тамирдсанаас хий юм хараа болов уу хэмээн бодоод өнгөрсөн юм. Үүр цайхын өмнөхөн түр зүүрмэглээд гадаах морины шузга дээр өвөөлж бөмбөх дуунаар сэржээ. Сэрээд мөн л өвлийн дунд Хөхүй сарын хуучдаар өвөөлж бөмбөж буйд ихэж гайхаж билээ. Тэр хачин сонин сонь үзэгдэж, дуулдсан шөнө л үр олдож дээ хэмээн Өэлүн нэхэн санав” хэмээжээ.

ИйнхүүТэмүчинг гэдсэнд олдох үест хэдий өвлийн шөнө атал тэнгэр нүргэлж аянга цахилсан нь тэнгэрээс түүнийг аянга цахилгаан хөлөглөн хүмүүний ертөнцөд буулгаж буйг хэлж байнам бус уу. Гэсэр хаан бол Хурмаст тэнгэрийн хөвүүн билээ. Тэрбээр Бурхан шагжамунийн гэрээс зарлигаар хүмүүний ертөнцийн их самууныг дарахаар газарт бууж ирдэг. Түүнтэй л адилаар Тэмүчин газар дэлхийд гай барцадыг дарж ариутгахаар эхийн хэвлийд ирж байна гэсэн давхар санаа энд байгаа бололтой.

Мөн эх баригч эмгэн Өэлүний судсыг барьж үзээд удаа дараа “Би ийм цохилготой урагтай таарч байсангүй. Эгэл бус юм. Эрүүл л байдаг байгаа даа” /номын 185 дахь тал/, бас “эр ч шиг, охин ч шиг. Ирэх ч шиг, сөнгө ч шиг” /187 дахь тал/ гэх мэтээр романд өгүүлж байгаа нь цаанаа нарийн утга учрыг өгүүлэх ажээ.

Харин Есүхэй баатрын зөн совинд арай өөрөөр дүрслэн харуулжээ. Тэмүчинг төрөөд долоо хоносны дараа Өэлүнд Есүхэй баатар зүүднийхээ тухай ярьсан байна. “…Тэр зүүдэнд голын тохойн усан мандлаас нэгэн бяцхан хар бялзуухай нисэн гарч ирээд, Дэлүүн Болдогийн баруун хаяанд байх хонин чинээ бижирмэгтсэн элгэн хүрэн чулуун дээр суусанд, чулуу хагарч дотроос нь алтан бүстэй хаш аяга гарч ирсэн гэнэ. Тэр шувуухай алтан судалтай далавчтай байж. Энэ зүүд Есүхэйн нойрыг гурван үүрээр дараалан эргэжээ. Гайхаж эргэлзсэн Есүхэй Дэлүүн Болдогийн баруун хаяанд үзвэл ямар ч бул хар чулуу үгүйд энэ лавтай жир нэгэн зүүд биз хэмээн явжээ. Удалгүй Дэлүүн Болдогийн хормойгоос нэлээн баруунтаад, таван нум гаруйн зайд үнэхээр зүүдэнд нь үзэгдсэний адил чулуутай таарч, сонирхон шинжиж үзвэл лавтай арван настай хүүхэд адил хуруутай аварга гараар базаад тавьчихсан мэт хэлбэртэй, бүр хурууны хээ, үений нугалаа нь хүртэл тодоос тод байжээ. Тэмүчин төрөхдөө баруун гартаа атгасан нөж яг тийм хэлбэртэй, бижирмэгтсэн гадартай, толбо татсан мэт өнгөтэй байсныг санан, Есүхэй зогтусан цочсон гэдэг. Чулууг хэн ч бүү анзаараг хэмээн үл хөндөн, бас үл зарлан орхисноо ярьж байсан юм. Одоо ч тэрхүү чулуу буйрандаа буй биз…” гэжээ. /163 дахь тал/ Тэмүчинг төрөхөд Есүхэй баатарт ийм бялзуухай үзэгдсэн тухай манай хуучны аль нэгэн сударт бас өгүүлсэн санагдана. Түүнийг “Аугаа эрин” романд баяжуулан ашиглажээ.

Мөн Жарчиудайн өнөөх тэнгэрт тулсан цагаан солонго үзсэн, тэнгэрийн одны ер бусын тохиолгыг Хабалаас ч өмнө анзаарсан, Тэмүчинийг төрснөөс гурван хоногийн дараа хүү Зэлмийн төмөр өлгийг булган нэлхийн хамт авч, хүүгээн дүүрч Есүхэй баатрын шинэ хөвүүний мялаалгуудын хуримд очин Есүхэй баатар, Өэлүн үжин нарт золгож хүүгийн хэрэглэж барсан төмөр өлгий, булган нэлхийг

Сайн санаатныг тоодог мэт өндийлгөж

Санаа муутыг тогоруу мэт мэгчийлгэж

Их бага хамаг улсыг

Илтэд амар жаргаах болтугай хэмээн ерөөл өргөж, мөн хөвүүнээ сая төрсөн

Тэмүчин хүүд нь “Эмээлээ тохуул”, “Үүдээ сөхүүл” хэмээн өгсөн зэрэг нь ч үүнд нэмэр хачир болж таарна.

Энэ мэтээр Тэмүчинг яг таг тэнгэрийн хөвүүн төрчихлөө хэмээн ил тод бичээгүй ч энд тэнд орсон олон өгүүлэмж, зөн совин, дүр дүрслэлүүдээрээ үнэхээр Тэнгэрийн хөвүүн болохыг зохиогч сэм сэмхнээр сануулан  хэлж өгч байна. Тэмүчингийн ер бусын хувь тавилан, бусдаас онцгой болох тухай  зохиогч энэ мэт нууцлагаар дүрсэлж үзүүлжээ.

Яагаад Тэмүчин …?

Одоо эргээд номын хоёрдугаар хэсэг буюу ах дүү хоёр дарханы мөсөн дээрх яриа руу ахин нэгэнтээ өнгийж үзье. Тэмүчинг төрөхөд ер бусын билгэ тэмдэг үзэгдсэн тухай, түүнийг тэнгэрийн хөвүүн лавтай мөн хэмээн бодож явдгаа Жарчиудайг өгүүлэхэд дүү Хабал нь ихээхэн эргэлзэнэ. /номын 29 дэх тал/

“… Өнчрөхийн зовлон үзэж,

Хаягдахын гачигт унаж,

Туугаад хөдлөх сүрэг ч үгүй,

Туу гэх нохой ч үгүй яахин явах билээ.

… Өтөг боолоос ч дорд

Өлөрс мойлоор өл дарж,

Олдсон мангирханыг

Олз хэмээн баярлаж,

… Замгийн жараахайгаар

Жаргал болгож явах билээ?”

Уншигч та ч мөн адил Тэмүчин үнэхээр л тэнгэрийн хөвүүн юм бол яагаад…  гэж асуумаар байгаа биз? Тэгвэл Жарчиудайн хэрхэн хариулсныг сонсвоос  утгын учиг аяндаа тайлагдана.

“… Тэнгэрийн санааг

Тэмтэрч мэдэх нэн бэрх…

Өчүүхэн дэн өрх дэвэх төдийд

Өмөлзөн залирах.

Их түүдэг исгэрэх шуурганд

Ир авч хөгжих.

… Хөлдүү худагт унаваас

Хөлдөж осгох нь гарцаагүй ч

Цээжнээсээ гал асааж,

Цэвдэг хүйтнийг уяраах

Арга шидтэй нэгэн л

Амьд тэсэн үлдэх…

Тэсэж чадсан хойно

Тэнгэрт ивээгдэж,

Түүний санааг

Түмэнд хүргэх…

Тэнэгийг л зөвхөн элдэв болзоогүйгээр татаж гаргана буй заа..” хэмээжээ.

Дүүгийнхээ гайхаж эргэлзсэн асуултад Жарчиудайн хариулж буй хариултын үг бүр нь гүн гүнзгий агуулгаар дүүрэн байна. Тэр бүрийг нь тайлбарлаваас бишгүй арвин болох. Юутай ч Тэмүчингийн цээжин дэх гэрэл гэгээ амьдралын буртаг, бурангуйд дарагдахын хэрээр хөлдүү худгийг  хайлуулах дотоод их хүчийг олох болно. Тэр бүтээгдэнэ, хатаагдана. Чухам тэгсэн хойно л Тэмүчингээр, Тэмүчингийн илдээр, Тэмүчингийн ид хаваар, дотоодод нь ноцон ассан аянга цахилгааных мэт их хүчээр тэнгэр өөрийн санаагаа ертөнцийд соёрхож тулган хүлээлгэнэ. Тэнгэр өөрийн хүүгээ яг илд хатаадгийн адилаар амьдралын бэрхшээл зовлонгоор, шударга бус явдлын гамшиг дарамтан дунд хатаан боловсруулж байна. Жарчиудайн дүүдээ өгүүлснийг өөрийнх нь үгээр хэлбэл “Тэнгэрийн санааг тэмтэрч” үзвээс ийм мэт. Энэ санаагаа зохиогч энэхүү  “Тэнгэрийн илд” хэмээх эхний томоохон бүлгийнхээ бүхий л агуулгаар давхар өгүүлжээ.

Тэмүчингийн ааш араншин, бие байдлынх нь талаар зохиогч  романдаа бас л далдуур нууцхан агаад энд тэнд цацан шигтгэж оруулжээ. Тухайлбал, өнөөх Умбаа эмгэний өгүүлсэн домгийг санасан Өэлүн “…өөрөөс нь тэрхүү Хан Хормуст Тэнгэр лугаа адил энэ ертөнцийд сайны үр түгээх хөвүүн төрөөсэй хэмээн найдан горьдож, тийм байгаасай хэмээн сэтгэлийнхээ чинад мухарт залбирч билээ. Хожим тийн залбирч байснаа санахул өөрийгөө шоолон инээх үе нэг бус аа.”

“… Хөвүүн нь нөж атгаснаас өөр бусдаас онцгой содон шинж үгүй. Баатар эр гэвэл бүр ч итгэмгүй. Багын аймхай, Хасарыг гартал ээжийнхээ хормойноос зууралдаад ер салдаггүй, хар дарж зүүдлэх нь хэцүү, үргэлжийн ямаан харгана орны хөлд байлгана. Ялангуяа тэнгэрийн дуунаас айж, орох газраа олж ядан бөлтөгнөх нь огдой мэт. Есүхэйн баатар эрс хааяа ирээд харжигнатал инээхүй хөвүүн бөндөгнөн гүйгээд ээжийнхээ араар шургах. Хасар хоёр хөхийг нь шалчийтал хөхөж, цээжийг нь амраадаг бол Тэмүчин дөнгөж нэгийг нь чүү чай барах төдий. Тийм л зөөлөн, эмзэг, уяхан хөвүүн байлаа…” /номын 188 дахь тал/ гэжээ. Энд бас л нэг санаа явна. Чухам бага аймхай эмзэг байдал нь мэдрэмтгийн шинж байх нь бий. Тэр эргэн тойронд нь үргэлжийн хорлох гэсэн өштөн дайснаар дүүрсэн газар дэлхийд буусан учир дээд тэнгэрээс өгсөн зөнгөөрөө тийн аймхай мэт байгаа бус уу?

Тэмүчинг шөнийн хараатай болох тухай 124-р хуудаст ийн өгүүлжээ. “…Гүн шөнөөр хөнөгтэй усны толионд, заримдаа булгийн булан тохойн тогтоолд тэр өөрийгөө харах дуртай. Босоо зууван хүүхэн хараанаас нь тэртээ цаана гүнээс гарч буй мэт үл мэдэг ногоон туяатай гал асаж байх агаад нэг бүдгэрэн, нэг тодордог юм. Яг л усны ёроолын чинадаас нэвт сүлбэх адил. Уурсах мэт болоход тэр гал тодорч, унтаа мэт болоход бүдгэрнэ. Бусдын нүдэнд тийм зүйл үгүйг анзаарч мэдсэн хойно учрыг ээжээсээ лавласанд Өэлүн зовхийг нь татаж, хүүхэн харааг нь тоонон дунгилгийн гэрэлд сайтар харснаа, “Хэрвээ тийм бол, чи үүнээ хэнд ч бүү хэл, бас бүү мэдэгд, бусадтай адил харанхуйд сохор болж байгаарай” гэж сануулсан юм. Тиймээс Тэмүчин харанхуйд аль болох хүн рүү харахгүйг, бас бусдын дэргэд тэмтчин буй дүр үзүүлэхийг хичээх бөлгөө. Ганцаар бол ер тиймгүй, харин ч бахтай…” Мөн дүү Хачиун нь шөнө ахынхаа араатных мэт гал бадрах харцнаас нь айдаг тухай ч бичжээ. Тэрхүү шөнийн харааны “гэм”-ээр түүнийг Сорхон Шар олж харна. Хэрвээ Сорхон Шартай таараагүй бол Тайчуудаас мултарч эс чадна. Гэсэр хаанд үүргээ биелүүлэхэд нь гарцаагүй хэрэг болдог ид шидэт зүйлс байдагтай адил Тэмүчинд ч бас шөнийн хараа байх шиг ээ…

Тэмүчиний хөлийг Нялх Сэнгүмийнхтэй харьцуулсан нь бас нэгийг хэлэх мэт. “…Нялх Сэнгүмийн дээл нь түүнд бачуудан тоодойх атлаа гутал нь харин таарна. Сэнгүм… эв хавгүй мушгирсан урт хуруутай нарийхан гонжгор ясан хөлтэй бол Тэмүчинийх эсрэгээр, бие нь чийрэгжин хүдэршиж яваа ч хөлийнх нь хуруу засчихсан мэт тэгшхэн, богиновтор, эвлэг атлаа өргөн махлаг дүүрэн тавхайтай.” /номын 200 дахь тал/ Хаан хүний бие эрхтний гучин гурван шинж дотроос хөлийн хэлбэр байдлыг чухалчилдаг гэдэг билээ.  Тиймээс дээрх  дүрслэл нь зүгээр нэг санамсаргүй унагачихсан үг лавтай биш мэт. Бас л нэгийг өгүүлэх ажээ.

Тэмүчин Тэргүүн Өндөрт Тайчуудаас шурган ороход түүнд тэр шугуйн эзэн хүчирхэг шилүүс тус болж буй, мөн шугуйгаас гарахаар явахад нь МНТ-д өгүүлдэг өнөөх эмээл хойшоо мөлтөрч унадаг, гэрийн чинээ цагаан чулуу зам хааж унадаг гэх мэт тэнгэрийн ёр билгүүдээс гадна Тэмүчин Тайчуудын найран дундуур сиймхий ашиглан зугтаах үед айлын нохой шуугин хүрч ирж үнэрлэчихээд, өвдөг рүү нь сарьчихаад явчихдаг нэг хачин дүрслэл гарна. Уг нь нохой сарих муу ёр гэдэг, гэвч энд эсрэгээр дүрслэгдсэн нь заримдаа уншигчынхаа сэтгэлгээгээр тохуурхаж буй мэт санагдана.

Романы 188 дугаар хуудсанд “Амьдрал тэрхүү эмзэг уяхан хөвүүн хэрхэн тэсэн гарч чадах билээ гэмээр хүнд хэцүүг тулган, нуга дарахыг оролдох хэрээр хүү нь улам бүр чангаран, санаанд төсөөлөмгүй хатаагдан тэнхээжиж, зүрх сэтгэл хатуужин чангарч, ухаан санаа нь хүчирхэгжин өндийж буйг Өэлүн хожмоо анзааран гайхазнах болсон юм” хэмээжээ. Энэ Өэлүний “гайхазнах” байдлаар эх нь хүүтэйгээ холбоотой “тэнгэрийн явдал”-ыг битүүхэн тааварлаж, мэдрээд буйг нь хэлээд байнам бусуу гэж бодогдсон.

Энд Хар хөх хүмүүстэй холбоотой түүх дахиад гарна. Тэмүчин, Нялх сэнгүм хоёр Туулын  тохойд байх Эрх Харынхаас Хар Түн дэх Тоорил вангийн орд руу буцаж явахдаа Тэмүчинд үргэлж хорсох Нялх Сэнгүм түүнийг хээр явгалж орхино. Тэмүчин Улиастайн голын шугуйд яваад нэгэн үерийн овоолго дотор орж түр хоргодоход гэнэт морьтнууд дэргэдүүр нь явж өнгөрөх билээ. Тэмүчин нэг дуудах гэснээ болино. Сэжигтэй байж. Харин ойн цоорхойд чононууд хэдэн зуугаараа цуглажээ.

Удалгүй анд гарсан Эрх хар, Жаха Хамбу нар ирж, Тэмүчин тэдэнтэй нийлнэ. Ван ханы ордонд ирэхэд их тулаан болж байв. Тулааныг дарсны дараа Тэмүчин нэг зүйлийг хараад сэрхийнэ. Түүний гэр хоёр дахь хүрээнд байсан ба тэр хүрээг харийнхан бараг усгтаж  дуусгасан байв. Тэмүчинтэй хамт нэг нэрт байсан Нэгэн аймгийн барьцааны хүү алагдаж цус нь үнстэй хутгалдан хэвтэнэ. Хэрвээ урд орой нь Нялх Сэнгүм түүнийг хээр гээж хаяагүй бол Тэмүчингийн хувь заяа яах байсан нь эндээс дэндүү тодорхой харагдаж байна.

Тэр шөнийн дайчид бол өнөөх Сүбээдэйг алахаар, илдийг авахаар явсан үл таних Хар морьтнуудын өөр нэг бүлэг  болох нь сая тодорхой болж ирж байна. Тэд Сүбээдэйг төрөхөөс нь өмнө алж, илдийг ид чадал нь гүйцэхээр булааж аваад зогсохгүй бас Тэмүчинг алахаар иржээ. Харин Тэнгэр даруй арга хэмжээ авч Тэмүчинд үргэлж хорсох Нялх Сэнгүмийн хорслыг ашиглаж, түүнийг хөнөөгдөхөөс аварчээ. Мөн тэр шөнөөр цугласан хэдэн зуун чоно ч хэрэг бишдвэл Тэмүчинг  хамгаалан тулахад бэлэн байсныг “Чононууд тулаанд орох гэж буй дайчид мэт” гэсэн зохиогчийн ганц өгүүлбэрээр ил болж байна. Тэд хэний эсрэг, хэнийг хамгаалах вэ? Хариулт нь залгаад гарч байна. Тэмүчиний бүгсэн овоолгоны оёор луу чоно бүр ирж сарьсан. Бүр мөс овойтол нь шүү. Чоно өөрийнхөө хамгаалах ёстой хил хязгаарыг буюу өөрийн харьяаллаа тийн хаягладаг. Тэдгээр чоно ч бас санамсаргүй мэт атлаа цаанаас буюу тэнгэрээс  илгээсэн зарлиг тохиол ажгуу.

Тэмүчин ба Бэгтэр

Миний сэтгэлийг сийчиж, зүрхийг зүссэн зохиолын нэг хэсэг бол “Аугаа эрин” романы “Бэгтэрийг тэвчив” хэсэг юм. Эцэг нэгт ах дүү хоёрын зөрчил тэмцлийг нүдэнд үзэгдэж, сэтгэл шимширтэл тодоор зурж үзүүлжээ. Тэгээд зогсохгүй энд өнөөх л Тэнгэр санаагаа доог дохуу болгож буй мэт хэрхэн гүйцэлдүүлж буйг урнаар бас ихэд далдуур өгүүлжээ.

Тэмүчин, Бэгтэр хоёрын дунд Тэнгэрийн хаясан хувь заяаны шоо гэдэг энэ бололтой. Бэгтэр бол нэн хүчирхэг. Таргудай түүнийг хараад зүрхшээнэ. Гэтэл хүч бяр ихэдэхэд аргаар бус асуудлыг хүчээр шийдэх гэх нь давамгайлдаг, билгэ тал нь гээгддэг байна. Харин Тэмүчин сул дорой, тиймээс арга хүчээр бус, эв ухаан, билгэ чанараар илүү. Нэг эцгийн хоёр хүү нэг нь арга, нөгөө нь бэлгийг төлөөлж буй ажээ. Тэдний харьцаа, яриа ч үүнийг илэрхийлж байна. Тэнгэр Тэмүчинд тэнгэрийн чуулганыг тэргүүлж суудаг Бидэрт бялзуухайг илгээв. Гэтэл Бэгтэр шараад идчихэв. Тэнгэр бас Тэмүчинд голын эзэн  гэгээн сугасыг илгээв. Бас л Бэгтэр шараад хүртэж орхив. Хоёр хүүгийн дунд буюу арга ба билэгийн дунд Тэнгэрийн сорьсон шоо тэр. Тэгээд Бэгтэр алагдав. Бэгтэрийн цогцосны зүг явсан Тэмүчины араас Бэлгүдэйг явахад Өэлүн эх ихэд айдаг. Гэвч юу л болбол болог хэмээн хувь заяанд нь даатган орхино. Бэлгүдэйг хүрч ирэхэд Тэмүчин Бэгтэрийн үргэлж толгой дээр нь байсан хүчирхэг гарыг өр цээжиндээ наагаад уйлж суудаг билээ. Тэгэхэд нь Бэгтэр нэг л зүйлийг мэдэрч байна. Бэгтэр, Тэмүчин хоёр нэг хүн болчихсоныг. Өөрөөр хэлбэл, арга ба бэлгэ хоёр нэгдчихсэнийг… Өрх гэрийнхээ өмнө Бэгтэрийн гүйцэтгэж байсан хамгаалах болон бусад хүнд хүчир үүргийг Тэмүчин үүрэхээс аргагүй болж, бас үүрч, тэр хэрээр хүчирхэгжиж буй тухай романд үргэлжлүүлэн өгүүлнэ. Тэнгэр шоогоо хаясан. Нэгнээр нь тэргүүлүүлэхээр. Тэгээд Ертөнцийг дан ганц хар муйхар хүч бус билгэ ухаан, эв нэгдэл тэргүүлэн захирах ёстой хэмээн тэнгэр шийдэв. Хүч чадал нь ухаан бэлгийг дагалдаж, тэнгэрийн хүсэл зоргыг билгээр удирдуулж, хүчийг түүний хавсарга болгов хэмээн эндээс ойлгогдож байна.

Үүнд дахиад Үсүн болоод Их биет өвгөний, учир битүүлэг агуйн, Таргудайн бөө нарыг ниргэсэн Цэлмэг тэнгэрийн аянгыг, бас түүний толгойг гэнэтхэн тойрон эргэлдсэн батганыг, Балгачус зайран, Хүдэр зурхайч нарын үг, Хөхөчү хэрхэн Тэв тэнгэр болсон гэх мэт олон учир битүүлэг явдлуудыг ч энэ мэтээр тайлж болохоор. Ялангуяа Үсүн өвгөний дүр тун битүүлэг оньсог адил сонирхолтой болжээ. Үсүн өвгөн бол үнэхээр өвөрмөц, хачирхалтай дүр. Тэр энэ ертөнцийн бодит хүн биш ээ. Дараагийн ботиудад тэр хэрхэх нь үйл явдлын үргэлжлэлээр тайлагдах буй заа.

Хоёрдугаар бүлэг болох “Айн Жалудын домог”-т мөн адил шууд илэрхийлээгүй, энэ мэтээр ухан тайлж болохоор зүйлс битүү арвин байна. Ялангуяа уг бүлгийн эхэн ба төгсгөлд гарах Сохор зөнчийн хэлэх үг бүр нь учиртай бөгөөд хачирхалтай аж. Бүлгийн эхэнд түүний хэлж буй  үг нь бүлгийн турш амилж биежсээр төгсгөлд хэлсэн нь дүгнэлт болон цогцлов. Хитбуха баатарт ч, Кутуз, Бибарс нарт ч бас л учир битүүлэг учралууд тохиолдоно. Аранзал охины зүүд ч бас л тайлалтай  байж таарна. Энэ мэтээр бичих аваас нэлээд урт болох нь ээ. Хожим бусад боть, бүлгүүдээс тэдний хэн болох нь лавтайяа тайлагдана  биз хэмээн найдаж энэ тухай бодлоо түр орхиё.

Ер амьдралын алив учрал, тохиол бүхэнд учир битүүлэг утга санаа, зорилго буй мэт санагдах нь үе үе байдаг. Их мэргэд, сэтгэгчид ч мөн тийн үзэх, өөрөөр хэлбэл “Санамсаргүй зүйл гэж үгүй ээ” гэх. Монголын эзэнт гүрэн, эзэн Чингис хааны тухай өгүүлэн хүүрнэсэн нь нэн олон. Гэвч харин тэрхүү үйл явдлын далд амин мөн чанарыг энэ мэт утгын уран нууцлаг гогцоогоор гогдон гаргаж ирсэн нь бараг үгүй. Харин “Аугаа эрин” романд үүнийг чаджээ. Энэ бол том олз, жинхэнэ “Шидэт реализм” буй за. Манай утга зохиолд туурвилзүйн энэхүү  урсгал хүч түрэн нэгэнт ороод иржээ. Тэр урсгалын хүчирхэг нүргээнийг “Аугаа эрин” романаас нэн тод мэдэрлээ. Юутай ч романы эхний хоёр бүлгээс ийм дүгнэлт хийв. Дараачийн ботиуддаа энэ ололтоо чухам хэр хадгалж, хадгалаад зогсохгүй улам урагшлуулан ахиулж чадах эсэхийг нь өнөө тааж хэлшгүй. Сайн бол сайныг, муу бол мууг нь хожмоо хэлэх цаг ирэх бизээ. Юутай ч уран бүтээлийн унаган шавь маань ийм зохиол бичсэнд багш  миний баярлах нь энүүхэнд билээ.

Энэхүү тэмдэглэлдээ би зөвхөн романы  голлох үйл явдал өрнөсөн тэргүүн бүлгийн  зарим үйл явдлын учир зангилаанд задаргаа хийхийг оролдов. Онож тайлсан эсэхийг минь эрхэм утга зохиол судлаачид, мэргэн уншигчид хэлнэ буй за. Харин роман дөнгөж эхэлж байх шиг, тиймээс уран сайхны дүрүүдийн өсөлт өөрчлөлт, шинж төлөвт задаргаа хийгээгүй болно. Зохиогчийн өгүүлснээр магад цааш дахиад 3-4 дэвтэр гарах бололтой. Тэр бүхний ард уран сайхны дүрийн болоод ерөөс бүхий л агуулгад задаргаа хийвээс зөв болох болов уу.

Хүсэлтэй сайхан утга уянга хэмээгч

Хөх үүлэн салхинаа хөврөх мэт

Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж эс чадаваас

Хөнгөн бийрийг хөшиж юу хийнэмуй хэмээсэн бичгийн их хүн Инжаанишийн шүлгийн мөрүүд сэтгэлд эргэлдээд санаанаас огтхон ч гарч өгөхгүй байна. “Аугаа эрин” романы   “Хөх илдний очис” тэргүүн дэвтэр аагтай агаад амттай болжээ. Удаах дэвтрүүдийг нь тэсэн ядан хүлээх л үлдлээ.

Тугалхүүгийн Баасансүрэн

Улаанбаатар, 2018.4.29

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ