Н.Алтанхуяг “хүргэн” Дэнзэнтэй, Ц.Элбэгдорж “хадам” Болдоотой

2019-03-22


Т.САЙХАН

Хүргэн Дэнзэнг монголчууд андахгүй мэднэ  Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн. 26 насандаа ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болж байсан. Гэсэн ч энэ албан тушаалуудад нэг их удаагүй. Түүнийг “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга байхдаа эхнэрийнхээ компанид 17 тэрбумын тендер өгсөн асуудлаар АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэр 2012 оны аравдугаар сарын 11-нд “Эрдэнэс Таван  Толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга өөртөө 16.000 ам.доллар авахаар шийдвэр гаргуулсан. Улмаар Хөгжлийн банкнаас 200 сая ам.доллар зээлэх шийдвэрийг гаргасан. Ингэж Уянгын  үүсгэн байгуулсан “Говь повер” компанил “Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх” 17 тэрбумын тендерийг өгсөн байдаг. Уянга нь Г.Дэнзэнгийн эхнэр болж таарсан. Түүний дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Эрдэнэс-Таван Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлөхийг шаардав. АТГ-аас Г.Дэнзэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтийг прокурорт гаргав. “Говь повер” ХХК “Эрдэнэс Таван Толгой” ХК-аас 7.4 тэрбум төгрөг нэхэмжилж. Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан гээд асуудал цаашаа хөвөрдөг. Энэ бүх асуудалд Г.Дэнзэнгийн урд “хүргэн” гэх тодотгол явж, олон нийт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэдэг утгаар нь Г. Дэнзэнг хүлээж авч , таньдаг.
Тэгвэл саяхнаас эхлэн Ц.Элбэгдоржийн “хадам” Болдоо нэртэй шинэ танилтай болж байна. Эрүүгийн цагдаагийн газрынхан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатарын галлерайд нэгжлэг хийж, хэд хэдэн уран зураг хураан авчээ. Хамгийн ноцтой нь Уран зургийн галерайгаас алдагдсан 21 зургийн зургаа нь тус нэгжлэгээр олдсон байна. Тэгвэл Х.Болдбаатар энэ талаар “Гуравдугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс над руу утасдаж таны Ардын эрхийн байран дахь уран зургийн архивд үзлэг хийх гэсэн юм гээд ярьсан. Би учрыг нь тодруулахад Их тэнгэр цогцолбороос алга болсон уран зургууд танай архивд байж магадгүй нэгжлэг хийх шаардлагатай байна гэж хэлсэн. Намайг архив руу очсноос хойш нэг цаг гаруйн хугацаа өнгөрсний дараа Хан-Уул дүүргийн прокурорын зөвшөөрөл ирсэн. Манай Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн архивт цагдаа нар ирээд Их тэнгэр цогцолбор болон Маршал харшаас алга болсон гэх  20 гаруй зургийн жагсаалтыг надад үзүүлсэн. Ингээд манай архивд үзлэг хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гуайн албан өрөөнд бус Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн архивд нэгжлэг хийсэн” гэлээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-т гаргаж өгсөн ХОМ-ийн мэдүүлэгтээ 1980 оноос хойш цуглуулсан уран зургийн цуглуулгатай, нэг бүр нь сая төгрөгийн үнэтэй бөгөөд нийт 600 сая төгрөгөөр үнэлэгдэх зурагтай гэж мэдүүлж байжээ.
Мөн “Их тэнгэр” цогцолбор руу яваад ор сураггүй алга болсон уран зургууд ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн цуглуулгаас гарч ирсэн талаар мэдээлэл бий. Ямартай ч Н.Алтанхуягийн “хүргэн” Дэнзэн гэдэг шиг Ц.Элбэгдоржийн “хадам” Болдоогийн асуудал олны анхаарлын төвд орж ирж байна.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ