ШШГЕГ-ын хэлтсийн даргыг Төв аймгийн ажилтны хамт баривчилжээ

2019-03-20

Л.ХЭРЛЭН

Авлигатай тэмцэх газраас /АТГ/  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын  хоёр  ажилтныг   баривчилжээ. Нэг нь ШШГЕГ-т алба хэлтэс хариуцсан дарга байсан бол нөгөө нь Төв аймгийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагч юм байна. Тэднийг  С.Зоригийн аллагын  гүйцэтгэгч хэмээн буруутгагдан ял эдэлж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг дарамталсан, эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна.

Хоёр өдрийн өмнө буюу өнгөрсөн даваа гаригт Чингэлтэй дүүргийн шүүхээс С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх Ажлын хэсэгт ажиллаж байсан тагнуулын байгууллагын ажилтан М, Б нарыг 14 хоног саатуулан шалгаж эхэлсэн. Тэднийг хэрэг мөрдөн шалгах явцад хууль зөрчсөн эсэх, гэрчүүдийг  эрүүдэн шүүсэн  байж болзошгүй асуудалд холбогдуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Тэгэхээр ШШГЕГ болон тагнуулын байгууллагын ажилтнуудыг  саатуулж, заримыг нь  баривчлан шалгаж буй дээрх хэргүүд хоорондоо холбоотой байж магадгүй юм.

Цагдаа, шүүх, прокурор болон тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын  ажилтнуудыг шалгадаг, хариуцлага тооцдог байгууллагын чиг үүрэг хуулиараа  АТГ-т шилжсэн учраас тус газраас хэргийг нягтлан шалгаж байгаа юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ