ХЗДХ-ийн дэд сайд асан Б.Энхбаярын хэлсэн онцлох эшлэлүүд

2019-03-20

Т.САЙХАН

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, МонголУлсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаярыг урьж, ярилцлаа. Түүний ярилцлагаас  эшлэн хүргэж байна.

–Би Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын ажлыг 2016 онд авсан. Эхний хоёр долоо хоногт гар утас их завгүй байлаа.  “Гадаад паспорт яаралтай гаргаж өгөөч, үл хөдлөх хөрөнгө авах гэсэн юм аа, энэ хэний нэр дээр байна. Энэ тэнд барьцаанд байна уу үгүй юү мэдээд өгөөч” гэдэг гуйлга баяр хүргэж, амжилт хүсч байгаагаас илүү их ирсэн. Тэгээд би төр ийм их хаалттай байгаад гайхсан.


– Тэгээд Улсын бүртгэлийн ерөнхий газраас ямар үйлчилгээ үзүүлж, иргэдэд хэрхэн хүрч байна гэсэн бүх мэдээллийг судалсан.  Энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг нь зохион байгуулалтын гэхээсээ илүү хуультайгаа их холбоотой байсан.


-Тэр үед хаалттай гээд байгаа 180 лавлагаа мэдээллийн аль нь бүр хаалттай байх юм, ямар нь нээлттэй, аль хэсэг нь хязгаарлагдмал нээлттэй байх юм гэдгийг хуулиар зохицуулсан.  Хуулийн зохицуулалтын энэ хэсэг нь гэ­хэд дөрөвхөн өгүүлбэр байгаа юм.  Дөрөв­хөн өгүүлбэр хуульд бичээд хэдэн зуун мянган хүний цаг нар, хэдэн тэрбумын зардал, төрийн албаны хүнд суртлыг алга болгосон.  Энэ нь бүртгэлийн хуулийн амин сүнс  юм.


-Нөгөө талаар бүртгэлийн байгууллагад байсан авлигыг байхгүй болгож байна. Хүнд суртал хаана байна тэнд авлига бай­даг.  Хаалттай байдал хаана байна тэнд авлига байсан. Тэр бүхнийг үгүй хий­сэн хууль болж чадсан.


– Бүртгэлийн хууль хэрэгжсэнээр  гэмт хэрэгтнүүдийг гишгэх газаргүй болгож байна. Нээлттэй байдал гэдэг нь айж эмээх зүйл биш юм гэдгийг харуулж байна. Энэ нь  2016 оны парламент буюу МАН-аас шийдвэрлэсэн яг иргэдэд хамгийн их хэрэгтэй том хуулийн реформ  гэдгийг  би бардам хэлнэ.


-Бүртгэлийн шинэ хууль авлигачдад аянга мэт буусан.  Хууль үйлчлэх үед ЖДҮ-гийн асуудал илэрсэн. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчдын мэдээллийг хэн ил гаргах сонирхолгүй байсан бэ гэдэг нь их тодорхой болсон.


-Зөвхөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэхэд нэг хүн 20 орчим компани байгуулжээ. Сангийн мэдээлэл дээр 20 компани зээл авсан мэт харагддаг.  Яг хүнээ хөөхөөр нэг л хүн аваад байдаг.  Зүсээ хувиргаад л нүүрээ будаад л аваад байсан байгаа байхгүй юу.


– Анх энэ хуулийг гаргахдаа би лав ийм аймаар хулгай хийчихсэн байна гэж бодоогүй.  Хулгай нуугдаж байгааг мэдэж байсан ч гэлээ ийм ихээр хулгай хийгээд цайчихсан байна гэж үнэндээ мэдсэнгүй.


-Одоо Бүртгэл.мн-ий хөгжүүлэлтийн асуудал дутуу байгаа, цаашид их хөгжүүлэлт хийх ёстой. Тухайлбал, компанийн үүсгэн байгууллагчийг олоход компанийн нэрээр хайж байна.  Уг нь бол тухайн хүний нэрээр хайдаг байх ёстой юм. Тэр цагт бүр ч их айхтар зүйлүүд, олон хулгай илэрнэ.


 -Сайн судалбал нэг хүн 60 орчим байгууллага байгуулсан, тэр дотор гадна дотноос янз бүрийн санхүүжилт авдаг юу нь мэдэгдэхгүй сэжигтэй зүйлүүд байна. Тэр бүхнийг ил болгох хэрэгтэй.


-Бүртгэлийн хууль үргэлжлэн амжилттай хэрэгжсэнээр  газрын мафи гэж яригдаад байгаа тэр бүлэглэл ханз үсэрнэ. Би бүрэн итгэлтэй байна. Зүгээр гаргасан хуулиа хэрэгжүүлэхэд л боллоо.


-Тухайлбал, шашны гэхэд 500-гаад байгууллага байна. Тэрийг хэн ажиллуулаад байгаа юм.  Түүний ард ямар зүйлийг халхлаад байгаа юм.


-Олон их, дээд сургууль хүртэл төрийн бус байгууллагын статустай явж байна. Хэдхэн төгрөгийн татвараас нуугдах гэж байгаад өөрсдөө хохирно доо.   Өвчин зовлон таарвал, санамсаргүй байдлаар хохирвол яах вэ. ТББ нь компани шиг гэр бүл, үр хүүхдэд нь өвлөгддөггүй. Хувь хувьцаа зарагддаггүй.  Энэ мэт олон хулгай бүртгэлийн хуулиар ил болно.  Тэр үед яана даа.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ