Б.Цогзолмаа: Уралдаанд 6-8 насныхан оролцож байгаагаараа онцлог

2019-03-20

Т.ТУЯАЦЭЦЭГ

Монгол Улсын консерваторын хүндэт профессор, зөвлөх багш Б.Цогзолмаатай энэ “Талант-2019” наадмын талаар ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. “Талант -2019” уралдааныг зохион байгуулж байна. Энэ уралдааныхаа талаар товч мэдээлэл өгөхгүй юү?

-Улсад 40 жил ажилласан туршлагаас харахад манайд уралдаан тэмцээн зохион байгуулснаар хүүхдүүдийн ур чадвар дээшилнэ. Мөн багш нарын эрдмийн солилцоо өргөжиж багш сурагч өсөн дэвжиж цаашлаад дэлхийд гарч тэмцээн уралдаанд оролцоход тус дэм болно гэж үзсэн. Уралдаанд оролцсоноороо хүүхдүүд яг өөрийнхөө төвшний программ биш үргэлж дээшилсэн программ авч бэлддэг учраас тэр нь уг хүүхдийн ур чадварт их нөлөө үзүүлдэг. Энэ жил анх удаа зохион байгуулах гэж байна. Хүүхдүүд маань гадагшаа явахад санхүүгийн хүндрэлд ордог. Өнгөрсөн онд манай хүүхдүүд Улан-Үдэд болсон “Найдал-2018” тэмцээнд оролцохоор явахад манай сургууль бараг л нүүсэн. Тэгээд дотооддоо уралдаад, авьяасаа сориод өөрийгөө ямар төвшинд байгааг мэдэх нь зөв юм байна гэж бодсон. Тэгээд үүнийгээ хүнд дарамт болгохгүй, хүүхдүүдийнхээ хичээлийг удаан тасалдуулахгүйн тулд эртнээс бодож төлөвлөсөн болохоор харьцангуй гайгүй байна.

-Уралдаанаа яагаад “Талант” гэж нэрлэсэн юм бэ. Онцлог нь юу вэ?

-“Талант” гэдэг нь авьяас гэсэн орос үг. Тиймээс авьяастныг тодруулна гэсэн утгатай. Орос үгийг сонгох болсон шалтгаан нэгдүманай сургуулийн гол суурь болсон хүмүүс дандаа орос мэргэжилтнүүд байдаг. Төгөлдөр хуур, утсан хөгжим, үлээвэр болон бусад хөгжим дээр ч гэсэн энэ утгаараа Талант гэж өгсөн. Авьяастай хүүхдүүд энэ тэмцээнээс нэг ч гэсэн алхмаар гарч ирээсэй гэсэндээ энэ нэрийг өгсөн.

Онцлог нь I шатанд заавал тоглох зохиолтой. Үүнийг бүх хүүхэд тоглоно. II шатнаас тухайн оролцогч өөрийн сонгосон зохиолоор ур чадвараа үнэлүүлнэ. Мөн 6-8 насныхан оролцох боломжтой. Энэ насны хүүхдүүд тэмцээн уралдаанд оролцох боломж  ховор байдаг. Манай улсын хувьд энэ насны сурагчдад зориулсан тэмцээн байдаггүй. Зөвхөн гадагшаа явж л тэмцээнд оролцдог. Бас нэг онцлог нь шүүгчдийн хувьд дандаа гаднаас мэргэжлийн хүмүүс ирж шүүнэ.

-Энэ уралдаанд танай сургуулиас оролцож байгаа юу?

-Манай сургуулийн хүүхдүүдээс гадна хөгжмийн сургалтын төвд хоёр болон түүнээс олон жил хичээллэж байгаа хүүхдүүд оролцох боломжтойгоороо бусад тэмцээнээс онцлог. Ингэснээр хүүхдүүд өөрийгөө ямар төвшинд байгааг мэдэх юм.

-Утсан хөгжимд ямар хөгжмүүд багтдаг вэ?

-Манай утсан хөгжмийн тэнхим хийл, морин хийл, контур, аальт хөгжмийг заадаг. Тиймээс энэ хөгжим дээр уралдаан маань зохион байгуулагдана.

-“Заавал тоглох зохиол”-д ямар зохиолууд орж байна?

-Заавал тоглох зохиолд ОХУ-ын хөгжмийн зохиолчдын зохиолыг түлхүү тавьсан. Тухайлбал, Чайковскийн зохиол гэхэд гурав байна. Энэ зохиолын хувьд бас хөгжимчин бүр амархан ойлгоод хурдан тоглох зохиол биш. Нэлээд боловсорсон хөгжимчид тоглоно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.3.20 № 58 (6025)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ