Хөдөлмөрч хичээнгүй хүүхдийн Ц.Түвшинтөгс

2019-03-20

Тугалхүүгийн БААСАНСҮРЭН

Миний энэ бяцхан нийтлэлийн гол баатрын овог нь Цамба. Гэвч түүнийг хүүхдийн гэж тодотгомоор санагдаад огт болсонгүй. Монголын пионерийн байгууллагын түүхэнд хүүхдийн Сүрэнжав, хүүхдийн Болормаа хэмээх нэрээр алдаршсан нэг биш эрхэм бий. Цамбын Түвшинтөгс бол тэдний нэг. Тийм болохоор хүүхдийн хэмээх тодотгол түүнд яг таарна гэж бодлоо.

Ц.Түвшинтөгс “Монголын пионерийн байгууллага” хэмээх том ботийг эмхэтгэн эрхэлж нийтлүүлсэн цөөхөн зохиогчийн нэг. Нэвтэрхий толь гэж нэрлэлтэй. “Монголын пионерийн байгууллага” эмхэтгэлийн голлох бүлгийг тэрээр өөрөө бичиж туурвижээ. Бичиг номын өндөр соёлтой, туршлагажсан нийтлэлч, хүүхдийн байгууллагын түүх судлаач  Ц.Түвшинтөгс хүүхэд багачуудын хөгжил, хамгааллын сэдвээр “Хүүхэд таны эрх”, “Та бүхэн эвлэлдэн нэгдэхийг хүсвэл”, “Хүүхдийн эрхийн конвенц Монголд”, “Хүүхдийн байгууллагын ажилтны гарын авлага” гэсэн 32 ном товхимол, гэр бүл, олон нийт, хүүхдийн сэдвээр “Өрх гэр-нийгмийн хөгжлийн үндэс”, “Монгол гэр бүлийн уламжлал”-аар 12 ном, Пионерийн хөдөлгөөний түүх, арга зүйгээр “Сүхбаатарын нэрэмжит МПБ-ын он дарааллын бичиг”, “Өсвөрийн Сүхбаатарчуудын дээд чуулган” гэдэг 19 ном, соён гэгээрүүлэх үйлс сэдвээр “Эмнэх, домнох, засах ардын ухаан”, “Монгол Улс дахь тахилгат газар нутаг”-аар 18 ном бүтээх ариун үйлсэд гар бие, сэтгэл зүрх нэгдэн ажиллажээ. Дээр дурдсан 71 ном, товхимол, эмхэтгэлийг бүтээхэд тэрээр ихэнх тохиолдолд зохиогчоор, ариутган шүүгчээр, эмхэтгэн нийтлүүлэгчээр идэвхийлэн оролцсон байна. Бүгд хүүхдийн сэдэвт бүтээлүүд. Хүүхдийн байгууллага, сурган хүмүүжүүлж соён гэгээрүүлэх үйлсэд ухамсарт бүх амьдралаа зориулсан Монгол Улсын гавъяат багш Ц.Түвшинтөгсийг “Хүүхдийн Түвшинтөгс” гэхгүй бол өөр хэнийг тэгж нэрлэх билээ.

Тэр бол Монголын нийгмийн хөгжил дэвшил, та бидний гэрэлт ирээдүй болсон үр хүүхдүүдийн минь аз жаргалтай амьдралын төлөө хамгийн ихээр санаа зовинож үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж явдаг хүн. Энэ нь түүний бичиж нийтлүүлсэн ном товхимлоос улам илүүтэй мэдрэгдэнэ. Заримаас нь уншигч танд сонирхуулж товчхон ч атугай мэдээлэл өгье гэж бодлоо.

“Хүүхдийн төрийг байгуулцав” /2016/, “Гэрийн төрийг түшилцэв” /2018/ хэмээх хоёр сонирхолтой ном байна. Эхний номд сурган хүмүүжүүлэгч Ц.Түвшинтөгс багшийн  1989 оны нэгдүгээр сарын 3-наас 2007 оны нэгдүгээр сарын 5 хүртэлх хугацааны өдрийн товч тэмдэглэлийг багтаажээ. Жишээ нь:

2017.01.05

Амьдралын төлөө зорив

Хорин настай багш болов

Амьжиргааны төлөө зүтгэв

Дөчин хоёр жил ажиллав

Амьдын төлөө хичээе

Наян тавны найранд болзъё

 

Амьдралын нэгэн шинэ үе эхлэв. Ариг цалинтан болсны маргааш ийнхүү бичээд, Монгол Улсын сул иргэний нэгэнд орсон ч аанай сурсан юмаа үгүйлж, хийж, зарим өдөр харин ч урьдынхаас илүү ажиллах болов.

Тэтгэврийн өвгөний өдрийн тэмдэглэлийг жич нэгэн дэвтэр болгож хэвлүүлэх тул энд бичихээ түр азная” хэмээн бичжээ.

Хүний амьдралын огцом эргэлтийн нэгэн агшинг товч тодорхойгоор тэмдэглэж үлдээжээ. Тэтгэвэрт гарсан анхны өдрийн сэтгэгдэл. Хорин настай багш болоод улс нийгэмд дөчин хоёр жил зүтгэлээ. Амьдрахын төлөө хичээнэ. Наян таван насны найранд болзъё гэсэн байна. Зүгээр суухгүй, урьдаас илүү ажиллах болов. Тэтгэврийн өвгөний өдрийн тэмдэглэлийг нэгэн дэвтэр болгож хэвлүүлнэ гэжээ.

Тэр нь “Гэрийн төрийг түшилцэв” ном аж. Хоёр үндсэн бүлэгтэй юм. “Өвгөн багш-сэтгүүлчийн бичгийн богц” эхний бүлэгт “Монголчуудын аман хуулиас”, “Оюуны түрлэгт өргөх есөн цацал”, “Хариу нэхсэн асуулт” гэсэн нийтлэл нь оржээ. Хоёрдугаар бүлэгт ариг цалинтны арван жилийн өдөрчилсөн тэмдэглэл /2007-2016 он/-ийг багтаажээ. “Хүүхдийн төрийг байгуулав” анхны номонд 18 жилийн өдрийн тэмдэглэлийг багтаасан бол “Гэрийн төрийг түшилцэв” хоёр дахь номонд арван жилийн өдрийн тэмдэглэл шингэсэн байна. Өөрөөр хэлбэл, Цамбын Түвшинтөгс гэдэг хувь хүний  28 жилийн өдрийн тэмдэглэл буюу үйл ажиллагааны товч тайлан уншигчдын өмнө дэлгэгдэж байна. Ингэж хичээнгүйлэн ажиллаж үйл явдалд хэрхэн яаж оролцсоноо тэмдэглэн үлдээнэ гэдэг маш уйгагүй хөдөлмөр. Түүнийгээ хоёр боть ном болгож уншигчиддаа өргөн барина гэдэг буянтай, сайхан үйлс. Үүнээс үлгэр дууриал, загвар авах хүн нэг биш гарна гэдэгт итгэлтэй байна.

“Улсын эрхэм нь гэр бүл, үр хүүхэд” гэсэн өөр нэг ном байна.  2012 онд хэвлүүлжээ. “Шавилан сургахуйн олзыг шүүрье” гэсэн асуудал дэвшүүлсэн өгүүлэл энэ номд байна. Үр хүүхдүүдээ үгээр сургахуйн хийгээд үйлээр сургахуйн онцгой ач холбогдлыг онцлоод “Шавилан сургахуй” хэмээх хэсэгт “О.Жамъян гүн Сүхбаатар жанжны, Алтангэрэл бичээч Нацагдорж найрагчийн, Тогтох тайж Буяннэмэх зохиолчийн гэх мэтээр шавь сургалтын шилдэг багш нар үй түм…

Заагч нь шавьдаа чин сэтгэлээр үнэнчээр ханддаг, суралцагч нь ёс хүндэтгэлтэйгээр тахимдуу шамддаг” хэмээн бичжээ. Их чухал саналыг хөндөж дэвшүүлсэн байна.

Цамбын Түвшинтөгс 2014 онд “Би, минийхэн” гэдэг ном бичиж хэвлүүлжээ. Тэнд “Карт хөтлөхүй” гарчигтай нийтлэл байна.  1975 онд “Пионерийн үнэн” сонины редакцид академич Ц.Дамдинсүрэн гуайг урьж уулзалт хийжээ. Академич аливаад нягт нямбай хандах нь чухал гээд “карт хөтлөх арга барил”-ын талаар өөрийн туршлагыг ярьсан аж. Ц.Түвшинтөгс үүнд нь ихэд сониучирхаж өөрөө туршиж үзэхээр зориг шулууджээ. Өөрийн амьдралынхаа хэвшил болгож хувиргасан гэнэ. Үнэхээр ашигтай нь мэдрэгдэж, түүнийг эмх цэгцэд болоод нягт нямбайд сургасан байна. Уншсан үзсэн, дуулсан сонссоноо нэгэн хэмжээний цаасан дээр буулган бичиж, төрөлжүүлэн дугтуйлж, сэдэвчлэн ангилжээ. Өнөөг хүртэл ийнхүү ажилласаар буй тухайгаа зохиогч энд бичжээ. Маш сайхан туршлага, бусдад хэрэгтэй арга ажиллагаа гэж нэрлэлтэй.

Энэ мэтээр санаа авах зүйлс Ц.Түвшинтөгсийн ном товхимолд цөөнгүй байгаа нь үнэхээр сайшаалтай. Өсвөр залуу насныхан, хүүхэд багачууд түүний дээр дурдсан ном зохиолтой ойртон танилцвал олзуурхан шүүрч авч өөрийн болгож хэвшүүлэх юм арвин ажээ.

Ц.Түвшинтөгс зөвхөн асуудал дэвшүүлж хөндөн тавьдаг төдийгүй уншигчдыг бодол эргэцүүлэлд уриалан дууддаг нэгэн. Түүний бичсэн “Цалиг биеийн цадиг бичээс” хэмээх номонд “Дугуйрахуй ба дугуйлан” гэсэн сонин эргэцүүлэл оржээ.

“Цаг цагийн мэргэдийн айлдсанаар ертөнцийн олон дүрсээс хамгийн түгээмэл агаад хорвоогийн жамаар буй нь дугуй бөгөөд тэр нь ямагт зөв зохистойг бэлгэддэг гэнэм.

Дүгэрэг наран болон тэргэл саранг арга билгийн шүтэлцээнд дээдэлдэг монголчуудын мөнх оршихуйн орон нь өргөө цагаан гэр, түүний хорол тооно, өрхийн ахлаачийн зүүсэн хаан бугуйвч тэргүүтэн нь цөм л мөнөөх зохист амьдралыг илэрхийлдэг ажээ.

Хүн төрөлхтөн олон эрдэм ухаанд хамаарах “дугуй” хэмээх шидтэнг бүтээснээр шинжлэх ухааны хөгжилд асар их хурдыг авчран өнөөгийн төвшинд хүрсэн нь өрлөг түүхээс тодорхой” гэж тэрээр өгүүлээд цааш нь:

“Гүн ухааны олон сургааль номлолоор бол ирээдүй дотор өнгөрсөн нь далд оршиж, өнгөрсөн дотор ирээдүй нь “ураглаж” , үүсэхүйд мөхөхийн шалтгаан эхэлж, мөхөхүйд үүсэхийн үүдэл бүрэлдэж, хорвоогийн амьдрал тасралтгүй эргэлддэг гэдэг.

“Дугуйрахуй ба дугуйлан” гэсэн энэхүү бичвэрт уншигч таны анхаарлыг чиглүүлж, энгийн амьдралын цөөн хэдэн тохиолдлыг жишээ татья.

  • Хошуу ноён Манибадарынхаа увайгүй явдалтай эвлэрээгүй Цэцэг нуурын ардууд “дугуйран” байж, “дугуйлан” хэмээх нэртэйгээр заргын бичгээ үйлдэн, Ард Аюушийн удирдлагаар үүсгэжээ
  • 100 гаруй жилийн өмнөөс Монголын олон ноёд түшмэд Хан Богд хайрханыхаа аманд “дугуйран” хэлэлцэж, үндэсний эрх чөлөөний төлөөнөө эвлэлдэн нэгдэж, Манжийн эрхшээлэээс гарах арга зохисыг эржээ
  • 1920-оод оны эхэн үеэс ард түмнээ гадаадын дарлалын гашуун зовлонгоос ангижруулах гэж хатан зоригт хөвгүүд Нийслэл хүрээнд үе үехэн сэм “дугуйрч”, нам хэлэлцэн, санаа бодлоо ойлголцож, улмаар Монгол Ардын Нам хэмээх улс төрийн хүчний үндсийг тавьжээ.
  • 1990-ээд оноос Улаанбаатар хотын Залуучуудын байгууллагын Дугуй танхимд цугласан энэ цагийн баатрууд ардчиллын шанг татаж, Шинэ зуун, Шинэ Мянган, Шинэ Эринд шилжин орох их үйл хэргийг эхлүүлжээ.

Дугуйрахуй ба дугуйлан нь зөвхөн монголчуудын амьдралд шинийг үүсгэсэн төдийгүй газар газарт, орон оронд лавтай ул мөрөө гаргажээ. Монголын эзэнт гүрний Их хуралдай дэлхийн бөмбөрцгийн нэг талын их хэргийг хэлэлцэж байхад Ромын эзэнт гүрний язгууртнууд дугуй танхимдаа цагийн явдлыг шүүн тунгааж байсныг бид түүхийн сурах бичгээс мэдсэн.

Дугуйрахуй ба дугуйлан нь гагцхүү төрийн хэрэг, улс үндэсний асуудлыг орвонгоор нь эргүүлэхэд чиглэдэг төдийгүй энгийн олон ч ажил амьдралаа өөрчлөн шинэчлэхэд нөлөөлдгөөрөө гайхамшигтай.

1921 оны намрын тэр нэгэн өдөр Нийслэл Хүрээний “Гүргүүл” Чүлтэмийн хашаанд шинэд хүсэн тэмүүлдэг 17 залуу дугуйран хэлэлцэж, Монголын залуучуудын анхны байгууллагыг үүсгэхээр шийдэж байсан бол 1929 оны эхний өдөр бичиг номд хорхойссон 17 залуу дугуйран сууснаас шинэ Монголын олон зохиолч төрөн гарчээ” хэмээжээ.

Дугуйрч суугаад зөвлөлддөг дугуйлангийн тухай сонирхолтой эргэцүүлэл болсон байна. Монголын баялаг жишээ баримт дээр тулгуурласан нь бүр ч олзуурхууштай. Тиймээс их үнэмшилтэй, эргэцүүлж бодууштай нийтлэл болсон санагдсан.

Хүүхдийн Түвшинтөгсийн хүрэхгүй, оролцохгүй ажил гэж үгүй. Нийгмийн хариуцлага туйлын өндөртэй хүн гэж түүнийг таньж мэддэг нөхөд нь үнэлдэг юм байна.

“Хүмүүс Ц.Түвшинтөгсийг бал цуглуулж явдаг зүйрлэшгүй  хөдөлмөрч “ажилчин зөгийтэй” зүйрлэх нь бий” гэж манай нэртэй хүүхдийн зохиолч, сэтгүүлч С.Надмид  1995 онд “Үнэн” сонинд үнэлэн бичиж байсан бол МУСГЗ, төрийн соёрхолт зохиолч Ж.Дашдондог “Ц.Түвшинтөгсийн ажил, амьдралын олон талт үйл ажиллагаа нь надад сонирхолтой булангуудыг уншигчиддаа өргөн барьж байдаг сэтгүүл мэт санагддаг. Ц.Түвшинтөгс хүүхэд, залуучуудын байгууллагын амьд нэвтэрхий толь” гэж үнэлжээ /”Хүүхдийн төрийг байгуулцав. УБ, 2016, 196 дахь талд харна уу/

Хүүхдийн зохиолч Г.Ловор  2001.04.06-ны өдөр түүнд зориулж нэгэн шүлэг бичин түүндээ:

Хүүхэд багачуулд хүрэлцээ төгс

Хүн ардад хүндлэл төгс

Хийж бүтээхдээ хийгүй төгс

Хэлж ярихдаа хэлэмгий төгс

Ажил төрөлдөө алдашгүй төгс

Анд нөхөддөө олдошгүй төгс

Ахуй амьдралдаа алзашгүй төгс

Алдар нэрээрээ түвшинтөгс

Төр, засагтаа гавьяа төгс

Төрүүлсэн ээждээ ачлал төгс

Түмний залууст дууриалал төгс

Төрсөн биедээ Түвшинтөгс” хэмээн тодорхойлжээ. /”Улсын эрхэм: гэр бүл, үр хүүхэд”. УБ, 2012, 202 дахь тал/

Хүүхдийн Ц.Түвшинтөгс хэмээх эгэл даруухан атлаа эгэлгүй хөдөлмөрч энэ хүн өнөөдөр ч хүн ардаа, хүүхэд багачуудаа танин мэдүүлж соён гэгээрүүлсээр явнам. Юутай гайхалтай, бас юутай бахархалтай. Ийм хөдөлмөрч хүмүүсийн нуруун дээр Монгол Улс минь оршин тогтном бус уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.3.20 № 58 (6025)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ