Уран зохиол: “Петербургийнхээс илүү сайн хүүхнүүд энэ дэлхийн хаана ч байхгүй” буюу Михаил Жванецкий 85 нас хүрлээ

2019-03-16

Д.ЭНХЭЭ

Шог зохиолчийн төрсөн өдөрт зориулан түүнтэй хийсэн хэвлэлд гараагүй ярилцлагыг “Комсомольская правда” нийтэлснийг орчуулан www.polit.mn-ийн уншигчдадаа хүргэж байна.

1963 онд Аркадий Райкинтай Одесс хотноо танилцсаныхаа дараа Михаил Михайлович мэргэжлийн шог зохиолчийн намтар түүхээ эхэлжээ. Түүний зохиол бүтээлийг нэрт жүжигчин үнэлж, Ленинградын миниатюр (бэсрэг жүжгийн) театрын (одоо Аркадий Райкины нэрэмжит эстрадын театр) урын санд авчээ. Жилийн дараа Жванецкийг театрынхаа уран бүтээлийн салбарын эрхлэгчийн албан тушаалд урьсан. Энд ажиллах хугацаанд гурван зуугаад бэсрэг зохиол, монолог туурвисан бөгөөд зохиогч өөрөө тайзнаа уншдаггүй байжээ.

МАМИНТАЙ ХАМТАРЧ КИНО БҮТЭЭХИЙГ ХҮСДЭГ

 

-Ленинград-Петербургт сайн сайхан зүйл маш их байсан. Чухам энэ хотод амьдарч байхдаа би үнэхээр олон зүйлийг таньж ухаарсан. Эндхийн кино, театрынхантай би онцгой холбоо харилцаа тогтоосон. Тэд бол өнөө цагт маш ховордсон ёс жудагтай хүмүүс. Өнөөдөр олон хүн ёс жудгаа алдаж байна. Тэр үед Аркадий Райкины дэргэд Миниатюр театрт ажиллаж байсан манай нутгийн танилууд болох Карцев, Ильченко нарт зориулж би анхны зохиолоо бичдэг байлаа. Андрей Битовтой дөнгөж кино зохиол бичихэд сурч байх үеэс нь дотно нөхөрлөсөн.
Александр Володиныг байнга онцгойлон хайрладаг байсан. Тэр “Осенний марафон”-д шинэ дүр бүтээж, хэрэгтэй үед “үгүй” гэж хэлж чаддаггүй бидний үеийнхнийг харуулж чадсан. Энэ үгийг хэлж чаддаггүй эрэгтэйчүүд хүүхэд, эмэгтэйчүүдийн хөлд дарагддаг юм.
Юрий Маминыг агуу найруулагч гэж боддог. Түүний бүтээсэн “Окно в Париж”, “Фонтан” зэрэг киног дахин дахин үзэх дуртай. Миний өгүүллэгүүдээр түүнтэй хамтарч кино хийхээр ярьж тохирч байсан үе бий, энэ санаа бодлоо өнөөг хүртэл орхиогүй яваа. Мамин намайг дуудах л юм бол би хамтарч ажиллахад бэлэн.

МОСКВАД АМЬДАРЧ, ОДЕССТ АМАРДАГ

 

Хэдэн жилийн дараа Жванецкий Райкинаас явж, чөлөөт уран бүтээл туурвиж, эхлээд Одессын филармонид, дараа нь Москвагийн “Эрмитаж” театрт өөрөө тоглолт хийдэг болсноор олны дунд гайхалтай нэрд гарсан. Хожим нь хувийн миниатюр театраа үүсгэн байгуулж удирдах болсон.
– Москвад гол төлөв өвөлжиж, Одесст зуслангийн байшиндаа зусдаг хэмээн шог зохиолч хүүрнэв. Хуучны Одессыг дурсаж санахаар Москвад амьдрахад бэрх санагддаг. Гэхдээ хуучны Одесс аль эрт байхгүй болсон. Авьяастай, ухаантай маш олон хүн гадагшаа явцгаажээ. Энэ хотод утсаар ярьж, уулзаж учрах хүнгүй болсон. Шинэ зохиолоосоо уншиж сонирхуулах дөрөв, тавхан хүн л байна. Шинэ бүтээлийнхээ талаар санал солилцохоор Америк, Герман, Израиль гээд олон тийшээ утасдах хэрэг гарах юм. Гадаад өнгө төрхийн хувьд хот улам л сайхан болж байна, хотын эрх баригчид ажлаа муугүй хийж байгаа, үзэх харах юмтай, гудамж, зам талбайгаа өнгөлж. будаад … Гэхдээ тэр зам талбайгаар огт өөр хүмүүс алхаж байна. Одесс хотын нэрийг магадгүй өөрчлөх хэрэгтэй ч болсон юм болов уу.
70-аад онд Жванецкийг Высоцкийн нэг адил “бичлэг”-ээр, 80-аад онд хаалттай концерт дээр, 90-ээд онд хамгийн зартай том тайзнаас сонсдог байсан. Оросын телевизийн төв сувагт тэр байнгын “Улсын жижүүр” нэвтрүүлгийн гол үүрэг гүйцэтгэгч байсан, гэхдээ ОХУ-ын Ардын жүжигчин цолыг Филипп Киркоров хүртсэнээс хойш дөрвөн жилийн дараа 2012 онд түүнд олгосон.
-Тайзан дээр гарах бүрийдээ сэтгэл догдолдог. Нэг удаа сэтгэл хөдлөөд дараагийн удаад хөдөлдөггүй байж болохгүй шүү дээ. Ялангуяа гоё сайхан том танхимд, олон хүний нүд чамайг ширтэн харж байхад. Түүнээс гадна чиний өмнө, тухайлбал, Анатолий Трушкин мэтийн авьяаслаг хүмүүс тайзан дээр түрүүлж гарсан бол. Тэр 5.90-ийн өндөрт харайсан гэсэн үг. Тэгэхээр чи 4.60, ядахдаа 5.80 дээгүүр заавал харайх хэрэгтэй болно.
Нэг удаа янз бүрийн номеруудаас бүрдсэн нэгдсэн концерт дээр би танхимыг эзэмдэж чадаагүй юм. Энэ бол Кремлийн ордонд болсон “Юморин” тоглолтын нэг дээр болсон юм, би тайзан дээр гарч зохиолоосоо уншиж эхлэв, монолог дундаа орж байтал үзэгчид шүгэлдэж эхэлсэн. Тэд чухам ямар янзын үзэгчид байсан юм бол, одоо хүртэл мэдэхгүй явдаг.

 

ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛГААГ ТОДРУУЛАХЫН ТУЛД Л ХОРВООГИЙН БҮХ ҮЙЛ ЯВДАЛ ӨРНӨЖ БАЙНА

 

Михаил Жванецкийн хувийн амьдрал уран бүтээлтэйгээ адил маш олон талтай. Жүжигчин хэд хэдэн удаа гэрлэсэн, олон хүүхэдтэй. Тэрээр хоёр хүү, гурван охинтой. Мэдээж, олон ач, зээ нартай.

1970-аад онд Жванецкийг Высоцкийн нэг адил “бичлэг”-ээр сонсдог байсан.

Гэрэл зургийг: БОРИС КУДРЯВОВ

-Эрэгтэй, эмэгтэйчүүдийн ялгаа уран бүтээлд үнэхээр чухал ач холбогдолтой. Энэ бол сэтгэл зүрх, тархи оюуныг эзэмдсэн гайхалтай бурханлаг, бие махбодийн ялгаа, өөрийн эрхгүй алга ташихад хүргэдэг юм. Ийм л ялгааны тухай би бичиж туурвидаг. Хорвоо дэлхий дээр болж байгаа бүхэн ч үүнд л зориулагддаг.
Шог шүүмжлэлт зохиол бичсэнгүй гэж намайг зэмлэцгээдэг юм, иймэрхүү хэл яриа сонсохоор дотор муухай оргидог юм. Шог шүүмжлэлт зохиол бичдэг хүн өнөө цагт хангалттай олон болсон. Миний хувьд хөдөлгөгч гол хүч болсон энэхүү ялгаан дээр суурилж би зохиолоо бичиж туурвидаг юм.

 

ПЕТЕРБУРГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД НАДТАЙ АДИЛ ҮНЭНЧ ХҮМҮҮС

 

Залуудаа би хүүхнүүдийн царай зүс, хөл гарыг харж нүд унагадаг байсан бол одоо харин бүх эмэгтэйчүүд миний хувьд тоглолтыг амжилттай болгодог үзэгчид. Эргэн тойрныг ажиглаж харахаас бүх зүйл эхэлдэг. Нэг удаа бүжиг хийж явахдаа юу ч ярилцаагүй мөртлөө бүжгийн дараа би гэдэг үнэнч хүн өөрийн эрхгүй заавал гэрлэх ёстой болчих гэх мэт ховорхон тохиолдол гарч л байсан.
Харамсалтай нь, би өнөөдөр Петербургээс аль хэдийнэ холджээ. Гэхдээ надад итгээрэй, петербургийнхээс илүү сайн хүүхнүүд энэ дэлхийн хаана ч байхгүй. Гоё сайхан бие галбир, дур булаам царай зүс, уян зөөлөн сэтгэл зүрх гээд бүгд л орчин тойрныг таатай сайхан болгодог юм. Эелдэг сайхан ааш зантай, үнэнч яг л над шиг.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ