Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг шударга ажиллахыг шаардлаа

2019-03-15

Б.Нямдорж

Ардчилсан залуучуудын холбооноос цаг үеийн асуудлаар өнөөдөр /03.15/ мэдээлэл хийлээ. Тэд  Эрдэнэтийн 49 хувийн асуудал, 60 тэрбум, ЖДҮ, ШХАБ-тай холбоотой асуудлын талаар  байр сууриа илэрхийлсэн. Ардчилсан залуучуудын холбооны  ерөнхийлөгч С.Эрдэнэболд “2016 оны сонгуулиар АН маш том даалгавар авсан. Тэр нь шинэчлэл байсан. Бид шинэчлэлийг таван зарчмаар харсан. Ингээд үзэл баримтлал, үндсэн дүрэм, хүний нөөцийг ил тод болгох, санхүүгээ мөн ил тод болгох, оролцоонд тулгуурлаан шийдвэр гаргадаг бодлогын нам болох гэсэн таван зорилт гаргасан. АН-ын үйл явц 2016 оноос хойш шинэчлэлээр дүүрэн байлаа. Хамгийн эхэнд намын даргын сонгууль орон даяар өрнөсөн. Үүнд таван хүн нэр дэвшсэн. Дараа нь Монгол Улсын ерөнхийлөгчид зургаан хүн нэр дэвшсэн. Үүний дараа Ардчилсан залуучуудын холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль болсон. Энэ нь шинэчлэлийн эхлэл байсан. Энэ бүхэнд залуус маш идэвхтэй оролцсон. Үндэсний бодлогын хорооны 410 гишүүний 50 хувь нь 39-өөс доош насны залуус байна. Мөн 2018 арванхоёрдугаар сард намын их хурлаа зохион байгуулж, Намын үзэл баримтлалыг 1000 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан. Ингэснээр АН-ын үзэл баримтлал 2019 оны нэгдүгээр сард дээд шүүхээр батлагдсан. Нийгэмд үүсээд байгаа бүх хямрал нь үзэл баримтлалаа баримталдаггүй байснаас эхтэй. АН-ын дотоод тэмцэл ч мөн үүнтэй холбоотой. Тиймээс бид үзэл баримтлал дээр түлхүү ажилласан  гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ