Умардын нэгэн ой

2019-03-14

/Найраглал/

Аавынхаа гэгээн дурсгалд зориулан охин Б.Агни, Б.Лакшми, Б.Амрита нараас нь нийтлүүлэв.

 

Сайнбуянгийн Боожоо

 

Өөнтөгт уулын нөмөр бараадан

Өвдөл заяаны чийгээр тэжээгдэн

Өнийн хоосон зүүднээ умбасан

Өчүүхэн нэгэн хэсэг умардын ой

Өргөн дэлхийн цээжнээ зүүрмэглэн байжээ

 

Дүйцэх үлгэрээн хавиасаа хараагүй болохоор

Дөмөгхөн талбиунаа диваажинд тооцон

Дүнсгэр том модод энд мөчир дэлгэн

Дөнгөж соёлох зулзган үрсээ таглан

Дөмхий өмнө наранд ойртуулалгүй хүглийнэ

 

Бусдын хөлөөс бузгай зайтай энэ ойд

Бут сөөг тун ховорхон, бурам жимс цөөхөн

Бурхны ертөнцийн ээлт наран мандахуйяа

Буурал модод нь түрүүлэн тосч

Буух илчийг нь булаан урьтах ажуу

 

Барзайсан холтост данхагар модод

Балар шугуйд ноёрхолоо дархлан

Байгалийн шимийг цөлмөн сорж

Бал голруугаа тэнхээ мэдэн чихнэ

Бага зулзаган моддон ангаана

 

Нартын илч хурмастын чийгээр тэжээгдэн

Найралт зохицолт увидасаар өлзий дэлгэрэн

Навч юугаан тэтгэн шинээр бүтэх жамтай ой

Насны цагираг үндэсний олондоо бардамнах

Нарийндаа бол өтөл голдуу модод боогдоно.

 

Наран сацрал өгөөмөр туяа хааяа

Налагар моддын сиймхийд тусахуйяа

Навчаан дэлгэх ховорхон заяа

Нахиалах туяхан моддод хайрлахуйяа

Найралтын орчилтай тэд өрсөн өндийхүйеэ

 

Цагийн юм цагтааг мэдрэх нэгэн сэхээрэл

Цаг юугаан олны сүсэгт нийцүүлэн эзэгнэх нэгэн ур

Цаг ирэхийг угтуулан харах нэгэн эрдэм

Цаадахаа бодож хойчоо энэрэх нэгэн ухаан

Цаглашгүйд үрийн үрээр батжих мэргэдийн мөр

 

Оройн салхийг ч туяан биеэрээ даах

Орчлонгийн шуургыг ч уяны билгээрээ давах

Орь залуу олон моддоо осол үгүй тэтгэн

Ойр холдоо үндэсээ батлахын оронд

Олдой өтөл модод отог төрлөө сүүдэрлэсээр…

 

Эрээнтэй энэ замбуулин хөнөөлт салхитай

Энд чнэг дэгдэнэ, тэнд ч нэг хуйсганана

Энгэрийн нугачаанд нуугдсан тэр ойг

Энэлэлийн шуурга харин тойрон өнгөрнө

Эрийн сайндаа үлдлээ гэж элэх болсон модод ярина

 

Өвлийн цаг шөнийн уртад ой амьдралгүй мэт аниргүй

Өглөөний наран будант тэнгэрт ууссан мэт өнгөгүй

Өлдүү улирлын хөлдүү хөрсийг цочроон бархирсаар

Өөдгүй хэрээн сүрэг нэгэн өдөр салбаганалаа

Өмхөрч илжирсэн ойн мөхлийг ёрлон гуагаллаа.

 

Хадан уул ч эмбүүрэн замхардаг энэ ертөнцөд

Хар өтөл модод яалаа л гэж мөнхрөх билээ

Хамхуулын төөргийг нэгэн цагт эдлэх энэ орчлонд

Халаагүй соёрхолт юм гэж хаана л байх билээ

Харваас энэ хорвоо бол хорвоо нь өнгөрдөг хорвоо.

 

Харь тэртээ усны холоос гэнэт

Хар салхи дэгдэн хаврын хавсарга дэлдлээ

Хан хурмастын шуурга нүүрлэн дэлхий үймлээ

Хад асга юүрэн хуурмаг нөмөр сүйрлээ

Халхавчгүй болсон ой нүцгэн биеээр хоцорлоо

 

Аймшигт салхи эрчлэн довтоллоо

Аюул хөнөөлөөр нүүдэллэн шуурлаа

Алмагай ойг галбын нэрээр ялаллаа

Амиа арынхаа ууланд даатгасан хэдэн модыг

Асуурын тэнхээгээр хүчлэн дугтарлаа

 

Өмхөрсөн хар модод өтөл биеэн даалгүй

Өрнүүн эрчигт шуурганд өнгийн дуугаар хяхнан

Өршөөл гуйн, өгөрийн хараал тавьсаар

Өмх үсрэн үхэдхийн хугаран уналаа

Өчүүхэн жодоог ч бас няц даран ойчлоо

 

Залуу тачирхан мөчир ногоон шилмүүс

Заяаны хоногоо дууссанд гаслан савчина

Замбуулинд өөрийн эрхгүй байсныхаа гайг эдлэн

Замхрах хорвоогийн хөлд аргагүй үрэгдэнэ

Завсаргүй дээр дээрээсээ овоорон ойчно.

 

Ой нь ой биш, орчих хорвоогийн ором төдий боллоо

Орвонгоороо налсан моддын оршил газар боллоо

Олноороо сүйрсэн шугуйд амьдрал саарлаа

Оог цоог газарт тэмдэг төдий юм үлдлээ

Орчлонгийн соёрхолд хойчоо даатган ой сөхөрлөө

 

Салхи үелэн үелэн эрчилж шуурна

Сарнисан ойг дараа дараагаар нэрвэнэ

Сархиагийн шалбаагаар ундалсан ойн хөрс

Сайр чулуу болж уулыг бутархад хатна

Савж хиарсан ой шавьжийг идэш болж үйрнэ

 

Агаар газрын тэнчрэл, армагаар хоолох салхин

Адайр ёрын сахиус амьдралаар тоглогч хүчин

Аашаа хувирган аадраар амьсгалан цуглавч

Ангасан хөрснөө тогтох зохиол үгүйеэ

Асга шороог хуйлан булингараар уруудах учиртайяа

 

Салхи дахиад л агсарна, самарч бүгдийг хутгана

Сайны ерөөл дуусч, самуугийн эрин болсон мэт санагдана

Сандарч мэгдсэн ойн гөрөөс салхи уруудан дүрвэн одно

Сар нь хүртэл хургасан шөнийн тэнгэрт гагцхүү

Сарьсан багваахай, шар шувуу хоёр л эргэлдэнэ

 

Дайлаар ирсэн шуурга, давалгаат үерийн хөлөөс

Дайжиж ойн гөрөөс үргэсээр байхад

Дажин мөрт олби оготно могойн хамт хоцрон

Тайчиж үхэдлийг оролдоно, таарвал амьдыг асна

Тахлын үед ч болов таргалж хөеөлж амжина

 

Гайн түрүүч өнгөрөхүйеэ гайхам байдал ажиглагдлаа

Газар дэлхий зовсны жишим ч үгүй харагдана

Гаслангаа эдэлсэн ой арилаа юу гэтэл, бас ч оромтой

Газар газар хэд гурван, тачир ч болов модтой

Гаднаас нь харвал ой ч юм уу гэлтэй

 

Намнагдсан моддыг хажуулсан орвонгоос салаалж

Нахиалах янзтай хатингар мөчрүүд үзэгдэнэ

Нартад ингээд үхэдлийн үндсээр тэжээгдсэн

Нас богинотой цөвдлийн омог ойг төлөөлнө

Найгаж сарвалзсаар насаараа ноёрхоно хэмээн шуугина

 

Багир шуурганы хөнөөлт ширвэлтэнд

Баларч өртсөн өтөл моддыг

Баатар хүчээрээ унагасан мэт

Бадар мөчрүүд сайрхан ярина

Бал хар үндэснээс нь ургаснаа нууна

 

Хатингар мөчрүүд өөрслийгөө нэрлэх нь хачирхалтай

Хажуулсан ч болов халуун зүгийн биш модны салаа атал

Харь газрын нимбэгээ бид гэлцэх нь хачирхалтай

Хамгийн үүдэгч байгалийн зохилдлолыг тэд эвлэхгүйеэ

Хар модны мөчир ямарч үед хар модны мөчир нь маргашгүйеэ

 

Ойчсон моддыг үндсэнд наалдсан шавраар тэд гол зогоон

Ойр холоос салхиар шидэгдсэн хумхиар тэтгүүлэн

Оршлын бөөрнөөс салбарласан газраас хөндий дүүжигнэснэ

Одод эрхэстэй зэрэгцсэн мэт дөвийлгэн шагширна

Ойртох эцсээ мартах гэж олиггүй зугаагаар хоног төөрүүлнэ

 

Хорвоогоор юмс өөрийн гэсэн хатуу жамтай

Хоосон зайг хаана ч орхидоггүй учиртай

Хорогдсон хэдэн моддыг гүйцээж дуусгахаар

Хол ойроос явган шуурга өрвөлзөнө, өнгөлзөнө

Хогийн ургамлыг хийсгэж ийш авчирна, шавуулна

 

Эндсэн нарсан ойн шилмүүст үрсэд

Эргэж төлжих завдал өгөлгүй

Эзэнгүйтүүлж хөрсийг нь булаахаар

Элдэв газрын таримал суулгац хүртэл овоорно

Эвийг нь олоод хоорондоо хуваахыг оролдоно

 

Алсаас ороонгын тэмтрүүлүүд нааш гэтнэ

Асга нурангийг доогуур сэм мөлхөнө

Амиа хоолойлох арга эрж ядсан дээрх мөчрүүдийг

Ар өврөөс нь торлон түшиж хамт өндийхээр зэхнэ

Амьсгалийг нь боогоод гагцаар хоцрохыг горилно

 

Хожмын тавилангүй эдгээр мөчрүүдтэй өрсөн

Хожуул хүртэл цээжгүй бөгсөө гололгүй

Хорт мөөг, хагт өвдсөөр биеэ бүчүүлж

Хонзогнолын тульхи үгээ улиглан давтана

Хойчийг ойг төлжүүлэх төгөл бид хэмээн төөхөгдүүлнэ

 

Ярагдсан үндэсүүд бага багаар хатна

Яахын аргагүй дахиад үхэл, мөхлийг даллана

Ярзаганасан өт ойр тойрноос нь арвалдана

Яйраад ирэх цагийг нь хүлээж бужигнана

Яндарын илбээр ялзархай идшээ арвижуулахыг яарна

 

Арга билгийн хорвоо алдарна гэж үгүйеэ

Адбиш салхин боллоо ч амьдарлын зулыг унтраахгүйеэ

Ахын уул сөнөж ацаг нөмөр ахиллаа ч

Ачит дээдсийн буяны хөрсийг арчиж, хийсгэж чадахгүй

Амгалан ерөөлтийн хоймрыг аянчин салхи ноёрхохгүй

 

Мөнх тэнгэрийн доол мөнх бусын орчлон

Мөхлийг авчрах шуурга мөхөсдөөд өөрөө ч устана

Мөн бишийг ялгалгүй сүйтгэл үүдээд саринана

Мөч бүрийг эзэгнэхгүй, мөрөө хараар зураад арилна

Мөнхийн орчлын агшин болж мөчдийг түүхнээ бичигдэнэ

 

Эгнэгт шүтэн барилдахуйн учралаар ойн хөрснөө

Эснэл мөхөл халалцана, хамсалдана

Элдэв үйлийн шалтгаан үр боловсорно бүрэлдэнэ

Эргээд хөрсөөр тэжээгдэн дагаварлана, давамгайлна

Эрчих хорвоогийн тойрог сааршгүй дарааллана, давтагдана

 

Хөндий голт хөсрий моддыг зоон дээр

Хөлгүй индэрийн найр нанчилдаан үргэлжлэвч

Хөвдийн дороос байгалийн жамаараа амьдал түрнэ

Хөрсний гүнээс өөр моддыг үрс нар агаарыг тэмцэнэ

Хөвчийн ой жинхэнээр шинэчлэгдэх дохио орно

 

Буцалтгүй урсах амьдралын их мөрөн хүчтэй агаад

Бууж замдаа саатах эргэж урсах нь үгүй болохоор

Буснилын хөлд сүйрсэн ойн амьдралыг дарамталсан

Бул чулуу, булгарсан моддыг тэмтхүүлийнх нь хамт

Бутлаж, бусгуулж зайлуулан шинэ үрс хөрснөөс цухуйна

 

Учиртай энэ орчлонд учиггүй юм нэж үгүйеэ

Уулыг догшин салхи уулгалан дайрч нураахуйяа

Усны ундарга ярагдаад урсгал нь сэргээд ирнэ

Учралт цагийг хүлээсэн удмын үрс соёолно

Угийн хөрсөндөө зохицолд амьдрал цэцэглэх цаг ойртоно

 

Үжрийн унахад үнгэгдэн дарагдсан зулзаган модод

Үхлийн сорилыг даваад үүрийн задраан тэнийнэ

Үржилт хөрснөөс нахиалсан үрсийг хамгаалан турагшина

Үеийн үеэс өлзий дэмбэрэлийн өлгий нутгаа бадраана

Үлэмжийн төгөлдөр хорвоогийн найралд нийцэн шинэ ой бүтнэ

 

Дрездэн-Парис-Берлин-Улаанбаатар. 1993-1998 он

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ