Б.Батболд: Алимны модны сортыг Хятадаас биш Ховдын Булганаас сонгоорой

2019-03-13

Б.ДОЛЖИНЖАВ

Хаврын урин дулаан цаг ирж буй энэ үед хашаандаа мод, жимс тарих сонирхолтой байгаа уншигчидаа зориулан “Танайд мод тарья” ТББ-ын тэргүүн, нэвтрүүлгийн санаачлагч Б.Батболдтой ярилцсанаа хүргэж байна.

-Өдийд айлууд хашаандаа болон зусландаа тохижилт хийж эхлэх гэж байна. Юунаас эхлэх ёстой вэ, хөрсөө бэлдэх үү?

Эхлээд сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй. Та үнэхээр мод тарих хүсэлтэй байна уу. Тийм бол эхлээд модны талаар ойлголттой болж, ном унших, найз нөхдөөсөө асуух  хэрэгтэй. Дараа нь хөрсний бүтцээ мэргэжлийн байгууллагаар судлуулж болно.  Хужир ихтэй юм уу, цэвдэгтэй юү гээд хѳрсний шинж чанараа судалж байж ямар мод тарихаа шийдвэл илүү үр дүнтэй байдаг. Дан хар шороотой хөрс бол сайндаа ордоггүй. Учир нь хар шороо модны үндсийг битүү хучаад амьсгалуулахгүй. Тиймээс хайргатай холино. Хайрга нь модны үндэсний завсарт судал үүсгэж түүгээр борооны ус нэвчиж өгдөг. Үүний дараа модны сонголт чухал. Эхлээд модтойгоо танилцана. Тарих гэж буй мод чинь ямар ач холбогдолтой, ямар бүтэцтэй, хэр өндөр ургадаг, үндэс нь хаагуур явдаг юм бэ гэдгийг судлах хэрэгтэй.   Модны шинж чанараа мэдэж модоо зөв сонгох хэрэгтэй. Хамгийн чухал зүйл бол ус. Усныхаа асуудлыг хэдэн хувь шийдсэнээс модны тоо шалтгаална. Усны асуудлаа шийдээгүй байж олон мод тарьвал дэмий олон мод үрэгдэнэ гэсэн үг.

-Ихэнх айл 0.07 га газартай байдаг. Энэ хэмжээний газрыг тохижуулахад ямар төлөвлөлт хийвэл зүгээр вэ?

Хашаагаа тохижуулахад төлөвлөлт их чухал. Жишээ нь хашаандаа ямар барилга нэмж барих, ямар мод хэчнээн тоогоор тарихаас тѳлѳвлѳлт хамаарна. Мандлын, тасалгааны цэцэг, мод гурав холбоотой. Мандлын цэцгийг саванд тарьвал зүгээр. Газарт тарьвал нэг настай цэцэг намар үхчихээр хөрс нь үлдээд хөрсний шим тэжээл алдагддаг. Саванд тарьвал газар нь гэмтэхгүй. Бага орон зайд яаж үзэсгэлэнтэй харагдах гэдгээ бодож тѳлѳвлѳлтѳѳ хийгээрэй. Жишээ нь сайхан үнэртэй модыг гэрийн ойролцоо тарьж болохгүй. Ялаа, шумуул цуглана. Жижиг талбайд гоё үзэмжтэй мод цөөн тоогоор тарина.  Цэцэгний хувьд жилийн дөрвөн улиралд өнгөлөг байхыг нь сонгох хэрэгтэй. Жишээлбэл, хавар хамгийн түрүүнд далий ягаан  цэцэглэдэг.  Үзэмжтэй мод гэвэл хавраас намар дуустал цэцэглэдэг тэхийн шээг, долоогоны модыг сонгоорой. Зун цэцэглэдэг ургамал ч бас бий. Ургамлынхаа суулгацыг авахдаа сайн асууж тохируулан авч болно.

-Мод тарих тохиромжтой хугацаа яг хэзээ вэ. Хэрхэн зөв тариалах вэ. Ямар настай суулгац сонгохоос эхлээд асуудалтай тулгардаг?

Мод тарих ажил нь бүсчлэлээс хамаардаг. Ерөнхийдөө дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 20 байдаг. Гэвч бүсчлэлээс хамаараад газар гэссэн цагт тариалах ажил эхэлнэ. Жимсний модыг намар биш хавар тарина. Тарьц, суулгацны  стандарттай эхлээд танилцах хэрэгтэй. Намар зөвхөн чацаргана тарьж болдог. Алим, интоор жимсний модыг хавар тарих хэрэгтэй. Модны өндөр, үндэс, ишнээс хамаарч I, II зэргийн мод гэж ангилсан байдаг. 20 см өндөртэй нэг настай модыг тарьц гэнэ. Тарьцыг ойн нөхөн сэргээлтэд ашигладаг. Харин хоёр наснаас дээшхийг суулгац гэнэ. Суулгацаа мэргэжлийн байгууллагаас авах хэрэгтэйг зөвлөе. Гудамжнаас, хувь хүнээс худалдаж авах хэрэггүй. Ямар модыг яаж, хаана тарих, модныхоо гарал үүслийн бичгийг заавал асууж байгаарай. Хаанаас ирсэн, хэн гэдэг хүн үржүүлсэн мод вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Ер нь модны навч гарахаас өмнө унтаа байдалтай байхад нь тарих ёстой. Навч нь гарчихвал амь орно. Амь орохоор хөрстэйгөө зохицохгүй. Тиймээс унтаа байдалд нь тариарай. Модны сонголт тухайн тарих талбайн онцлогоос шалтгаалаад өөр байж болно. Тухайлбал, хүүхдийн цэцэрлэгийн гадаа тарих мод өргөсгүй, бактери устгадаг, агаар цэвэршүүлдэг байх хэрэгтэй. Өргөстэй чацаргана тарьчихвал хүүхэд гараа хатгана. Мөн хэт цэцэглэдэг, хурц үнэртэй модыг шигүү тарьж болохгүй. Өнгөний хослол, зохицол маш чухал. Цагаан өнгөтэй хус тарьсан бол хажууд нь шилмүүс, голд нь Сибирь зэс тарьвал гурван өнгө сайхан зохицдог. Цөөхөн тоотой үзэмжтэй мод сонговол зүгээр байдаг.

-Хүмүүс жимсний мод тарих сонирхолтой байдаг. Гэхдээ жимс нь гарахаас өмнө шантрах нь бий. Эхлээд ямар модыг сонгож тарьвал зүгээр вэ?

Эхний ээлжинд алим, чавганы нэг нэг суулгац тариарай. Суулгацаа баталгаатай газраас авах нь чухал. Жимсэн дээр сорт их чухал байдаг. Алимны мод таван жил болоод жимсэлдэг учраас манай нөхцөлд тохирохгүй мод сонгочихвол таван жилийг дэмий алддаг. Хятаддаа гоё ургадаг ч манай нөхцөлд тохирохгүй байж болно. Тиймээс алимны сортоо Ховдын Булганаас сонгох хэрэгтэй. 3000-4000 мод үржүүлдэг Ховдын жимс, жимсгэнэ үржүүлэх талбайгаас баталгаатай ургах сортыг авбал их сайн. Дараа нь улиас, хайлаасаар ургамлан хашлага хийсний дараа жимсээ олон тоогоор тарьж болно. Эхний удаа газраа сонгоод нар үзэх, нөмөртэй газар ганц алим, ганц чавга тариарай. Шинэ сортын мод бол гурав байх хэрэгтэй. Мөн цагаан, улаан үхрийн нүдний орчин үеийн сортыг олж тарьвал сайн ургадаг. Хуучин сорт нь олон жил үржүүлсээр байгаад жимслэх чадвар нь буурсан байдаг. Алимны мод ургах таван жилийн хугацаанд хурдан жимсэлдэг үхрийн нүд, хөх далайн элс гэсэн модыг тарьж болно.

-Гэр хорооллын айлуудын хувьд нүхэн жорлонгийн асуудал хүнд байдаг. Ойролцоо нь мод тарьж болох уу?

-Гэр хороололд ялгадсыг бордоо болгодог эко жорлон ашиглавал уг нь их боломжтой болсон.  Бохирыг нь ялгаад усыг нь цэвэршүүлээд тэр усаараа мод, ургамлаа усалдаг технологи гарчихсан байгаа. Нүхэн жорлонгийнхоо хажууд үнэртэй мод тарьсан нь зүгээр. Жишээлбэл, монос тарьвал цэцэглэнэ, агаарыг цэвэршүүлнэ.

Мод тарьсан жилээ хүнсний ногоо тарих тохиромжтой юу. Ямар төрлийн ногооноос эхлэх вэ?

Төлөвлөлтөөс л шалтгаална даа. Зэрэг тарьж болно. Гэхдээ хүнсний ногоо, мод тарих талбайн хооронд ургамлан хашилт хийж өгөх хэрэгтэй. Учир нь ногооны шавьж нь мод руугаа, модны шавьж нь ногоо руугаа орох гээд байдаг. Ногооны сонголтын хувьд тухайн хүний сонирхлоос хамаарна. Хүнсний ногоо зарах сонирхолтой бол хүн их худалдан авдаг ногоо тарьсан нь зүгээр. Үгүй бол өрхийн хүнсний хэрэгцээгээ хангах хэмжээнд хүссэн ногоогоо тарьж болно.

-Хашаагаа зүлэгжүүлэхийн тулд сүүлийн үеийн шилдэг технологи юу байна?

Хуйлдаг зүлэг байна. Гэхдээ зүлэгний сорт маш чухал. Канад, Голланд сорт байж болно. Ер нь холимог сорт ашиглавал зүгээр байдаг. Жишээ нь дандаа ерхөг савар ашиглавал дэрс болчихно. Бутуул нь дотроо олон янз бий. Зүлэг тарихаар шарилж ургахаа больдог. Зүлэгний тал дээр энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагаар хийлгээд зөвлөгөө авбал зүгээр байдаг. Ийм компани олон байгаа. Тэгээд зүлэг тайрдаг машинтай болоод хогийн ургамлаа зүлэгтэйгээ хамт тайраад байвал шарилж аяндаа алга болно. Налуу газарт бол хуйлдаг бэлэн зүлэгний үр авсан нь дээр.

-Хашаагаа тохижуулаад эхэлсэн айл арчилгаанд цаг хэр зарцуулдаг вэ?

-Тайралт, тандалт, хэлбэржүүлэлтийг сайн хийхгүй бол мод ургахгүй. Жишээлбэл, чацарганы бутны хажууд үндсээр нь сэжим гардаг. Түүнийг нь авч хаях хэрэгтэй. Ямар ч модны иш, титэм хүртлээ өө сэвгүй байх ёстой. Үхрийн нүдний суулгацаа тайрч байхгүй бол ургацаа сайн өгдөггүй. Мөн усалгаа маш чухал. Усалгааг өдөр хийхгүй, орой хийнэ. Шилмүүст модыг услахдаа бүлээн усаар шүршүүр ашиглаж услах хэрэгтэй. Сүүлийн үед ус бага ашигладаг технологи олон гарч ирсэн. Ийм технологи хэмнэлттэйгээс гадна цаг хэмнэх, оновчтой сонголт болдог. Дуслын усалгааны систем, борооны усыг тосч аваад услах олон технологи бий. Хамгийн гол нь мэргэжлийн хүнээр хөрөнгө мөнгө, хүч бага шаардах системийг хийлгээрэй.

Эх сурвалж: www.polit.mn 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ