Өнгөрсөн долоо хоногт дэлхийд болсон үйл явдлын тойм

2019-03-11

Х.ОЮУНБОЛД

 

2019-03-4

ОХУ-ын Красноярск хотод XXIV дэх удаагийн дэлхийн оюутны өвлийн спортын наадам энэ сарын 4-нд эхэллээ. Наадамд 60 орны 3000 гаруй 17-25 насны тамирчин медалийн төлөө өрсөлдлөө.

 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага ажлын хөтөлбөрөө Энэтхэг, Пакистаны мөргөлдөөний улмаас шинэчлэхэд хүрсэн байна.

ОХУ-ын “Калашников” буу үйлдвэрлэгч компани гадаад дахь анхны үйлдвэрээ Энэтхэгт  нээх үеэр тус улсын ерөнхий сайд Нарендра Моди оролцжээ.

 

 

2019-03-5

АНУ-ын Хойд Солонгос дахь тусгай төлөөлөгч Марк Ламберт Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаар ОХУ-ын гадаад албаны ажилтнуудтай хэлэлцэхээр Москвад айлчилжээ.

“Валл Стрийт журнал” сонинд АНУ, БНХАУ -ын хооронд өрнөсөн худалдааны дайныг эцэслэх зорилгоор хоёр орны тэргүүнүүд энэ сарын сүүлээр уулзах болсон талаар мэдээлсэн байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт хийх өдөр, газрыг ойрын хугацаанд хэлэлцэнэ гэдэгт найдаж байна гэв.

Венесуэлийн дээд шүүхээс эх орноосоо гарч явахыг хориглосныг зөрчсөн тус улсын эрх баригчид Хуан Гуайдог  баривчилна гэж мэдэгдсэн байна. Гэвч сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо Симон Боливарын нэрэмжит олон улсын онгоцны буудалд бууснаар эх орондоо буцаж иржээ.

 

БНХАУ АНУ-ыг дундын болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээг цуцлах гэж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.

 

2019-03-6

Энэ сарын 5-нд 2013 онд нас барсан Венесуэлийн ерөнхийлөгч асан Уго Чавесийн зургаан жилийн ой тохиожээ.  Тиймээс  бүх твиттер хэрэглэгч түүний дурсгалыг хүндэтгэн энэ талаар жиргэсэн байна.

 

Өмнөд Солонгосын дээд шүүхээс авлигын хэргээр шоронд жил ял эдэлсэн ерөнхийлөгч асан Ли Мюн Бакийг эрүүл мэнд болон бусад шалтгаанаар суллагдахыг хүссэн өргөдлийг нь харгалзан үзэж батлан даалтаар сулласан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлэв.

ОХУ-ын Космокурс компани сансарт жуулчдыг аялуулах сансрын нислэгийн буудлыг 2023 онд дуусгахаар төлөвлөжээ.

 

“Нефтликс” кино компани Нобелийн шагналт Колумбийн зохиолч Габриэль Гарсиа Маркесийн “Зуун жилийн ганцаардал” зохиолоор кино хийх эрх авсан тухайгаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Фэйсбүүк компани ирэх сард Испанид болох сонгуулийн компанит ажлын үеэр хуурамч мэдээ, суртал ухуулгаас зайлсхийхийн тулд тус улсын намынхантай уулзахаар шийдвэрлэснийг намын удирлагууд Спутник” агентлагт мэдээлжээ.

 

2019-03-7

БНХАУ-ын харилцаа холбооны “Хуавей” компани бүтээгдэхүүнд нь тавьсан хоригийг танилцуулсан баримтыг АНУ-ын  конгресс  олон удаа няцаасныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж Техас мужийн  шүүхэд гомдол гаргасан байна. Энэ талаар тус компанийн төлөөлөгч Гуо Пин “Бид ийм арга хэмжээг албан ёсоор авахад хүрч байна” гэж мэдэгджээ.

 

Японы цагдаагийнхан тус оронд хийж байгаа  кибер халдлагын тоо нэмэгдэж байгааг бүртгэсэн. Ялангуяа, ОХУ, БНХАУ, АНУ-ын кибер халдлага өнгөрсөн жилийнхээс мэдэгдэхүйц нэмэгдсэн гэж “Киодо” агентлаг тус улсын цагдаагийнхны статистик мэдээллээс эш татан мэдээлсэн байна.

 

ОХУ-ын эмийн компани анх удаа Кубад хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй эм нийлүүлэх болсныг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

 

2019-03-8

Канцлер Ангела Меркель ОХУ-ын эргийн хамгаалалтынхантай мөргөлдөөн үүсгэхгүйн тулд Германы хөлөг онгоцыг Керчийн хоолойг гатлуулахаар илгээхээс татгалзсан гэж “Блүүмберг” телевиз мэдээлсэн байна. Мэдээнд дурдсанаар хөлөг онгоцоо илгээх саналыг АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс түүнд өнгөрсөн сарын 16-нд Мюнхенд болсон аюулгүй байдлын чуулганы үеэр тавьсан ажээ. Тэрээр үүгээрээ ерөнхийлөгч Владимир Путинд барууны орнууд ч энэ усанд зорчих эрхтэй байхаас татгалзахгүй гэдгийг харуулах зорилгыг агуулсан байна.

 

АНУ-ын шүүгч, ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн компанит ажлын менежер асан Паул Манафортод Украинд хийсэн ажилтай нь холбогдуулан татвар, санхүүгийн  луйврын хэргээр Виржини мужийн шоронд  47 сар хорихоор болжээ.

 

Их Британи, Европын холбоо хоорондоо байгуулах Брикстийн гэрээг батлах Английн парламентын гишүүн нарын санал хураалт энэ сарын 12-нд болно гэж Тереза Мэйгийн Засгийн газрын доод танхимын хэвлэлийн төлөөлөгч  мэдэгдэв.

БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин энэ жил ОХУ-д төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдэв. Тэрээр “Энэ жил ерөнхийлөгч Владимир Путин Бээжинд болох “Нэг зам-Нэг бүс” чуулганд оролцоно. Харин ерөнхийлөгч Ши Жиньпин ОХУ-д айлчлахаар төлөвлөж байгаа” гэжээ.

 

 

Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар Испанийн Ажилчдын ерөнхий холбоо,  Ажилчдын комисс гэсэн тус улсын ажилчдын үндсэн байгууллагын мэдээлснээр  6000 эмэгтэй эсэргүүцлийн жагсаалд оролцсон байна. Тэд эмэгтэйчүүдийн амьдралд байсаар байгаа эрх тэгш бус байдал, эсрэг хүйстний хүчирхийлэл, шударга бус байдал Испани болон бусад оронд байгааг буруутгаж жагсчээ. Түүнээс гадна эмэгтэйчүүдийг хийж байгаа ажлаа зогсоож, гудамжинд гарч дэлхийн эмх журмыг хуучин байранд нь буцааж оруулах, хүйс, арьс өнгөөр ялгаварлах болон шинэ эрх чөлөөний тухай илтгэл тавихыг уриалсан байна.

 

2019-03-9

АНУ-ын гадаад албаны нэг ажилтан ОХУ-ын Шереметьев олон улсын нисэх буудалд мина авч орохыг оролдсон байна. Энэ талаар ОХУ-ын Гадаад харилцааны яам АНУ-ын Элчин сайдын яамнаас тайлбар өгөхийг хүссэн гэж мэдэгджээ. Харин ОХУ-аас нутаг руугаа буцаж байсан АНУ-ын ажилтан минийг хувийн цуглуулгадаа нэмэрлэхээр авсан гэж мэдүүлсэн байна. Түүнээс минийг хурааж, Нью-Иорк руу нисэх онгоцонд суулгаж өгсөн байна.

Каракасын метро энэ сарын 7-ны шөнө тус улсын ихэнх хэсгийг хамарсан эрчим хүчний доголдол гарсны улмаас зогсон үйл ажиллагаа нь сэргээгүй хэвээр байгаа аж. Харин үүнд тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро империалист АНУ-ыг буруутай гэж үзэн буруутгаж байгаа бөгөөд Венесуэлийн эсрэг цахилгаан дайныг удирдаж байна гэж мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч Эммануэл Макрон болон түүний эдийн засгийн бодлогыг эсэргүүцсэн шар хантаазтанууд Парист дахин жагслаа. Шатахууны үнэ болон татвар нэмэгдсэнийг эсэргүүцэж жагссан тэдний энэ хөдөлгөөн 17 дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа юм.

 

Эх сурвалж: polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ