“Богема” буюу өрөвдөлт Мими

2019-03-11

Ч.ГАНТУЛГА

Дэлхийн суут хөгжмийн зохиолчдын нэг болох Ж.Пуччинийн хүн төрөлхтөн, сонгодог урлагийн түүхэнд үлдээсэн үнэ цэнэтэй бүтээлүүдийн нэг нь алдарт “Богема” дуурь юм. Дуурь анх 1896 оны хоёрдугаар сарын 1-нд Турин хотын “Реджо” театрт үзэгчдэд хүрчээ. Харин дуурийн зохиолыг 1849 онд А.Мюрже бичсэн аж. Улмаар 1849 ондоо алдарт найруулагч Т.Барре “Богемчуудын амьдрал” хэмээх энэхүү романыг тайзны жүжиг болгосон түүхтэй. Тус бүтээлийн тухай үлгэр домог мэт яриа Парисаар нэг цуурайтаж, хүн бүхэн жүжгийн тасалбар хайж явах дор Ж.Пуччини жүжгээс сэдэвлэн дуурь бичих санаагаа олсон гэдэг. Харин түүний хүсэл 1896 онд ийнхүү биеллээ олж, дэлхийн сонгодог урлагийн түүхэнд алдарт “Богема” дуурь төржээ. 

 

Мими хайртай залуутайгаа уулзаж чадах болов уу?

Романыг дуурь болгохын тулд Ж.Пуччинид нэлээд товчлох шаардлага тулгарчээ. Хэдийгээр үйл явдлыг товчилсон ч зохиолын утга санааг огт хөндөлгүй хадгалж үлдсэн нь бүтээлийг өнөөг хүртэл үнэ цэнэтэй байлгадаг аж… Парис хотын Латин хорооллын нэгэн байшинд яруу найрагч Рудольф, зураач Марсель, хөгжимчин Шонар, гүн ухаанч Коллен хэмээх дөрвөн найз өрөө хөлсөлж амьдрах аж. Тэдний байраар зочид ихтэй, үргэлжийн хөл хөдөлгөөнтэй байдаг. Рудольф мөн тэр байшинд амьдардаг Мими гэдэг бүсгүйтэй танилцах бөгөөд удалгүй тэд хайр сэтгэлийн холбоотой болжээ. Харин Марселийн урьд нь үерхэж байгаад орхисон Мюзетта гэгч бүсгүй нь эргэн ирснээр дуурийн үйл явдал өрнөдөг. Удалгүй тэдний дунд үл ойлголцол гарах бөгөөд Мюзетта дахин Марселийг орхин явна. Энэ үед Рудольф ч Мимиг зайлшгүй шалтгаанаар орхиход хүрчээ. Бүсгүй учрыг ойлголгүй, сэтгэлийн гүн шархтай үлдэнэ.  Өвөл болж хүйтрэх үед үзэсгэлэнт бүсгүй уушгины өвчнөөр шаналах ажээ. Түүний сүүлийн хүсэл нь хайртай залуутайгаа уулзах. Дуурийн зохиол нь анхаарал татсан огцом хөдөлгөөн адал явдлаар бага ч залуусын дотоод сэтгэлийн зөрчилдөөн, сэтгэл хөдлөл болоод дүрийг хурц тодоор илэрхийлсэн тансаг аялгуугаар дүүрэн байдаг юм. Хөгжим нь бүхэлдээ гол баатруудын мэдрэмж болон сэтгэл санааны байдлыг тод зурсан ажээ. УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 16-нд үзэсгэлэнт бүсгүйн өрөвдөлтэй хайр сэтгэлийн тухай өгүүлэх “Богема” дуурийг толилуулахад бэлэн болжээ. Тус бүтээлтэй манай үзэгчид 2004 онд анх танилцсан байдаг. Харин гол дүр болох Мими бүсгүйд олон дуучин өөрийн авьяас чадвараа сорьсон ч үзэгчдийн сэтгэлд хамгийн тод байдаг нь гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг аж. Тэрээр  2009 онд ОХУ-ын Москва хотноо болсон М.Глинкийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдаанд оролцож, анх удаа эх орондоо алтан медаль авчирсныг үзэг­чид санаж байгаа байх. С.Мөнгөн­цэцэг Болгарын хөгжмийн академийг төгссөн цөөхөн уран бүтээлчдийн нэг юм.

 

Мимигийн дүрээр 13 орноор аялан тоглолт хийжээ

 

С.Мөнгөнцэцэг дүрийнхээ тухай “Яагаад ч юм энэ дуурьт Пуччинийн сэтгэлээс ундарсан бүхий л тансаг хөг шингэсэн юм шиг санагддаг. Мимигийн дүр миний сэтгэлийг их хөдөлгөдөг. Хөөрхий зовлонт бүсгүйн сэтгэлийн шарх, зовиурыг өөрийн биеэр мэдрэх бүртээ түүнийг хайрлах, өрөвдөх сэтгэл төрдөг” гэсэн юм. Дуучин бүсгүйн амжилтын тухай дурьдвал тэрээр Төв аймагт төржээ. 1998 оноос Болгарын Софийн нэрэмжит хөгжмийн академид профессор К.Вачкогийн удирдлагад суралцаж, 2005 онд тус сургуульдаа мэргэжил дээшлүүлж улмаар 2006 онд Софигийн их сургуулийн хөгжмийн тэнхимд дуулаачийн багш мэргэжлээр профессор К.Карапетровын удирдлагад магистр хамгаалсан юм. 2004-2006 онд Софи хотын хөгжмийн театр, Русе хотын дуурийн театр, Великотьрново хотын театруудад тус, тус гоцлол дуучны гэрээгээр ажиллаж байсан юм. Тэрээр Италийн Милано хотын явуулын театртай алдарт Ж.Пуччинигийн “Богема” дуурийн Мимигийн дүрээр гэрээ байгуулж, Европын 13 орноор аялан тоглолт хийсэн цорын ганц монгол дуучин юм. С.Мөнгөнцэцэг 2007 онд эх орондоо иржээ. Түүнээс Болгарт өнгөрүүлсэн он жилийнх нь тухай асуухад  “Сургуулиа төгсчихөөд Болгарын театрт гурван жил ажилласан. Олон улсын багт орж, Европын 10 гаруй орноор Мимид дуулж явсан нь амьдралын минь сайхан он жилүүд болж сэтгэлд үлджээ. Би гэр бүлийнхээ хүнтэй Болгарт танилцсан юм. Эмэгтэй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэж монголчууд ярьдаг даа. Нөхөр маань сургуулиа төгсөөд эх орондоо ирж, гэр бүлийн бизнесээ эхлүүлэх болсон. Тиймээс ханиа дагаад эх орныхоо театрт ирж, 2007 онд дуурийн театртаа гоцлол дуучин болсон. Гэхдээ гэр бүлээ сонгож, эх орондоо ирсэндээ хэзээ ч харамсдаггүй. Би байх ёстой газраа уран бүтээлээ хийж байгаадаа үргэлж баярладаг. 2009 онд дээд зэрэглэлийн урал­даанаас Монголдоо анхны тэргүүн байрын шагналыг авчирч байлаа. Арван­хоёрдугаар сарын 31-нд Төрийн ордонд Б.Солонго багш­тайгаа хоёулхнаа зогсоод төрийн тэргүүнээсээ гавьяатын тэмдгээ авч байсан. Тиймээс сургуулийн болон багш нарынхаа заасан бүхнийг нүүр бардам харуулж яваа гэж боддог” гэж хариулсан юм.

 

Үзэсгэлэнт бүсгүйн эмгэнэлт төгсгөл

 

Хайр сэтгэлийнхээ төлөө эцсийн амьсгалаа тасартал тэмцэж буй Мими бүсгүйн дүрийг бүтээхдээ С.Мөнгөнцэцэг сүүлийн үзэгдлийн үеэр өөрийн эрхгүй нулимс урсгадаг гэсэн. Дуурийн төгсгөлд Мими, Мюзетта нартай уулзалгүй уджээ. Харин Рудольф, Марсель нар аз жаргалтай өдрүүдээ дурсан сууна. Тэднийг Шонар, Коллен нар хөгжөө­хийг оролдовч нэг л бүтэхгүй. Гэнэт хаалга цэлийтэл нээгдэж сандарсан Мюзетта орж ирэх ба хүнд өвчтэй Мими энд хүрч ирээд хөл дээрээ арай ядан зогсч буй тухай дуулгалаа. Тэд Мимиг оруулж, орон дээр хэвтүүлэн хучжээ. Мимиг эмчлэхийн тулд яаралтай мөнгө олох шаардлагатай. Энэ үед Мюзетта өөрийн ээмгээ зарахыг санал болгох ба Коллен цуваа тайлан эргүүлж тойруулан үзнэ. Тэднийг гарахад өрөөнд Рудольф Мими хоёулахнаа үлджээ. Тэд анх танилцсан тухайгаа дурсцгаана. Найзуудыг эргэж ирэхэд Мими унтсан байх ба түүнийг амьсгал хураасныг анх Шонар ажиглаж, Рудольф арга тасран түүнийг дуудсаар дуурь төгсдөг ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.3.11 № 49, 50 (6016, 6017)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ