“Хаан” бүтээлээр “Баян намсрай” бурхны хөрөг шалгарлаа

2019-03-07

Т.ТУЯАЦЭЦЭГ

Монголын уран хатгамалчдын сор бүтээлийн шилдэг “Хаан, Хатан” бүтээлийг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа Богд хааны ордон музейд боллоо. Энэ жилийн “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнд торгон зураг, зээгт наамлын бүтээл түлхүү тавигдсан байв. Үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүмүүс бүтээлүүдийн оёдол, шаглааг ихэд сонирхож байсан юм. Нээлтийн үеэр  “Мандчирын наран” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Бурмаа “Манай байгууллага уран хатгамал, үйл урлах, ухааныг олон талаас нь  судалж, үнэ цэнийг нь таниулж хөгжүүлэх зорилгоор тус үзэсгэлэнг гурав дахь жилдээ Богд хааны ордон музейтэй хамтран зохион байгуулж байна. Өнөөдөр бидний хувьд сэтгэл догдлуулсан “Хаан, Хатан” бүтээлээ тодруулах сайхан мөч ирж байна” гэсэн юм.  Үзэсгэлэнд нийт 20 гаруй уран хатгамалчийн 100 гаруй бүтээл ирснээс “Хаан” бүтээлээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, уран хатгамалч Г.Энхмаагийн “Баян намсрай”, “Тумбааш” бүтээл шалгарлаа. Тэрээр “Дөнгөж зүүнээс гарсан шинэ бүтээлээрээ шилдгээр шалгарсанд баяртай байна. Миний хувьд Баян намсрай бүтээлээ хоёр сарын турш хийсэн. Дөнгөж дуусгаад энэхүү үзэсгэлэнд залсан юм. Бүтээлээ зээгт наамлаар дагнаж, 80 гаруй өнгийг торго ашигласан” гэв.  Үнэхээр бүтээлээ сайнаар дүгнүүлэнэ гэдэг уран бүтээлч хүний хамгийн сайхан мөч байдаг. Бусад уран хатгамалчид Г.Энхмаагийн бүтээлийг уламжлалаа уг хэвээр нь хадгалж, зураг дүрслэл, өнгө бэлгэдлийг нь төгс зохиомжилж, шүтээний гоёл, чимэглэлийг мөнгөөр урлаж, алтаар шарж бүтээсэн нь гайхалтай гэж магтаж байсан юм. Харин “Хатан” бүтээлээр хөдрөг урлаач Э.Цэцгээгийн “Монгол хөдрөг” цуврал бүтээл шалгарсан юм. Өнөө цагт зүүмэл даавуун урлал хэмээн нэрлэж буй хөдрөг нь монголчуудын өв бүтээл ажээ. Э.Цэцгээ “Миний хувьд даавуун урлалаар түлхүү урладаг. Эдгээр бүтээлээ дэлхий нийтэд сурталчилан таниулах зорилготой. Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэндээ үнэхээр баяртай байна. Цаашид илүү их зүйл хийж бүтээх том урам авлаа” гэсэн юм. Энэ удаагийн үзэсгэлэнг уран хатгамалчид болон өвлөн тээгчдийн ур чадвар, идэвхи зүтгэлийг нэмэгдүүлэх зорилгоор Богд хааны ордон музейд хадгалагдаж буй эртний хааны үнэт өв болох бүтээлүүдтэй харьцуулж гаргасан нь өв соёлоосоо суралцах, цаашлаад хойч үедээ өвлүүлэн үлдээх гурван үеийн хэлхээг холбож өгсөн тухай ирсэн зочид онцолж байлаа. Энэ үеэр уран хатгамалчид шилдгээ шалгарулахаас гадна дараа жилийн зорилго, төлөвлөгөөгөө ярьдаг уламжлалтай юм байна. Тэд 2019 онд уран хатгамал, үйл урлах монгол ухааныг олон талаас нь судалж, багш шавийн барилдлагыг дэлгэрүүлж, эрт цагаас эдүгээ хүртэл монголчуудын бүтээсэн гайхамшигт өв, соёлыг дэлхий нийтэд сурталчилах зорилго тавьж байгаа юм байна.

Монголын уран хатгамал нь XIX зууны сүүл, XX зууны эхэн үед урлагийн бүтээлийн хэмжээнд хөгжсөн нь Богд хаан, Дондогдулам хатантай салшгүй холбоотой ажээ. Эртний Сангай аймгийн урчуудын зээгт наамал, торгон зураг, уран хатгамал бүхий хосгүй үнэт бүтээлүүд нь өдгөө Богд хааны ордон музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ