Индиан асрагчийн түүх

2019-03-06

Х.ОЮУНБОЛД

Энэ жилийн “Оскар”-ын наадамд Мексикийн кино найруулагч Альфонсо Куароны  “Рома” кино “Шилдэг найруулагч”, “Шилдэг гадаад хэл дээрх кино”, “Шилдэг зохиол” гэсэн гурван шагналыг хүртсэн юм. Ингэснээр мексик найруулагч дэлхийн кино ертөнцөд өөрийн мөрийг дархалж чадлаа.  “Кино ертөнц” буландаа  Альфонсо Куароны  “Рома” кино хэрхэн бүтсэн тухай мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

♦ “Рома” кинонд 1970-аад оны үеийн Мексикийн амьдрал тэр дундаа эмэгтэйчүүдийн тухай өгүүлдэг билээ. Альфонсо Куарон киногоо хүүхэд  байхад нь асардаг байсан хоёр дахь ээж, нутгийн уугуул иргэн индиан асрагч Либориа  Родригесийн дурсгалд зориулж хийсэн юм.


♦ Харин киноны нэр нь найруулагчийн хүүхэд насаа өнгөрүүлсэн “Рома” гэдэг эзэмшил газрын нэр юм байна. 1902 онд байгуулсан энэ газарт нийгмийн дээд давхаргын буюу баячууд амьдардаг байжээ.


♦ Альфонсо Куароны гэр бүлийнхэн “Рома” эзэмшил дэх Тережи гудамжны 21 тоот байшинд амьдардаг байжээ. Гэхдээ кино зураг авалтыг зургаан сар хийхийн тулд  тэдний амьдарч байсан байшинтай адилхан “Нарварте” дахь эзэмшлийн хуучин байшинг ашигласан  байна. Кинонд зориулж хашаан дахь дөрвөлжин плита, гараажийг 60 жилийн өмнөх шиг болгожээ.


♦ Харин найруулагч маань хүүхэд асрагч Клеод тоглох жүжигчинг бараг жил хайсан гэнэ. Эцэст нь тэрээр Оахака мужийн Тлахьюко хотоос сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд багшилдаг  Ялица Апарисиог  олсон байна. Жүжигчнээ олох хүртэл Мексикийн хотуудаар явж 3000 гаруй эмэгтэйтэй уулзжээ.


♦ Ялица Апарисиогийн хувьд кинонд тоглосон хамгийн хэцүү хэсэг нь хүүхдүүдийг далайд живэхээс аварч буй зураг авалт байсан гэнэ. Учир нь тэрээр сэлж чаддаггүй. Мөн далайн давалгаа түүнд аймшигтай санагдсан гэж ярилцлагадаа дурьджээ. Багш мэргэжилтэй учраас бусад хэсгийн зураг авалт, хүүхэд асрах хэцүү байгаагүй гэнэ. Ялица Апарисио “Рома” кинонд тоглохын тулд миштек аялгаар ярьж сурчээ.


♦ Кинонд 1970-аад оны 100 гаруй машиныг ашигласан байна. Гэхдээ 1970 оны “Форд галакси 500 фастбэк”, “Вольксваген Седан”, ”Ренаулт 12” загварын  машиныг түлхүү оруулжээ.  Учир нь тухайн үед Форд компани “Галакси 500” хэмээх том, тансаг зэрэглэлийн “V8 351” хөдөлгүүртэй, 255 морины хүчтэй  машиныг худалддаг байжээ.


♦ “Рома” киноны найруулагчаар  Оскарын гурван удаагийн шагналт Эммануэл Лубезки ажиллах байжээ. Гэвч  зураг авалт 108 хоногоос илүү хугацаагаар үргэлжлэх байсан учир татгалзсан аж. Тиймээс Альфонсо Куарон өөрөө найруулахаар шийджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.3.6 № 46 (6013)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ