Э.Энхриймаа: Олон хүнд инээд, амьдрал бэлэглэнэ

2019-03-05

Ч.ГАНТУЛГА

“Утасны анд” энэ удаад “Miss World-2018” тэмцээнд амжилттай оролцсон Э.Энхриймаатай холбогдлоо. Тэрээр “Сүрьеэгүй Монгол” аян эхлүүлсэн бөгөөд БНХАУ-ын Элчин сайдын яамнаас түүний төслийг дэмжиж 100 мянган юанийг хандивласан юм. 

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе?

-Баярлалаа. Өнөөдөр их сайхан өдөр байна. “Зууны мэдээ” сонины нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

-Та “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. “Сүрьеэгүй Монгол” төсөл шилдэгт багтсан бил үү?

-Тэмцээнд оролцохдоо хүмүүнлэгийн сэдвээ их бодож, судалсан. Монголд гадуур явж буй гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн нян тээгч байна. Нэг ёсондоо манай улс энэ өвчлөлийг дарах тууштай ажлыг өрнүүлэх болсныг энэ тоо баримт харуулж байсан. Тиймээс ажил хэрэг болгож, нэг хүнд ч болтугай өвчнөө давж гарах урам хайрлаж, туслахсан гэж хүссэн юм.

-Өнөөдөр та төслийнхөө үр шимийг хүртэж байна. БНХАУ-ын Элчин сайдын яамнаас 100 мянган юанийг хандивлалаа?

-Үнэхээр баяртай байна. Энэ хандиваар олон хүнд инээд, амьдрал бэлэглэнэ. Би “Сүрьеэгүй Монгол” төслийг санаачилж, өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн “Энхрий эрдэнэ” санг байгуулсан юм. Энэ хугацаанд сайн дурын ажил тасралтгүй хийсэн.

-Яагаад заавал БНХАУ-ын тэргүүн хатагтайд захидал бичсэн юм бэ?

-БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюань бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн сайн санааны элч юм. Олон төсөл, сайн үйлсийн аянг амжилттай зохион байгуулсан их мундаг эмэгтэй. Тиймээс миний хэрэгжүүлж буй төслийг хамгийн сайн ойлгох хүн гэж бодсон. Захидалдаа төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцахыг хүссэн юм.

-Мисс гэхээр бид гадаад үзэмжийг л ярьдаг.  Харин бүсгүй хүний дотоод гоо сайхан нь хүнийг хайрлах ухаан, өр нинжин сэтгэлд л оршдог бололтой?

-Бүсгүй хүн гаднаасаа, дотроосоо ч гэрэлтсэн байгаасай гэж би хүсдэг. Мөн бусдыг хайрлах, тэдний төлөө гараа сунгах сэтгэлийн хүчтэй байвал сайхан. Сүрьеэ өвчний талаарх судалгаа миний сэтгэлийг их эмзэглүүлсэн. Өвчтөнүүдийн 80 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байгаа нь харамсалтай.

-Таны дараагийн зорилго, алхам юу вэ?

-“Сүрьеэгүй Монгол” төслөөрөө олон хүнд итгэл найдвар төрүүлж, туслах нь миний эрхэм зорилго. Одоогоор төслөө хотын хэмжээнд хэрэгжүүлж байгаа. Цаашлаад орон нутгийн иргэдэд хүрэх эхний алхмуудаа төлөвлөж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.3.5 № 45 (6012)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ