Ким Чен Ун ярилцлагаа нэг сая доллараар үнэлжээ

2013-07-19

Хойд Солонгосын лидер Ким Чен Ун Солонгосын дайны 60 жилийн ойг тохиолдуулан ярилцлага авах гэсэн гадаадын сэтгүүлчээс нэг сая доллар шаардаж байна хэмээн “Чосон Илбо” сонин мэдээлэв. Пхеньяны захиргаа энэ сарын 27-нд болох дайны төгсгөлийн ойн арга хэмжээнд гадаадын сэтгүүлчдийг урьсан аж. Тэдний дотор Associated Press, BBC News, Киодо зэрэг дэлхийн нэртэй агентлагууд багтсан байна. Өмнөд Солонгосын сонинд бичсэнээр, Ким Чен Ун нэг сая доллараар ярилцлага өгөхөд бэлэн байгаа бололтой. Харин энэ мөнгийг төлж ярилцлага авах хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Ойн арга хэмжээнд оролцох гадаадын сэтгүүлчид эхнээсээ Пхеньянд ирж эхэлжээ. Ким Чен Ун дэлхийн лидерүүдийн өмнө нэр төртэй харагдахын тулд сэтгүүлчдийн хэд хэдэн “таагүй” асуултад хариулахад бэлэн байгаа хэмээн “Чосон Илбо” сонинд бичжээ.

Хойд Солонгосын эрх баригчид Ким Чен Уныг удирдагч болсноос хойш гадаадын сэтгүүлчдийг анх удаа урьж буй нь энэ биш юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагчид Хойд Солонгосын пуужин хөөргөх үйл явцыг сурвалжлахаар уригдаж байсан ч энэ үйл явдлын гэрч болж чадаагүй юм. 2011 оны арванхоёрдугаар сараас хойш улс орноо удирдаж байгаа Ким Чен Ун эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд дээшлүүлэхийн тулд зарим зоримог алхмыг хийж байгаа билээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ