Амралтын аман тохироо

2013-07-19

Л.МӨРӨН

Шинэчлэлийн Засгийн газар ирэх сарын 17-нд нэг нас хүрч, баярын бялууныхаа лааг үлээнэ. Хүслээ шивнэх биз. “Олуулаа” ялсан Ардчилсан намынхан энэхүү улиран одсон нэг жилийн хугацаанд ялалтын бялуугаа хуваасан. Хэнд нь том, хэнд жижиг зүсэм оногдож, үлдсэн үйрмэгийг нь хэн идсэнийг бид харсан. Улс төрийн бялууны зүсэм томрох тусам бусдад харах, үнэрлэх, сонсох, зажилах ямар ч мэдрэмж өгдөггүй онцлогтой.
Ялалтын бялуугаа хувааж суусан нөхөд нэг жилийн ойн баярын бялууныхаа лааг үлээхдээ, Засгийн газрынхаа хувь заяаг нэг мөсөн унтрааж мэдэхээр байгаа тухай  сүүлийн үед сэм шивнэлдэж, ганц нэг үг хэвлэлээр дайх боллоо. Гэхдээ энэ тийм ч шинэ мэдээлэл, сонин шивнээ биш. Цас ханзраагүй хаврын цагаар анхны яргуй нүдлэх шиг яриад эхэлчихсэн. Гэхдээ тухайн үед энэ яриаг намжаасан, Ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээсэн. Хүлээсэн сонгууль болдгоороо болж, Ардчилсан намаас нэр дэвшигч дахин сонгогдлоо. Сонгуулийн дараа, наадмын өмнө, Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа Шинэчлэлийн Засгийн газар гэнэт бөөнөөрөө амрах болсны учир зангилаа хаана байна.
Шадар сайд Д.Тэрбишдагваар ахлуулсан дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын баг бууриа сахиж, ачаагаа үүрч үлдсэний цаана ямар улс төрийн үзэгдэл болж байгаа юм бол. Засгийн газар бултаараа амрах цагт сонгуулийн дараачаас сонсогдох болсон нь Ерөнхийлөгч Х.Баттулга нар Засгийн газрыг огцруулах гэж байна, Х.Баттулга Ерөнхий сайд болох гэнэ гэсэн шивнээ сураг алдарсан.
Харин Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй нэг газар хамт амрах ямар шаардлага байсан бэ гэдэг сонин хачин болж эхэллээ. Ерөнхийлөгчийг Хөвсгөлд амрах гэж байна гэлцэж байсан ч Ерөнхий сайдтай хамт Дорнодын Буйрт амарч байгаа тухай УИХ-ын гишүүн цахим ертөнцөд зарлалаа. Буйр нуурын хөвөөнд ямар гээч “амралтын аман тохироо” хийж байгаа нь одоохондоо таавар мэт. “Бүтээн байгуулалтын цаг”, “Гудамж” төслийн нээлт зэрэг арга хэмжээг зохион байгуулна гэж олонд зарласан байсан Засгийн тэргүүн энэ бүхнээ хойш тавьж, ажлаа хаян байж зүүн чиглэлийн зам шалгасан шиг Дорнод аймаг руу яаравчилсны учир юу байв.Харин энэ үеэр Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тун ч идэвхтэйгээр ажиллаж байна. Тэр яамнаасаа ер салахгүй байгаа гэнэ. С.Эрдэнэ, Я.Санжмятав, Ц.Оюунгэрэл, Л.Болд нарын сайдууд ч яамаараа эргэж тойрсоор. С.Оюун, Н.Батбаяр, Д.Ганхуяг, Н.Удвал нарын тухайд дэд сайд нартаа ажлаа даатгаад амралтаа бүрэн эдлэхээр ийш, тийш хүлгийн жолоо залсан байна. Харин Л.Гантөмөр сайд хөдөө явсан ч удахгүй буцаж ирнэ гэнэ.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын амралттай зэрэгцэн МАН-ын Бага хурал хойшилсон нь санамсаргүй хэрэг биш гэвэл үнэнээс хол зөрөхгүй болов уу. Хэдийгээр энэ нам хөнжил дотроо хөлөө жийлцэж байгаа мэт харагдах ч уруул дөрийвч элэг дөрийхгүй гэдэг. Эрх баригч намын улс төрийн байдал ийм ойлгомжгүй байхад сөрөг хүчин дотроо гал асаах нь утгагүй хэрэг гэж үзсэн байж болно. Тэгээд ч өнөөгийн удирдлагуудыг огцруулахаас илүүтэйгээр өрөөлийн найруулах жүжгийн тавилт ямар байхыг хүлээх хэрэгтэй биз.
Монголын улс төрийн өнгөц дүр нэг иймэрхүү уйтгартай атлаа уугисан, дүрэлзэх их галын утаа үнэртэх, дүнсгэр хаврын өдөртэй төстэй мэт.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ