Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж эхэллээ

2013-06-29

М.ЦЭЦЭГ

Гурван долоо хоногийн хугацаанд ажлаа түр завсарлаж сонгуульдсан эрхэм гишүүд Төрийн ордондоо цуглав. УИХ-ын хаврын чуулган үргэлжилж өчигдөр Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Энэ тухай илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан танилцуулсан юм.

Өнгөрсөн 2012 оны хувьд Засгийн газрын үнэт цаасыг олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай худалдсан, төсвийн уян хатан, бодитой байдлыг хангаж ажиллах үүднээс төсөвт хоёр удаа тодотгол хийсэн.  Сайдын танилцуулснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2012 оны гүйцэтгэлээр 4,881.1 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 755.7 тэрбум төгрөгөөр буюу 13.4 хувиар тасарч, 2011 оны мөн үеийнхээс 15.5 хувиар буюу 653.9 тэрбум төгрөгөөр өссөн биелэлттэй, нийт зарлага 6,499.2 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс 6.017.8 тэрбум төгрөг буюу 92.6 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Харин улсын төсвийн хувьд нийт зарлага 4,675.9 тэрбум төгрөгөөр батлагдсанаас 4,379.4 тэрбум төгрөг буюу 93.6 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.   

Мөн Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулиар Хүний хөгжил санд 449.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөгдөж, гүйцэтгэлээр 440.9 тэрбум төгрөг төвлөрч 98 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Тус сангийн зардлын гүйцэтгэл 840.7 тэрбум төгрөг болж орлого, зарлагын зөрүүг Засгийн газрын үнэт цаас худалдан борлуулсан эх үүсвэрээр санхүүжүүлсэн байна.

 Дараа нь хуульд заасны дагуу Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнд Үндэсний аудитын газраас хийсэн аудитын тайлан, дүгнэлтийг Ерөнхий аудитор Б.Зангад танилцуулсан юм.  Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ тооцоолсноос 13.4 хувиар буюу 755.7 тэрбум төгрөгөөр тасарсан, нийт зарлага 6,017.8 тэрбум төгрөгт хүрч, төсвийн тэнцэл 1,136.6 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа. Мөн төсвийн орлогын гүйцэтгэлтэй уялдуулан зардлыг хязгаарлах арга хэм­жээг хэрэгжүүлээгүйгээс нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдал ДНБ-ий 8.2 хувьд хүрсэн нь сүүлийн жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлт болж байгааг дурдсан юм.

Сангийн сай­дын илтгэл, Ерөнхий аудиторын та­нил­цуулгатай холбогдуулан зарим гишүүн асуулт асууж үг хэлэв.

Ж.Батзандан:

-Төсвийн зарлагын шинэчлэлийг хэзээ хийх вэ, төсвийг дур мэдэн зориулалтын бусаар зарцуулдаг, хувьдаа завшдаг байдлыг хэзээ цэгцлэх юм бэ?

Н.Алтанхуяг:

-Энэ талаар анхаарч ирэх 2014 оны төсвийн төслийг оруулахдаа бага ч болов засахыг хичээж байгаа. Тухайлахад 2014-2018 оны хөрөнгө оруулалтыг бөөнд нь оруулан хэлэлцүүлж, ойрын хэдэн жилдээ хийх зүйлээ тодорхой болгож авах, нэгдсэн төсөв, зурагтай болох зорилт тавьж байгаа. Энэ талаар боловсруулсан бодлогоо ойрын үед УИХ-д өргөн барина.

С.Дэмбэрэл:

-Аудитын тайлан, дүгнэл­тээс харахад хуулиар тус газрын бие даасан, хараат бус байдал бүрэн хангагдсан эсэх нь эргэлзээтэй бай­гааг анхаарах, чадавхиа бэх­жүүлэх шаардлагатай бай­гааг хэлэв. Мөн тэрээр бүтээн байгуулалтын том төсөл, хөтөлбөрүүд хэрэгжих гэж буй энэ үед тендерийн замын зургийг өөрчлөх ёстой. Засгийн газрын худалдан авах ажиллагаа цаг хугацаа их алдаж, хоцрогдож байна. Түүнчлэн Засгийн газраас гаргах шийдвэр цаг хугацаа их алдаж байна, нэг шийдвэр гаргах гэж бараг хоёр сар болж байгаад анхаарч бичиг баримтын эргэлтийг хурдасгах хэрэгтэй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ