Ч.УЛААН: Төсөв бол ард түмний боловсруулсан бодлого байх ёстой

2013-06-29

Монголын Улсын Засгийн газар, Сангийн яам “Зууны мэдээ” сонин, “ТВ9” телевизтэй хамтран “Түмний төсөв” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн анхны нэвтрүүлэгт Сангийн сайд Ч.Улаан уригдлаа. Түүний ярилцлагыг хүргэе.

-Бидний бодлоор төсөв, санхүү гэдэг ойлголт нэлээд хол сонсогддог. Энэ алхмыг ойртуулах, төсвийг ил тод болгох нь Шинэчлэлийн Засгийн газрын гол зорилго гэж үзэж байгаа. Та эхлээд энэ талаар ярихгүй юу?

-Үнэхээр төсөв гэхээр жирийн хүнээс их хол сонсогддог. Үнэн хэрэгтээ төсөв бол ард түмний өөрийнх нь төсөв юм шүү дээ. Татвар төлөгчдийн төлсөн хөрөнгийг юунд зарцуулав гэдгийг бодлогын хүрээнд нэгтгэж байгаа нь төсвийн үйл ажиллагаа юм. Төсөв юуны түрүүнд ард иргэд рүү ойртох ёстой. Энэ хүрээнд бидний яриа эхэлж байгаад таатай байна. Бид зорилгоо гурван үндсэн чиглэлээр тодорхойлж байна. Өмнөх жилүүдэд төсөв санхүү, хөрөнгө мөнгө хуваарилах, зарцуулах ажил ихэд төвлөрсөн. Энэ утгаараа шүүмжлэлд нэлээд өртдөг. Тиймээс эхний ээлжинд төсвийн төвлөрлийг сааруулах, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Хоёрдугаарт албан байгууллага удирдаж байгаа хүн бүр төсвийг захиран зарцуулах эрх мэдэлтэй байдаг. Тэгвэл үүрэг хариуцлагыг нь ч мөн дээшлүүлэх ёстой. Бодлого боловсруулахаас эхлээд үр дүнд хүрэх бүх үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Төр маань ард түмний хяналтын дор ажиллана гэсэн үг. Тэгэхээр бидний эхлүүлээд байгаа шинэчлэл маань эдгээр гурван үндсэн зорилгод нэгдэж байна. Бид ард иргэддээ сайн мэдээлэл өгөх ёстой. Хэрэгжүүлэх боловсруулах хянах явцад сургах ёстой. Энэ утгаараа төсөв, санхүүгийн шинэчлэл сэдвээр цуврал нэвтрүүлэг хийж байгаа юм.

-Ард иргэдийг төсвийн үйл ажиллагаанд ямар хэлбэрээр оролцуулна гэсэн үг вэ?

-Бид буруу ойлголттой байсан. Төсвийг зөвхөн дарга нар зохиодог гэж. Тэгвэл одоо төсөв гэдэг ард түмний оролцоотой боловсруулсан бодлого байх ёстой. Тэгэхээр анхан шатнаасаа эхлээд ард түмнийг оролцуулна. Ингэхийн тулд тулгамдсан ямар асуудал байна, шийдвэрлэх ямар зорилт байна түүнийг ямар эрэмбэ дараагаар шийдвэрлэх, хөрөнгө мөнгөө яаж хуваарилах, зарцуулах ажиллагаанд ард иргэдийг оролцуулна. Манай эрхзүйн орчин шинэчлэгдсэн. Бид шинэ төсвийн хуулиар ажиллаж байна. Жишээ авахад нэг сумын нэг багийн иргэд хурал хийгээд ямар асуудлуудыг шийдэх шаардлагатай байна, хэдий хугацаанд ямар эрэмбэ дараатай хийх вэ гэдгийг хэлэлцэнэ. Эдийн засаг санхүү гэдэг бол бие даасан шинжлэх ухаан. Хамгийн бага нөөцөөр хамгийн их үр дүнд хүрэх ямар нөөц бололцоо байгааг судалдаг шинжлэх ухаан бол эдийн засаг юм. Тиймээс байгаа хөрөнгө мөнгөнийхөө бололцоог зөв тодорхойлох ёстой. Түүнийг нэмэгдүүлэх арга замаа зөв олох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тулгамдсан асуудлаа шийдэх эрх мэдэл ард түмэнд шилжиж байгаа юм. Албан байгууллагууд анхан шатны нэгжээс, нийслэл бол хорооноосоо, эмнэлэг бол ажилчдаасаа эхэлнэ гэсэн үг. Үүнийг шат шатанд нь хянаж, байгаа хөрөнгөний бололцоо, бий болох боломж нөхцөлтэй нь уялдуулж, батална. Эргээд баталсан төсөв маань хууль болж, төсөв хийсэн хүмүүст очно. Тэгэхээр боловсруулсан бодлогоо хэрэгжүүлэх үүргийг давхар хүлээнэ.

-Тэгэхээр манай суманд тэдэн төгрөг хуваарилагджээ гэдгийг нээлттэй мэдэж болно гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Төсөв бол бодитой байх ёстой. Дайчлах чадвартай байх ёстой. Зөвхөн байгаа хэмжээндээ биш, бий болгож болох боломжийг харсан байх ёстой. Өөрөөр хэлбэл урагшаа харсан хөгжил дэвшилд жолоодох чадвартай, үр ашигтай байх юм. Яаж үр ашигтай зарцуулах вэ гэдэг нь гол зарчим, мөн ил тод байх ёстой. Хэн үүнийг хариуцаж зарцуулж байгаа нь ил тод байх хэрэгтэй.

-Хяналт тавих механизм ямар байх вэ?

-Сумын төсвөөр жишээ авья. Монгол Улсын дундаж сум 120-150 сая төгрөгийн төсөвтэй байсан. Шинэ хуулийн дагуу энэ төсөв дор хаяж арав дахин нэмэгдэж орон нутагт очиж байна. Тэгэхээр бидэнд цоо шинэ зорилт гарч ирж байгаа юм. Бүгд суралцах хэрэгтэй болж байна. Орлогоо бүрдүүлэх, зарлагаа хуваарилах, үр ашгийн хяналтаа хийж сурах хэрэгтэй боллоо. Бүх юмыг төвөөс хянаж, зохицуулдаг арга барил өөрчлөгдлөө. Тэгэхээр ард иргэд батлагдсан төсвийг эхлээд харах хэрэгтэй. Түүнийг юунд зарцуулав, ямар ажил хийв, хэтрэв үү, хэмнэгдэв үү, оновчгүй зарцуулалт гарч байгаа юм биш биз гэдгийг сар бүр ард түмэндээ мэдээлж байх ёстой.

-Төсөв хэмнэгдвэл яах вэ?

-Өмнө нь хэмнэгдсэн төсвийг буцаагаад авчихдаг байсан учраас тухайн жилдээ үрж дуусгахын тулд хамаагүй зарцуулдаг жишиг байсан. Энэ нь хэтэрхий үрэлгэн арга байлаа. Шинэ хуулиар хурааж авахгүй. Орон нутагт үлдээнэ. Иргэдийн хурал нь ард иргэдтэйгээ ярилцаж байгаад  зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай ажилдаа хөрөнгөө оруулаад явах ёстой. Зөвхөн хуваарилсан хөрөнгийг хэмнэсэн тохиолдолд авч үлдэх биш, орон нутагт орлогоо нэмэгдүүлэх бололцоо бий.

-Ямар боловч төрийн төсөв гэдэг үг хол дуулддаг байсан бол ард түмний төсөв болжээ гэж ойлгож байна. Цаашдаа цуврал нэвтрүүлэг, нийтлэлээр илүү дэлгэрэнгүй ярих болно. Төсвийн тухай эхний нэвтрүүлгийн зочин болж, дэлгэрэнгүй ярилцага өгсөн танд баярлалаа?

-Төсөв маань түмний үйл хэрэг болчихлоо. Тиймээс хүн бүр төсөв санхүүгийн үйл ажиллагаанд суралцах хэрэгтэй байна. Маш идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Иргэдийн хурлууд дээр төрөл бүрийн бүтцүүдийг бий болгох хэрэгтэй. Орон нутгаа хөгжүүлэх хариуцлага ард иргэдэд очлоо. Урд нь даргын үүрэг юм шиг байсан бол одоо тийм биш. Шинэ нөхцөлд суралцах хэрэгтэй байна. Гэхдээ өөрсдөдөө зохиомол саад бий болгох хэрэггүй юм. Төсөв бол том онол, заавал сургуульд суралцах шаардлагатай гэж өөрсдийгөө хүндрүүлэх хэрэггүй. Төсөв бол амьдралын ухагдахуун. Үүнийг айл өрхийн эзэгтэй нар маш сайн хийдэг. Одоо үүнийг бүгд хийж сурах хэрэгтэй. Ингэж байж бид үр дүнд хүрнэ. Татвар төлөгчдийн төлсөн мөнгө төсөв болж эргэж очиж байгаа юм. Өөрсдийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон төсвийг зөв зарцуулах, хуваарилахын тулд санаачлагатай байж хамтарч ажиллаарай гэж уриалах байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ