Д.Ганболд: Бид зохиолоор “Цангаж” байна

2013-06-29

Ч.ГАНТУЛГА

 

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболдыг “Баасан гаригийн зочин”-оор урилаа. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

 

Үндэсний их баяр наадамд чуулгынхан хэрхэн бэлдэж байна вэ?

-Наадам болоход хэдхэн хоног үлджээ. Манай чуулгын уран бүтээлчид  жил бүр баяр наадамд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролц­дог уламжлалтай.  Энэ жил С.Сүхбаатар багш наадмын ерөнхий найруулагчаар ажиллахаар болсон. Нээлтийн үйл ажиллагаа сайхан болно гэдэгт итгэлтэй байна.

Өнгөрсөн жил та найруулсан байх аа?

-Өнгөрсөн жилийн наадмын найруулагчаар Н.Жанцанноров гуай бид хоёрын нэрийг дэвшүүлээд олонхи нь намайг дэмжсэн юм билээ. Би ч бэлгэшээж, хүндэтгэлтэй хандсан. Наадмын хөтөлбөрийг өөрийнхөө бодож, санаснаар бэлтгэсэн. Хянагч нарт нь хөтөлбөрөө үзүүлсэн. Наадмын өмнөхөн шадар сайдын хяналтаар ордог юм. Харин миний боловсруулсан хөтөлбөрт “Морин хуур” чуулгын тоглолт багтаагүй. Тэртээ тэргүй хүн бүхэн л жил бүр үздэг шүү дээ. Өмнөх жилийнхээ хөтөлбөрийг дараа жил нь дахиад оруулдаг, үзэгчдийг залхаадаг, улиг болсон наадмын нээлтийг бишгүй үзсэн учраас залуу хүний хувьд арай өөрийг хийе гэж зорьсон. Наадам бол монгол түмний, жирийн иргэдийн баяр. Түүнээс биш хэн нэгэн хүний өөртөө тохируулж, бэлддэг шоу биш. Миний бэлдсэн хөтөлбөрт Монгол Улсаа магтан дуулсан, эх орон, уул усаа хайрлан хамгаалсан олон сайхан бүтээлүүд багтсан байсан ч зарим хүний хувийн үзлээс болоод бүгд хасагдсан. Уран бүтээлчийнхээ хувьд үнэхээр эмзэглэж явдаг. Өөрийнхөө бодож, тунгааж, бэлдсэн хөтөлбөрийнхөө 60 хувийг хасуулна гэдэг найруулагч хүний хувьд даль жигүүрээ тасдуулахтай адилхан юм билээ. Ийм шалтааны улмаас өнгөрсөн жилийн наадмыг Н.Жанцанноров гуай бид хоёр цагаа хуваах аргаар тохиролцож, найруулсан юм.

Наадмын хөтөлбөрийг ямар хүмүүс хянадаг юм бэ?

-Наадмын хөтөлбөрийг хянах комисст урлаг ойлгодог, урлагийг мэдэрдэг хүн нэг ч байгаагүй. Бүгд л албаны, ширээний ард суудаг нөхөд байсан. Урлагт төр хутгалдахаараа утгагүй болдог. Бага ч болтугай урлагийн мэдлэгтэй хүн байсан бол арай өөр хандах байсан байх. Цаашдаа энэ асуудалд төр хариуцлагатай хандаасай гэж хүсч байна. Залуу уран бүтээлчдийн урам зориг, эрч хүчийг битгий мохоогоосой, үндэсний баяр наадмаа бүү гутаагаасай гэж хэлэх байна.

Жуулчдын улирал эхэлж байна. Энэ үед манай үндэсний урлагийн гайхамшгийг үзэх гэж олон орноос аялагчид ирдэг. Чуулгын хувьд ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Бид жил бүр “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтыг жуулчдад зориулж тоглодог. Энэ жил ч ялгаагүй тоглож байна. Энэ жил уран нугаралт, цамын бүжиг, бөөгийн бүжиг зэрэг Монголын үндэсний бахархал болсон шилмэл бүтээлүүдээр тоглолтоо арвижуулж байна. Дэлхийн хаана ч очсон манай урлагийн тоглолтыг гайхалтай сайхнаар хүлээж авдаг. Монгол Улсын нэрийн хуудас нь үндэсний урлаг шүү дээ. Харин Монголдоо ганцхан байдаг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын нэгээхэн хэсэг болж, энэ байгууллагатай амьдрал, хувь заяагаа хол­босондоо уран бү­тээлчийн хувьд баярлаж, бэлгэшээж явдаг.

Зузаан түүхтэй энэ байгууллагын хамгийн оргил үе гэвэл та аль үеийг онцлох бол?

-Магадгүй хүн бүхэн өөрийнхөө ажиллаж, удирдаж явсан үеэ оргил гэж үзэх байх. Харин миний хувьд “Ардын” гэсэн тодотголтой байхдаа хамгийн хүчирхэг байсан гэж хэлэх байна. Тэр үеийн мундаг, чадалтай  уран бүтээлчид манай чуулгаас гаралтай. Төр засгаас хангамж сайтай, хийж бүтээх бололцоо өндөр байсан үе.

Харин одоо төрөөс хэр анхаардаг вэ?

-Нэгэн үе театр эзгүйрч, уран бүтээлчид тайзаа орхисон эмгэ­нэлтэй үеийг Монголын урлаг туулж гарч чадсан шүү дээ. Урлагтаа хайртай, үнэнч хүмүүс л голомтоо сахиж үлдсэн. Тэдгээр уран бүтээлчдийн буянаар Монголын урлаг дахин сэргэсэн. Бие даасан салбар байхгүй, боловсролын салбарын үлдэгдлийг царайчилж явснаа бодвол бид өнөөдөр өөрсдийнхөө төлөө дуугарах яамтай болсон. Хэзээ манай чуулгын тоглолтыг төрийн өндөрлөгүүд ирж үздэг байлаа. Энэ жил манай тоглолтыг үзсэн, бидэнд урам хайрласан. Төрийн зүгээс тодорхой хэмжээгээр дэмжинэ гэж амласан. Энэ нь манай уран бүтээлчдэд цаашлаад Монголын урлагт оруулж байгаа том хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэж байна.

Чуулгын хувьд одоо­гоор хамгийн тулгамдаж байгаа асуудал юу вэ? 

-Монголд эрдмийн гэсэн тодотголтой дөрвөн урлагийн байгууллага бий. Түүний хоёр нь нэг байранд байна. Улсын драмын эрдмийн театр манай чуулга хоёр олон жил нэг байранд, байрлаж, бэлтгэл сургуулилтаа хийж, тайзаа хувааж хэрэглэсээр ирсэн. Бид өөрийн гэсэн байртай болохыг хүсч байна. Чуулга маань 200 гаруй ажилчин, албан хаагчтай Драмын театр ч энэ хэмжээний хүнтэй. Энэ жижигхэн улаан байшинд ийм олон хүн багтаж, уран бүтээл хийнэ гэдэг үнэхээр хэцүү. Хэрэв бид шинэ байртай болчихвол уран бүтээлчдэд маань бэлтгэл, сургуулилтаа хийх боломж илүү нээгдэнэ. Яаманд удаа дараалан хүсэлт тавьсан. Сайд бидэнд нааштай хариу хэлсэн. Удахгүй байрны асуудал шийдэгдэх байх

Тэгвэл уран бүтээлийн хувьд ?

-Манай урын санд олон сайхан бүтээлүүд бий. Бид жил бүхэн сэргээж тавьдаг. Харин тулгамдаад байгаа, уран бүтээлчийн хувьд харамсч явдаг нэг зүйл бий. Тэр нь зохиол. Мэргэжлийн зохиолч алга. Бариад хийе гэсэн ч чанартай зохиол олдохгүй байна.

Чадалтай зохиолчид ховор байна гэсэн үг үү?

-Чадалтай зохиолчид олон бий. Ахмад үеийн зохиолчдыг нэрлэж болно. Харин зохиол бичдэг, сонирхдог, шинийг санаачилдаг залуус ховор байна шүү дээ. Ахмад зохиолчдоор захиалгаар шахуу зохиол бичүүлдэг ч зарим тал руугаа дэндүү баригдмал уламжлалт бичлэгээ орхиж чаддаггүй тал ажиглагддаг. Бид урын санд байгаа бүтээлүүдээ байнга тоглохыг хүсдэггүй. Хүмүүст шинэ, содон зүйл хүргэх юмсан гэж хичээдэг. Харамсалтай нь зохиол байхгүй бол бид юу хийж чадах вэ. Соёл урлагийн сургуульд зохиолчийн анги байдаг гэж сонссон. Гэвч төгссөн хүүхдүүд нь хайчдаг юм бүү мэд. Бид үнэхээр зохиолоор цангаж байна. Мюзикл тавих юмсан гэсэн миний мөрөөдөл байдаг юм. Гэтэл би зохиол хайгаад гурван жил боллоо.

Ардын урлагийн тоглолтыг ихэвчлэн нас тогтсон хүмүүс үздэг. Үзэгчдээ залуужуулах тал дээр ямар бодлого баримталж байна?

-Ардын урлаг гэхээр хөгшин хүмүүсийн урлаг гэж ойлгож болохгүй. Манай үзэгчдийн тодорхой хувийг залуус эзэлдэг болсон. Харин ч хамгийн эхний үзэгч нь залуус байх ёстой. Тэнд Монголын бүхэл бүтэн түүх, уламжлал, ёс заншил багтдаг. Монгол гэдэг ямар түүхийн баялагтай ард түмэн гэдгийг үндэсний урлагаас харж болно. Хүүхдүүд яагаад түүхээ мэдэхгүй болчихсон юм бэ. “Уртын дуунд үг байдаг юм уу” гэж манай уран бүтээлчээс нэг хүүхэд асуусан гэдэг. Энэ бол хамгийн том эмгэнэл. Бид дэлхийн хаана ч очсон ганцхан зүйлээрээ л бусдаас ялгарч чадна. Тэр бол үндэсний урлаг. Өөр хаана ч байхгүй уртын дуугаа аялахад хүмүүсийн нүд нь орой дээрээ гардаг шүү дээ.

Урлагийн байгуул­лагыг удирдаж яваа хүний хувьд чуулгынхаа цаашдын төлөвлөгөөг хэрхэн гаргасан бэ?

-Манай байгууллага жил бүхэн уран бүтээлийн төлөвлөгөө гаргадаг. Энэ жилийн хувьд бодож, төлөвлөсөн ажил олон бий. Хамгийн эхэнд их найрал хөгжмөө 120 болгох бодолтой байна. Бидэнд тодорхой хэмжээний уран бүтээлчид дутаад байгаа. Хятадаас их найрал хөгжимтэйгөө ирж, тоглооч гэсэн санал тавьсан.

Хятадууд манай хөөмийг нэр дээрээ бүртгүүлчихсэн байсан шүү дээ. Дахиад тийм асуудал гарахгүй байгаа?

-Бид бодоогүй биш бодсон. Бидний хувьд Хятадад тоглох нь сайхан санагдаж байна. Мөн эх орон, үндэсний урлагаа дэлхийд сурталчлах том боломж гэж хүлээж авсан. Гэвч үүний өмнө их найрал хөгжмөө Юнескод Монголынх шүү гэж бүртгүүлэх хэрэгтэй. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дараагийн том ажил нь хүүхдэд зориулсан бүтээл туурвих. Бид “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт жүжгийг амжилттай тавьсан. Энэ жил хүүхэд бүрийн сайн мэдэх “Цуутын цагаагч гүү” үлгэрийг дуулалт хэлбэрт оруулж тавихаар төлөвлөөд байна.

Таны урлагийн гараа хаанаас эхэлсэн бэ?

-Би өөрийгөө их азтай хүн гэж боддог.1991 онд аравдугаар ангиа төгссөн жаахан хүүхэд “Ардын дуу бүжгийн эрдмийн чуулга”-ын туслах зураачийн орон тоонд орж ажиллах боломж олдсон. Гэхдээ орсон даруйдаа зураач болоогүй. Мужааны туслах хийж эхэлсэн. Бүхнийг багаас нь эхэлсэн гэж хэлж болно. 1996 онд С.Сүхбаатар багш “Алтан ураг” бүжгэн жүжиг тавихдаа намайг хувцасны зураачаараа ажилуулсан. Энэ үеэс л зураач болох гараагаа эхэлсэн. Соёл урлагийн их сургуулийн найруулагчийн ангийг С.Сугар багшийнхаа удирдлага дор төгссөн. Миний зураач болох замыг зассан хүн бол буурал Очироо багш минь харин найруулагч зураач болгосон буянтан бол С.Сүхбаатар багш минь. Би дээрээ гурван тэнгэртэй хүн гэж  тэднийгээ хайрлаж, хүндэлж явдаг. 2009 оноос Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий зураач, ерөнхий найруулагч гэсэн албыг хашиж байна.

Багш нар тань юу гэж сургадаг байв?

-Багш бүхэн шавиа сайн уран бүтээлч болоосой гэж хүсдэг шүү дээ. Миний багш нар намайг урлагийн тайзнаа өлгийдөж авсан. Найруулагч хүн гэдэг хүн судлаач шүү гэж захидаг. Хүнийг судлахын тулд чи өөрөө хүн байх ёстой гэж сургадаг байсан. Багш нарынхаа заасан замналаар л амьдарч байна.

Өөрийн шавь нараа хэр бэлдэж байна?

-Би чуулгынхаа ихэнх уран бүтээлд найруулагч, зураачаар ажилласан байдаг. Одооноос энэ нь уран бүтээлчдэд маань халгаатай юм болов уу гэж бодоод шавь нараа бэлдэж эхэлсэн. Найруулагч хүний хамгийн том зарчим нь өөрөөсөө уйдах хэрэгтэй гэсэн бичигдээгүй хууль байдаг. Би өөрөөсөө уйдаж, өөрөөсөө өөр хүнийг хайж эхэлсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ