Амжилтын түүх: “Forbes”-ын жагсаалтад багтдаг тэрбумтан Татьяна Бакальчук

2019-02-26

Д.ЭНХЭЭ

“Wildberries” хэмээх цахим дэлгүүрийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, 43 настай Татьяна Бакальчук эдүгээ тэрбумаар тоологдох хөрөнгөөрөө Орост Елена Батуринагийн дараа хоёрдугаарт бичигдэх бизнес хатагтай болжээ. Түүний байгуулсан компанийн ажил үйлс амжилттай хөгжиж байгааг “Forbes” сэтгүүл анхаарч ажиглангаа Бакальчукийг Оросын баян эмэгтэйчүүдийн жагсаалтад нэлээд хэдэн жилийн турш багтаан оруулж байгаа аж. Энэ бүх хугацаанд тэр тун цөөхөн удаа хэвлэлд ярилцлага өгөхийг зөвшөөрчээ. Ажил ихтэй, цаг зав хүрдэггүй хэмээн тайлбарлангаа тэрээр жуумалзан инээж өөрийгөө дотогшоо, дуу цөөтэй (интроверт) хүн гэж нэрлэв. Оросын хамгийн дуу цөөтэй, хамгийн амжилттай яваа бизнес хатагтайн  намтраас SPLETNIK.RU түүвэрлэжээ.

 

Wildberries”-т хүрсэн амьдрал

 

Татьяна солонгос үндэстэн. Гэхдээ Москва орчимд төрж, өссөн. Газопровод тосгонд дунд сургууль дүүргээд, Москва мужийн нийгэм хүмүүнлэгийн улсын дээд сургуульд элсчээ. Forbes-ийн ирээдүйн лидер маань англи хэлний багшийн дипломтой болмогц гэрээр сургалт явуулдаг байв. Түүний нөхөр Владислав Бакальчук, Татьяна хоёр 2004 онд анхны хүүхэдтэй болов. Өөрийнх нь хэлснээр хүүгээ төрүүлснээс хойш тэр хэдэн сарын дараа ажилдаа эргэж орохыг хүсч байжээ. Ээжийн үүргээ биелүүлэхийн хамт гэрээсээ удаан цагаар холдолгүйгээр ажил хийж цалин мөнгө олох хэрэгтэй байв. Германы нэр цуутай Otto, Quelle-ийн каталогиос хувцас зарж борлуулахаар Татьяна шийдэв. Владислав тэр хоёрын хувьд бараа хадгалах анхны агуулах нь тэдний орон гэр болов. Эхнэр, нөхөр хоёр 2005 онд “Wildberries”-ийг үүсгэн байгуулжээ.

 

Хувийн амьдрал, бизнес

Татьянагийн нөхөр радиофизикчийн боловсролтой. Тэд гэрлээд аль хэдийнэ 15 жил болж дөрвөн хүүхэд өсгөн хүмүүжүүлж байгаа. Бизнесийнхээ ажил үүргийг тэд дараах байдлаар хуваарилж авсан. Татьяна барааны нэр төрөл, нийгмийн сүлжээгээ, дотоод ажил хэргийг, харин Владислав санхүүгийн шинжилгээ, худалдан авалт, борлуулалтыг хариуцна. “Wildberries”-ыг үүсгэн байгуулсан цаг мөчөөс эхлэн тэдэнд нэгэн цагт Владиславтай хамт бэлтгэлийн зааланд хичээллэж байсан дотно найз Сергей Ануфриев тусалдаг. Компанийн хувьцааг Татьяна Бакальчук 100 хувь эзэмшдэг бөгөөд түүний хөрөнгө 2019 онд 1.2 тэрбум ам.долларыг давжээ.

 

Амжилт

Анхны капиталын тухай асуултад Татьяна тэр үед бидэнд хөдөлмөр, гэр бүл л байсан гэж хариулав. Фешн-ритейлдэх амжилтын хүчин зүйлийн тоонд багийг болон үйл явцыг удирдан жолоодох, худалдан авагчийнхаа хэрэгцээг мэддэг байх хэмээн нэрлэсэн. Хэн ч өмнө нь зориглоогүй зорилтот бүлгийн хэрэгцээг хангахыг бизнест нэвтрүүлэхээс Бакальчук айгаагүй. Үр дүн нь амжилт олж яваа оросын интернэт гипермаркетийг байгуулж чадсан явдал юм.

Игорь Рыбаков, ТатьянаБакальчук

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ