“Хөгжим хүүхдийг зөв хүн болгодог”

2019-02-21

Ч.ГАНТУЛГА

Эцэг эхчүүд хүүхдийн хүмүүжилд хөгжим хэрхэн нөлөөлдгийг мэддэг болсон тул багаас нь сонгодог хөгжмөөр хичээллүүлэх сонирхолтой болжээ. Тиймээс жил бүр хэдэн мянган хүүхэд Хөгжим бүжгийн консерваторид шалгуулахаар ирдэг аж. Тэгвэл мэргэжлийн багш нар хүүхдэдээ хэрхэн хөгжмийн зөв боловсрол олгох талаар ийн зөвлөж байна.

Төгөлдөр хуурч Ч.Солонго:

Хамгийн үнэнч сонсогч нь бай

-Хөгжим тэр дундаа төгөлдөр хуураар хичээллэсэн хүүхэд хүмүүжлийн хувьд их төлөв даруу болдог. Мөн урлагаас олж авах сайн сайхан чанарыг багаасаа өөртөө хэвшүүлнэ. Хэрэв та хүүхдээ төгөлдөр хуураар хичээллүүлэх гэж байгаа бол эхлээд өөрийгөө бэлд. Хамгийн үнэнч сонсогч нь бай. Учир нь нь хөгжим тоглож сурахаар чармайж байгаа хүүхдэд сонсогч хамгийн чухал. Түүнд урам өгч, хөгжмийн тухай ярилцдаг байх учиртай.

 

УГЗ, удирдаач, хийл хөгжимчин Ж.Чулуун:

хөгжмөөр хүмүүжсэн хүүхэд их уян зөөлөн болдог

-Хөгжмөөр хүмүүжсэн хүүхэд их уян зөөлөн болдог. Бас аливаад тэвчээртэй болж хүмүүждэг юм. Тэгэхээр хөгжим хүүхдийг зөв хүн болгодог гэж ойлгож болно. Харин ямар хөгжмөөр хичээллэх вэ гэсэн сонголтыг өөрт нь үлдээ. Зарим эцэг эх хүүхдээ заавал төгөлдөр хуурч болгомоор байна гээд авчирдаг. Гэвч хүүхэд нь энэ хөгжимд ямар ч сонирхолгүй, гар хурууны хувьд ч тэнцэхгүй байх жишээтэй.

 

Төгөлдөр хуурч С.Саянцэцэг:

Багаас нь сонгодог  хөгжим сонсго

-Хөгжмөөр хичээллэхэд хүүхдийн өөрийнх нь хүсэл сонирхол их чухал. Багаас нь сонгодог хөгжим сонсгох нь ирээдүйн төлөвшилд нь хэрэгтэй. Учир нь хөгжим хүүхдийн сэтгэхүй, ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг. Мөн дөнгөж хөгжим сонирхож, хичээллэж байгаа хүүхдэд эцэг эхийн дэмжлэг хэрэгтэй. Үргэлж ярилцаж, хөгжмөөрөө юу илэрхийлж буйг нь хуваалцдаг байгаарай.

 

2019.2.21 № 35 (6002)

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ