Алдарт хоккейчин Александр Могильный

2019-02-20

Үндэсний хоккейн лигийн түүхэн дэх багийн анхны орос ахлагчийн карьерын талаар ТАСС Сергей Федоров, Павел Буре нартай хамтран дурсав

 

Д.ЭНХЭЭ

Олимп, дэлхийн аварга, Стэнлийн цомын аваргаар шалгарч байсан гурамсан алтан медальт багийн гишүүн Александр Могильный хоёрдугаар сарын 18-нд тавин насны тэгш ойгоо тэмдэглэжээ.

Могильный 1969 онд Хабаровскт төрсөн. Хүүхэд ахуйдаа тэрээр орон нутгийн АСК (армийн спортын клуб)-т бэлтгэл сургууль хийж байгаад 15 насандаа тухайн цаг үедээ орос орны хоккейн спортыг манлайлж асан нийслэлийн АСТК (армийн спортын төв клуб- “ЦСКА”)-т хичээллэх болжээ. Армийн спортын клубт Могильный гурван улирлыг өнгөрүүлэхдээ Сергей Федоров, Павел Буре нартай нэгэн гурвал болж тоглодог байсан.

Александр Могильный
© Юрий Смитюк/ТАСС

“80 – аад оны дундуур ЦСКА-гийн насанд хүрэгчдийн багт байхдаа бид анх танилцсан. Саша Москвад нүүж ирээд хоёр гурван жил амьдарчихсан, би Минскийн “Динамо”-д нэгдүгээр лигэд тоглож байгаад дөнгөж шилжиж ирж байсан үе. Тэр биеэр надаас хавьгүй том, илүү чадал тэнхээтэй, хурдтай болохыг мэдэрсэн. ЦСКА-д цугларалтын өмнөх эхний жилд би янз бүрийн нүсэр хүнд ачаа өргөх, хүчний дасгалуудыг бүрэн дүүрэн хийж чаддаггүй байсан. Саша бол харин энэ талаар огт санаа зовох юмгүй, тэр үеийн ЦСКА- ийн хэзээ язааны архаг тамирчин шиг л бүгдийг хийж гүйцэтгэж байсан. Тэрэнтэй тоглоход үнэхээр урамтай, яагаад гэвэл тэр маш хурдан, галзуу юм шиг хурдтай хэрнээ сүлжиж хуурах хөдөлгөөнийг гайхалтай сайн хийдэг байсан, одоо тийм сүлжиж хуурах хөдөлгөөн (дриблинг) хийдэг хүн ховор болжээ. Тэр маш сайн эвсэлтэй, бид бие биенээ харцаараа шахуу ойлгож мэдэрдэг байсан” хэмээн Федоров ТАСС-ын сурвалжлагчтай  ярилцахдаа хуучлажээ.

Федоров, Буре нартай тоглонгоо Могильный ЗСБНХУ-ын шигшээ багт нэр алдраа дуудуулж чадсан. Мөнгөн медаль хүртсэн 1988 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогчоор (8 шайб оруулж, гоолын 10 дамжуулалт хийсэн) шалгарав. Мөн тэр ондоо олимпийн аварга болсон. Үүний дараа Могильный  ҮХЛ -гийн драфтаар “Баффало”-д сонгогдож хуваарилагдсан бөгөөд 89 дугаартай тоглож байгаад дараагийн улирлыг ЦСКА-даа өнгөрүүлэхдээ улсын аварга болсон. Жилийн дараа тэр Зөвлөлтийн шигшээ багийн бүрэлдэхүүнд залуучуудын болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан ялалт байгуулсан.

“Манай гурвал маш сайн, ирээдүйтэй байсан боловч Ларионовын (Игорь) гурвалын хүрсэн амжилтыг тэр үеийн Зөвлөлт Холбоот Холбоот улсын үед, Баруун, Зүүний сөргөлдөөний нөхцөлд хараахан эвдэж чадаагүй юм. Манай гурвал цаашдаа яаж тоглох байсныг тааварлахаас цаашгүй, гэхдээ л бид гурав дэндүү ирээдүйтэй залуучууд байж дээ. Дараагийн үеийнхэн маань биднээс бага зэрэг илүү хүчтэй л дээ, гэхдээ бид гурвал гэхээсээ ганцаарчилсан тоглолтын ур чадвараараа илүү сайн байсан” хэмээн Федоров дурсан өгүүлэв.

 

“Саша хоккейн карьерээ өөрөөр зохиож бүтээхээр шийдсэн

 

20 шүргэж явах насандаа Могильный ЦСКА-гийн хоккейчин бүрийн мөрөөдөж чадах холбооны аварга шалгаруулах тэмцээнээс Олимп хүртэлх бүх тэмцээнд түрүүлж байсан бөгөөд үе чацуутны хувьд түүнтэй эгнэх хүн дэлхийд байгаагүй. 1989 оны тэр жил, ЗСБНХУ-ын спортын түшмэдүүд хориглосоор байсан хэдий ч тэрээр АНУ-ын ҮХЛ /Үндэсний хоккейн лиг/-д карьерээ үргэлжлүүлэхээр шийдсэн. Тавдугаар сарын 5-нд Могильный АНУ руу нисч, удалгүй “Баффало”-той байгуулсан контрактад гарын үсэг зурсан.

“ҮХЛ рүү тэр мэдээж, цагаа олж явсан. Саша тоглогчийн хувьд аль эрт эрийн цээнд хүрчихсэн, ир нь ид ханасан төвшний тоглолтыг бид үзүүлдэг байсан. 1989 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд биднийг сонгож авсан явдал үүнийг гэрчлэх бөгөөд дараагийн жил нь мөн дэлхийн аваргад явах л байсан. Гэхдээ Саша хоккейн хувь тавилан, карьерээ арай өөрөөр зохиож бүтээхээр шийдсэн. Тийм сүрхий алхам хийсэнд нь би баярлаж байсан. Мэдээж, санаа зовж байсан, гэхдээ энэ бол зүгээр л нэг гадагш явж, юм үзэж, нүд тайлах хүсэл сонирхол биш, харин маш сайн бодож тунгаасан шийдвэр гэдгийг ч бас ойлгож байсан. Тоглолтыг нь хүлээж авч үнэлж чаддаг тийм талбай, тийм үзэгчдийг байлдан дагуулахаар тэр явсан. Түүний хувьд энэ бол маш том хариуцлага гэдгийг би ойлгож байсан. Хэдийгээр бид дэндүү идэр залуу байсан ч гэсэн энэ бол маш сайн бодож тунгаасан шийдвэр байсан гэдгийг давтаж хэлье. Шийдвэр гаргахаас өмнө идэр залуу насны ямар нэгэн ид хав биднийг дотроос маань хатгадаг байсан” хэмээн Федоров тэмдэглэв.

Сергей Федоров и Александр Могильный, 2013 год
© Станислав Красильников/ТАСС

ҮХЛ рүү явснаас хойш Могильный 1994 онд, ЗСБНХУ задран бутарсны дараа эх орондоо анх эргэж ирсэн. “1994 онд Орос эх орондоо эргэж  ирэхдээ бид хоёулаа сэтгэл маш хөдөлж, санаа зовниж байсан. Орос оронд удаан байгаагүй болохоор ямар нэг болгоомжлол, түгшүүр аль алинд маань байсан. Бид нэг улсаас яваад ирэхдээ огт өөр улсад ирж байгаа хэрэг шүү дээ. Анд нөхөд, багш нар, түншүүд маань биднийг өмгөөлж хамгаалаад зогсохгүй бүх юм хэвийн болно, энд чинь бид хоккей тоглож байгаа болохоор ямар ч асуудал гарахгүй хэмээн ухуулж сэнхрүүлж чадсан. Биднийг ийм болгохын төлөө бүхнээ зориулсан багш нар минь гэдгээ ч тэд бас дахин нотолж харуулсан шүү” хэмээн Федоров хүлээн зөвшөөрөв.

Могильный 1996 онд ОХУ-ын шигшээ багт Дэлхийн цомын төлөөх тэмцээнд тоглов. Үүнээс хойш харин түүнийг 1998 оны Олимпод оролцох шигшээ багт урьж тоглуулахаар Владимир Юрзинов ч, 2002 оны Олимпийн тоглолтод оролцох оросын шилдэг бүх хоккейчдыг цуглуулж байсан Вячеслав Фетисов ч оролдоод чадаагүй билээ.

“Гэмтэл бэртэл ч юм уу, аль эсвэл өөр ямар нэгэн архагшсан зүйл түүний сэтгэлийг зовоож шаналгаж байсан байх. Эрүүл саруул байсан бол түүнийг татгалзана гэж огт бодохгүй байна. Бид хоорондоо уулзаж ярилцдаг, ямар нэг зүйл болохгүй байна гэдгийг ойлгодог л байсан. Тэр үед Сашад чухам яг юу тохиолдсоныг би санахгүй байна, гэхдээ тэр “100 хувь” тоглож чадахгүй байсан гэж би хувьдаа мэдрэхгүй л байсан даа. Магадгүй, дасгалжуулагч нартай ямар нэг асуудлыг түүний бодсон санаснаар шийдэж чадаагүй байж ч болох юм. Тийм болохоор, түүний татгалзсан явдал, нэгдүгээрт, эрүүл мэндтэй нь холбоотой, хоёрдугаарт, түүнийг ойлгох, хүндлэх тал дээр санаанд нь хүрээгүй ямар нэг зүйл байсан байх” хэмээн Федоров тайлбарлав.

 

ҮХЛ дэх багийн анхны орос ахлагч

 

ҮХЛ дэх анхны алхмаа Могильный 1989 оны аравдугаар сарын 5-нд “Баффало” – “Квебек Нордикс” багуудын хооронд болсон тоглолтоор эхэлсэн. Уулзалтын эхний 20 дахь секундэд орос хоккейчин гоол оруулж, түүний баг 4:3 – аар ялсан. “Баффало”-д тоглосон эхний гурван жилд Могильный байнга өсөн дэвжиж, үр дүнтэй довтлогчийн нэр алдрыг өөртөө бий болгож байсан. Эхний улиралд тэр 43 (15+28), удаахид – 64 (30+34) оноо тус тус авсан. “Айлендерс”-ээс солилцоогоор ирсэн Пэт Лафонтейн багт нь тоглох болсноор Могильныйн үр дүн улам нэмэгдэж, 1991/92 оны улиралд тэр 84 (39+45) оноо авав.

1992/93 оны улирал хувийн статистик үзүүлэлтээр Могильныйн карьер дахь шилдэг нь болов. Тэр жилийн аварга шалгаруулах тогтмол тэмцээнд 76 шайб оруулж, 51 үр дүнтэй дамжуулалт хийж, шилдэг мэргэн буучдын жагсаалтын тэргүүн байрыг финлянд хоккейчин  Теему Селяннетай хувааж эзэлсэн. Могильный 76 шайбынхаа 42-ыг нь Лафонтейны дамжуулалтаар оруулжээ. Тухайн улирлын явцад эхний 50 тоглолтод 50 шайб оруулж агуу тоглогчдын эгнээнд орох боломж Александрт байсан. Морис Ришар 40 тоглолтоор өндөр босго тавьсан бөгөөд түүнээс хойш уг босгонд зөвхөн Уэйн Грецки, Марио Лемье, Бобби Халл, Майк Босси нар л хүрч чадсан юм. Улирлын эхэнд өнжсөн зургаан тоглолтоос болж тэрхүү босгыг Могильный 44 тоглолтод амжиж хүрэх шаардлагатай байлаа. 47 тоглолтод довтлогч маань 45-ыг оруулж, 48 дахь гоолыг нь Филадельфид тооцоогүй бөгөөд “Вашингтон”-той хийсэн тоглолтод тэр үр дүнтэй ганц дамжуулалт л хийж чадав.

Александр Могильный, 1989 год
© Игорь Уткин/ТАСС

“Александр бол маш олон гоол оруулсан агуу том тоглогч. Тэр маш сайн гулгадаг, хүчтэй супер цохилттой, гоол оруулах гайхалтай ховорхон мэдрэмжтэй. Тэр ҮХЛ-д хүрэлцэж ирсэн даруйдаа л манлайлах байр сууринд гарч, олон жилийн турш тэнд манай улс орныг төлөөлж байсан. “Баффало”-д тэр олон жил ганцаараа тоглосон, эхэндээ түүнд маш хэцүү байсан. Зөвлөлт, оросын хөвгүүд зүгээр нэг тоглоод зогсохгүй багаа тэргүүлэн манлайлж чаддаг юм гэдгийг тэр харуулсан. Түүний оруулсан 76 гоол бол хосгүй амжилт. Хэнтэй ч тоглосон тэр ямар ч тохиолдолд өөрөө гоол оруулах ёстой гэж үздэг, оруулж ч байсан”  хэмээн Павел Буре тэмдэглэв.

“Түүний хурд, өндөр хурдны зэрэгцээ сүлжиж хуурах чадвар нь эсрэг тоглогчдын толгойг эргүүлж, чухам юу болоод байгааг ойлгохын аргагүй болгодог байсан. Хоёртын бутархай мөнгөний (копейка) дайтай өчүүхэн жижиг зайд шайбтайгаа хамт эргэж, чиглэлээ яаж өөрчилж чаддаг байсны учрыг олох гэж тэд өнөөг хүртэл өчнөөн олон жилийн турш эргэцүүлж бодсоор л байдаг юм. Сашагийн маш хүчтэй ширвээ цохилт бол чинжаал хутгаар нэвт сүлбэх адил яагаад ч зогсоож барихын аргагүй байдаг билээ. 76 гоолыг тэр зүгээр ч нэг амархан хийчихээгүй”  хэмээн Федоров бахархан өгүүлэв.

Дараагийн улирлын эхэнд тэр ҮХЛ-ийн түүхэнд багийн анхны орос ахлагч болов. “Ямар ч багт ахлагчийн чиг үүргийг санаан зоргоор амархан өгөөд байдаггүй, үүний тулд тэргүүлэгч (лидер) байх шинжийг өөртөө агуулсан байх шаардлагатай. Лидерүүд харин янз бүр байдаг: зарим нэг нь хувцас солих өрөөнд их ярьдаг байхад, нөгөө зарим нь мөсөн дээр өөрийн биеэр үлгэрлэж үзүүлдэг. Александр харин дуу цөөнтэй боловч олон гоол хийж, түүний араас баг нь дагаж тэмүүлдэг жинхэнэ хошуучлагч байсан. Тийм ч болохоор нь нас залуу ч гэсэн түүнд ахлагчийн чиг үүрэг хариуцуулсан” хэмээн Буре онцлов.

1993/94 оны улиралд довтлогч маань эхний долоон тоглолтод найман гоол оруулсан боловч, дараа нь Лафонтейн гэмтэл авсан. 16 сар өнжсөний эцэст тэр мөсөн дээр гарч, шууд л Могильныйд гоолын дамжуулалт өгөв. 1995 оны зургадугаар сард “Баффало” төлбөрийн хэмжээгээ багасгахаар шийдэж, Могильныйг “Ванкувер”-т солилцоогоор шилжүүлсэн бөгөөд тэнд харин Буре тоглож байв. Улирлын эхэнд Буре хүнд бэртэж, Могильныйн амжилт жил ирэх тусам бага багаар буурсаар байв. 1995/96 оны улиралд тэр 55, дараагийн улиралд 31, 1997/98 оны улиралд харин 18 шайб оруулжээ. Тэр жилийн аварга шалгаруулах тэмцээнд Буре 51 гоол оруулсан хэмээн тэмдэглэгджээ.

“Түүнтэй тоглоход байнгын урамтай, миний санаж байгаагаар би түүнтэй тоглож байхдаа 50 гоол оруулсан. 50 гоол гэдэг бол түүхэнд бичигдэх сайхан амжилт” хэмээн Буре дурсав.

 

Стэнлийн цомын ялалт

 

2000 оны хавар “Нью-Жерси”-гийн ерөнхий менежер Лу Ламорелло залуухан төвийн тоглогч Брендан Моррисоныг явуулж, оронд нь “Ванкувер”-аас амжилт нь харьж яваа Могильныйг багтаа авахаар эрсдэлтэй шийдэл гаргав. Гэхдээ энэ бол түүний карьерийн хувьд хамгийн мэргэн сонголтын нэг болсон аж. Оросын довтлогч Стенлийн цомын эзэн болох эгзэгтэй цаг мөчид жинтэй хувь нэмэр оруулжээ. Тэрээр “Филадельфи”-тэй хийсэн цувралын зургаа дахь тоглолтод ялалтын гоол (2:1) оруулсан бол долоо дахь тоглолтод Патрик Элиашид гоолын (2:1) дамжуулалт өгсөн. Шигшээ тоглолтод “Нью-Жерси” “Даллас”-ыг (4:2) хожиж, харин Могильный олимпийн алтан медаль, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ялалт дээрээ нэмж Стенлийн цомоор амжилтын цуглуулгаа баяжуулав.

Дараагийн улиралд Могильный “Нью-Жерси” багийн бүрэлдэхүүнд 43 шайб оруулж, 40 ашигтай дамжуулалт хийснийхээ дараа чөлөөт тоглогчийн эрхийг эдэлж, “Торонто”-той байгуулсан контрактад гарын үсэг зуржээ. 2005 оны зун тэр “Нью-Жерси” -д буцаж ирсэн боловч 2006 онд карьерээ дуусгаж, зодог тайлжээ.

“Өсвөр, идэр, залуучуудын насны ангилалд Александр дандаа араасаа дагуулсаар явсан. Тоглосон газар бүхэндээ тэр цаг үргэлж хошуучилж манлайлж байсан. Тоглолт бүхэнд тэр шилдэг нь байж, хүүхэд, залуучууд түүнийг дагаж тэмүүлдэг байсан. Манлайлах гэж үүнийг л хэлнэ” хэмээн Буре дурсамжаа өндөрлөв.

ОХУ-д Могильный 1994 оны арваннэгдүгээр сард сүүлчийн удаа тоглосон. ҮХЛ-ээс явж байх тэр цаг үед далайн чанад дахь лигт тоглож байсан оросын бусад хоккейчдын хамт тэр бүх оддын шигшээ багийн бүрэлдэхүүнд оросын клубуудтэй хийсэн зургаан тоглолтод оролцсон. Хоёр тоглолт Москвад, үлдсэн бусад тоглолтууд Ярославль, Нижний Новгород, Магнитогорск, Новосибирскт болсон.

Цэрэг дайчдад дэмжлэг үзүүлэх тэрхүү цуврал тоглолтын төгсгөлд оросын клубт тоглосон сүүлчийн тоглолтоо Могильный “Спартак” (улаан цагааныхан) багийн бүрэлдэхүүнд Буре болон Вячеслав Фетисов нарын хамт хийсэн. Арваннэгдүгээр сарын 23-нд тэд Ярославын “Торпедо”-гийн гурвалын эсрэг тоглохоор мөсөн дээр гарсан бөгөөд Буре, Дмитрий Клевакин нартай хамтарсан гурвалд Могильный тоглохдоо Буред гоолын дамжуулалт өгсөн. Харин “Спартак” 0:2 – оор хожигдож яваад эцэст нь 4:2 – оор хожсон.

Үндэсний шигшээ багт Могильный – Федоров – Буре нарын гурвал 1996 онд цорын ганц удаа тоглосон. Энэ бол Дэлхийн цомын өмнө финляндчуудтай хийсэн хяналтын тоглолт байв. Харин Буре бэртэл авсны улмаас энэ гурвал уг тэмцээнд оролцож чадаагүй билээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ