Зохиолч, яруу найрагч Д.Урианхайн онцлох эшлэлүүд

2019-02-20

Б.НАМУУНТАМИР

Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхайг 2019 оны утга зохиолын салбарын нобелийн шагналд нэр дэвшүүлсэн. Д.Урианхай нь 1978 онд “Халуун зуны сүүдэр” туужаараа МЗЭ-ийн шагнал, 2002, 2005, 2007 онд  МЗЭ-ийн “Алтан Өд”, 2003 онд “Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн шагнал, 2017 онд Азийн шилдэг яруу найрагчаар тодорчээ. Зохиолч Д.Урианхайн бүтээл англи, франц, герман, хятад, солонгос, япон, македон хэлээр орчуулагдсан байна.

Та бүхэндээ нэрт яруу найрагчийн хэлсэн эшлэлүүдээс хүргэе.

-“Тэнгэр хүртэл жавар хааж нөмөрлөдөг энэ орчлонд” Дамдинсүрэн гэх нэр өөрийнх нь нэрний өмнө аль нэг хэвлэлийн хуудас, сонин сэтгүүлд бүтнээрээ бичигдэхээс өөр дулаан зүйл үгүй гэнэ.


– Монголын маань нийгмийн сэтгэлгээ, монгол үндэстний оюун санаа нэгдмэл түүхэн том зорилгогүй, өдөр тутмын, эгэл ердийн ахуй амьжиргааны хэрэгцээнд дарамтлагдсан материаллаг дорд зорилгод чиглэсэн өчүүхэн хүрээ, тойрогтой бөгөөд энэхүү хөөрхийлөлтэй төвшнөөс дээш гарч чадахгүй байна.


-Үнэндээ бол амьдрал хүмүүст их шударга биш хандлагатай шүү дээ. Бурхан ганцаараа алаггүй нь үнэн. Харин нийгмийн бодит амьдрал алаг булаг, асар дэгэн догонтой байдаг.


-Үнэн юм үнэнээрээ л түүх болж үлдэх хэрэгтэй. Хэн нэгний хүсэл зоргонд дөрлүүлэн төөрүүлбэл хойч үе нь түүхэн ой санамжгүй болж ойд төрсөн гөрөөсний адил амьдрахад хүрнэ.


– Би гадаадын сонгодогуудаас хол дутуугүй, чанартай бүтээлүүд туурвисан.Олон мэргэдийг төрүүлсэн ард түмэндээ их хайртай.


– “ Монгол нутаг” гэдэг нэртэй болчихсон энэ газарзүйн орон зай бол өнөөгийн монголчууд бидний бүтээл биш. Алтай, Хангай, Хэнтий, Номин шарга, Хөвсгөл, Увс, Чацартын шар ширэнги бол монголчууд бидний гарын, хөдөлмөрийн, түүхийн бүтээл бус юм. Энэ бол байгаль эхийн өөрийнх нь бүтээл.


-Хүн жаргалтай амьдрахад олон юм хэрэгтэй байж магадгүй юм. Гэхдээ хамгийн эхэнд хэрэгтэй зайлшгүй юм бол тусгаар эрхэт төртэй, тусгаар тогтносон эрх чөлөөт эх оронтой байх хэрэгцээ гэдэгт би итгэдэг.


-Би үнэндээ шинэчлэл гэж нэг их ярих дуртай хүн биш. Гэхдээ Сергей Есенинийн хэлсэн нэг үг байдаг. “Мэлхий шиг ч ваагла, хамаагүй, өөрийнхөө хоолойгоор дуугар” гэж. Би Монголынхоо уран зохиолын өв уламжлал руу юуг ч дусаасан “өөрийнхөөрөө л ваагласан” дуслуудаа нэмсэн.


-Би гэдэг хүн амьтны төрлөөсөө тийм ч алс холдож чадахгүй амьдарч байгаа болохоор бурханы номонд чих тавьж өчүүхэн ч хэмжээгээр болохноо гэгээрлийн гэгээ өөр рүүгээ тусгамаар санагддаг.


-Ер нь бол хувь тавиланг тухайн хүн өөрөө залж, бүтээдэггүй өөр хүчин нөлөөлдөг гэж боддог. Сахиусан тэнгэрүүд эгэл жирийн нүдтэй бидний нүдэнд харагдахгүй, харин оролцоо нь мэдэгдэнэ.

 Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ