Г.Баярсайхан: Бурхан Халдуныг онгон бүс болгоё

2013-06-17

 
“Зууны мэдээ” сонин Бурхан Халдун уулыг онцгой бүс болгож хамгаалъя сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн   билээ. Хэлэлцүүлэгт салбарын сайд Ц.Оюунгэрэл, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан нарын УИХ-ын гишүүд оролцож  хууль гаргах нь  зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж  байсан юм. Энэ асуудлын мөрөөр, мөн уншигчдынхаа  хүсэлтээр  УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай ярилцлаа.
 
-Бурхан Халдун уулыг онцгой хамгаалалтад авъя гэсэн “Зууны мэдээ” сонины хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын ги­шүү­ний хувьд хэлэл­цүүлгээс хойш ямар дүг­нэлт хийж байгааг сонирхмоор байна?
-Бурхан Халдун мон­голчуудын  түүх, соёлын  биет болон биет бус  олон дурсгалыг  хадгалсан  үнэлж баршгүй өв, сан юм. Энэ тухай олон удаа ярьж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр  бичигдсэн учраас нуршаад яах вэ. Нэрнээс нь хүртэл тодорхой байгаа. Бур­хан Халдун гэдэг нэ­рийг  зарим судлаач бур­­хан хүртэл халдаж болохгүй  гэсэн утгатай хэмээн тайлбарладаг юм. Тэгэхээр  тэр уулыг Монголын төр яах ар­гагүй хамгаалах ёстой, анхаарлаа хандуулах ёс­той. Яагаад гэвэл төр улсын маань гал голомт хүртэл тэндээс үүсэлтэйг үгүйсгэх аргагүй. Учир нь Эзэн Чингис хааны амьдрал  Бурхан Халдун уултай салшгүй холбоотой явж ирсэн. Тэгэхээр энэ бүхнийг товчлон  хэ­­лэхэд, би  танай со­нины  хэлэлцүүлэгт орол­­цож байсан. Мөн  тухайн үед өөрийн байр  суурийг  ч илэрхийлж байсан. Хэлэлцүүлэгт оролцогчдын нэгдсэн байр сууриас харахад   Бурхан Халдуныг онцгой бүсэд авъя. Гол нь тэр бүс нутаг жинхэнэ утгаараа халдашгүй дархан байх ёстой гэсэн саналыг дэвшүүлж байсан. Мөн хуульчилж өгөөч гэсэн хүсэлтийг бидэнд тавьж байсан. Иймд асуудлыг хууль зүйн хүрээнд ярих ёстой юм.
-Тэгэхээр Бурхан Халдун уулыг хамгаалж буй хууль эрхзүйн өнөөгийн зохицуулалт ямар байна?
– Хан Хэнтийн төрийн тусгай хамгаалалттай бүс нутгийн харъяанд байгаа Бурхан Халдун дархан цаазтай уул юм. Дархан цаазат  уулын ямар ангилалд багтдаг вэ, яаж хамгаалдаг вэ гэвэл тусгай хамгаалалттай га­зар нутаг нь дотроо хэд хэдэн ан­гилалд ху­ваагддаг. Тухайлбал,  дар­хан цааз­тай газар нутаг, байгалийн цогцолбор газар, байгалийн  нөөц газар, дурсгалт газар гэж байна. Үүний дар­хан цаазат газар гэсэн ангилалд Бурхан Хал­дун уул орж байгаа юм. Дархан цаазат ан­гиллын аль ангилалд багтаж байна вэ гэвэл, хязгаарлалтын  бүсэд нь багтдаг. Дотроо онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс гэж ангилалтай. Онгон бүсэд байгалийн хэв шин­жийг нь хадгалах шаардлагад нийцүүлэн зөвхөн хам­гаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, мөн бай­галийн тогтоцыг нь хөн­дөхгүйгээр зөвхөн ажиглах хэлбэрээр су­далгаа, шинжилгээ явуулж болох түүнээс бу­сад үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Би яагаад энэ бүхнийг дурьдаж байна  гэвэл, онгон бүсийн дэглэм дэх  хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс нь  тухайн уулыг хамгаалах талаасаа илүү  шаардлага өндөртэй юм. Тухайлбал, Бурхан Халдун уул одоо хязгаарлалтын бү­сэд баг­таж буй. Энэ бүсэд   нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж болно, ойн арчилгаа, цэвэрлэгээ хийж болно, ан амьтны тооллого, тэд­­­гээрийн сүргийн бүтэц, нас хүйсийг зо­хицуулах, рашаан эм­чилгээ, сувилгааны ча­нартай эрдсийг ашиглах боломжтой. Мөн  аялал жуулчлал зохион байгуулах, аялах зөвшөөрөл бүхий хүмүүс түр отголох, буудаллах, ажиглалт судалгаа хийх зориулалтаар түр барьсан орон байрыг ашиглах, дууны болон дүрс бичлэг хийх, тэдгээрийг кино, бүтээл болгоход ашиглах, тахилын ёслол үйлдэх, эмийн болон, хүнсний ургамалыг зохих журмын дагуу түүж ашиглах зэрэг нь нээлттэй байдаг юм байна.
-Тэгэхээр цаашид ямар зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байгаа вэ?
 -Би түрүүнд хэллээ, Бурхан Халдун уул дархан цаазтай уулын  нээлттэй бүсэд хамаарч байна шүү дээ. Тэгэхээр миний хувьд Бурхан Халдун уулаа үнэхээр халдашгүй  дархан байлгая гэж байгаа бол дархан цаазат уулын онгон бүсэд хамруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, би Бурхан Халдуныг онгон бүсэд хамруулахыг дэмжиж байгаа. Мэдээж ийм санал санаачилга эхлээд орон нутгийн иргэдээс гарч орон нутгийн иргэдийн хурлаар хэлэлцүүлэх ёс­той. Үүний дараа манай байнгын хороонд ирнэ. Тэр дагуу Засгийн газраас  саналыг нь  авч хамгаалалтын дэглэмийг дээшлүүлэх ёстой гэсэн асуудлыг УИХ-д оруулах учиртай. Гэхдээ энэ нь нэг зүйлтэй зөрчилдөж байгаа.
-Юу билээ?
-Бурхан Халдун төрийн тахилгатай уул. Тэгэхээр хамгаалалтын дэглэмийг дээшлүүлэх нь дөрвөн жилд нэг удаа болдог төрийн тахилгатай зөрчилдөж байгаа.
-Зохицуулах бо­ломжгүй гэсэн үг үү?
-Онгон бүсэд хам­руулах асуудлыг хуульч­лахдаа төрийн тахилгыг хийх журамд  өөрчлөлт  оруулж болох юм. Он­он бүс байдлаар нь хам­гаалъя, ингэхдээ дөрвөн жилд нэг удаа болдог төрийн тахилгыг хязгаарлагдмал байдалд хийж байхаар хуульчилж болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ