Эрхүүд сонгуулийн ирц 82.5 хувьд хүрлээ

2013-06-19

М.ГАНЦЭЦЭГ
 
ОХУ-ын Эрхүү хотод ажиллаж, амьдардаг иргэд, оюутнууд Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй оролцож саналаа өглөө. Тус хотод суух Монгол Улсын Ерөнхий консулын газрын байранд Ерөнхийлөгчийн сонгуулийн 37 дугаар салбар комиссын санал авах байр ажиллав. Эрхүү хотод нийт 1200 гаруй монгол ажиллаж, амьдардаг бөгөөд тэднээс 405 нь сонгуульд оролцохоор бүртгүүлж бүгд санал өгөх эрхтэй болжээ. Тэднээс 334 нь саналаа өгч сонгуулийн ирц 82.5 хувьтай өндөрлөв. Эрхүү хотод ням гаригт орон нутгийн цагаар 22:00 цагт сонгуулийн санал хураалт дуусав. Бүртгүүлсэн иргэдээс 71 нь саналаа өгсөнгүй.
 
 
Санал хураалт дууссаны дараа саналын хуудастай шилэн хайрцагны лацыг нээж салбар комиссын гишүүд саналын хуудсыг  тоолов. Сонгуулийн ерөнхий хорооноос Эрхүү хотод нийт 426 саналын хуудас ирүүлжээ. Эндээс 334-ийг нь ашиглав. Хүчингүй саналын хуудас гараагүй бөгөөд ашиглаагүй үлдсэн  92 хуудсыг хуульд заасан журмын дагуу Сонгуулийн ерөнхий хороонд буцаалаа. Дугтуйд битүүмжилсэн саналын хуудсуудыг Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн тусгай уутанд хийж битүүмжлэн сейфэнд хадгалав. Битүүмжилсэн саналын хуудсуудыг Ерөнхий консул Б.Болд Сонгуулийн ерөнхий хороонд хүргэхээр өчигдөр оройн 23:00 цагт Эрхүүгээс Улаанбаатар руу нислээ. Гадаадаас авсан саналын хуудсыг орон даяар санал хураалт болох өдөр буюу энэ сарын 26-нд 22:00 цагаас автомат машинаар тоолох юм.
 
 
Эрхүү хотод санал хураалт өнгөрсөн баасан гаригт орон нутгийн цагаар өглөөний 07:00 цагт эхэлсэн байна. Санал хураалтын эхний өдөр 90 гаруй хүн санал өгчээ. Манай сурвалжлах хэсэг бямба гаригийн өглөө санал авах байранд очив. Өглөөний 07:00 цагт Эрхүүд сонгуулийн ажлыг зохион байгуулж буй салбар комиссын гишүүд санал авах байрны лац, түгжээг нээж орлоо. Энд Эрхүүд суудаг Ерөнхий консул Б.Болд, дэд консул Ц.Буд, атташе Д.Эрдэнэбүрэн,  Эрхүү дэх монгол оюутны холбооны дарга Б.Цолмонбат болон салбарын бусад ажилтан ажиллав. Мөн МАН-аас Ж.Амардөлгөөн ажиглагчаар ажилласан юм.
 
 
Санал хураалтын хоёр дахь өдрийн өглөөний 07:40 цагт эхний хүн ирж саналаа өглөө. Иргэд Ерөнхий консулын газарт ирж бүртгэлийн дугаараа тулгуулж, гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхээ шалгуулаад комиссын гишүүдээс саналын хуудсыг авч бүхээгт орон саналаа тэмдэглээд дугтуйд битүүмжлэн шилэн хайрцагт хийж байв.
 
 
Ерөнхий консулын газраас санал өгөхтэй холбоотой танилцуулгыг сайн хийсэн бөгөөд саналын хуудас ойлгомжтой, тодорхой байгааг сонгогчид хэлж байлаа. Мөн Ерөнхий консул Б.Болд Эрхүүд амьдардаг монголчууддаа сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж мессежээр зар тараасан байна. Тэрээр саналаа өгөхөөр ирсэн иргэдэд биечлэн заавар зөвлөгөө өгч байлаа.
 
 
Энд хоёр нэр дэв­шигчийн сурталчилгааны материалыг хуулийн дагуу, зохих зөвшөөрөл авч онгоцны буудал, метроны буудал, томоохон худалдааны төвийн гадна байрлуулжээ. Харин нэг нэр дэвшигч нь сурталчилгааны материал тараагаагүй гэнэ.
 
 
Эрхүүд санал өгөхөөр бүртгүүлсэн нийт 405 хүний 270 гаруй нь оюутнууд байв. Тэднээс 260 нь саналаа өглөө. Баасан гаригт оюутнууд шалгалттай байсан тул цөөн хэд нь саналаа өгчээ. Харин амралтын өдрүүдэд оюутнууд сонгуульд идэвхтэй оролцлоо. Эрхүүд сурдаг монгол оюутнуудын холбоо ч Ерөнхий консулын газар, сонгууль зохион байгуулах салбар комисстой хамтран ажилласан байна. Эрхүүд нийт 1000 орчим оюутан сурдаг бөгөөд зарим нь амраад нутаг руугаа буцсан гэнэ. Үндсэн ангийн оюутнууд сонгуульд оролцох насных, харин хэлний бэлтгэлд сурдаг оюутнуудын 50 хувь нь насанд хүрээгүй гэнэ. Олон оюутан сурдаг учир тэднийг сонгуульд оролцуулахад Оюутны холбооны дарга Б.Цолмонбат идэвхтэй ажилласныг Ерөнхий консул Б.Болд болон дэд консул Ц.Буд нар хэлж байлаа.
 
 
Эрхүүд болсон гурван өдрийн санал хураалтын бүхий л үйл явцыг МАН-ын төлөөлөл Ж.Амардөлгөөн ажиглав. Тэрээр энд санал хураалт хуулийн хугацаанд эхэлж, дууссан бөгөөд ямар нэгэн зөрчил маргаан гараагүйг санал хураалтын төгсгөлд онцолсон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ