Зайсан дахь KFC салбарын ундны уснаас халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрчээ

2019-02-18

Т.ТУЯАЦЭЦЭГ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн XI хороонд байрлах Таван Богд компанийн Зайсан дахь KFC салбарт гарсан хоолны хордлоготой холбоотой урьдчилсан мэдээлэл хийсэн. Тэгвэл өнөөдөр шинжилгээний талаар мэдээлэл хийлээ. Тандан судалгаагаар сэжиг бүхий хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, ундны ус, ундаанаас дээж авч хоолны 39 дээж, 41 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны хоёр, агаарын сорьц тав, ундааны сорьц, байгууллагын тоног төхөөрөмж, угаалга цэвэрлэгээнээс 94 шинжилгээ авсан байна. Мөн Зайсан дахь KFC салбарын үйл ажиллагааг энэ сарын 12-ны 19:00 цагт  зогсоож, тухайн өдөр хийсэн хоол, хүнсний бүтээгдэхүүний үлдэгдлийг устгаж, тоног төхөөрөмжид халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Мөн НМХГ-ын хяналт шалгалтаар тухайн салбар нь 28 ажилчинтай. Ажилчдын эрүүл мэндийн урьдчилсан үзлэгийн дэвтрийг шалгахад арьсны халдварт өвчин илрүүлэх шинжилгээнд хамрагдаагүй, үзлэг дутуу байхад баталгаажуулсан, албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдэг дарагдаагүй, шинжилгээ хийсэн эмчийн гарын үсэггүй зөрчил илэрчээ. Мөн хоол үйлдвэрлэлт эрүүл ахуйг хэвшүүлээгүй, дамжлага дундын хяналт алдагдсан, холбогдох тэмдэглэл хөтлөөгүй зөрчил илэрсэн байна. Хамгийн ноцтой зөрчил нь хоол, хүнсэнд оролцдог хүмүүс нь үнэмлэхгүй байсан аж.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өгсөн шинжилгээгээр эмнэлзүйн лабораторит дөрвөн өвчтөн, 21 ажилчнаас авсан шинжилгээгээр шигелийн төрлийн нян буюу ундны уснаас халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрсэн байна. Зайсан дахь KFC салбараас 247 хүн өвчилснөөс 42 нь эмнэлэгт хандан эмчлүүлжээ. Тус салбар нь гүний худгаас усаа авдаг байсан. Ус ямар шалтгаанаар бохирдсон талаар үргэлжлүүлэн шалгах ажээ. Олныг хамарсан халдварт өвчлөл хүнээс хүнд дамждаг хоолны халдварт өвчлөл юм. Энэ нь хоол, хүнсээр дамжин хүнд дамжсан гэсэн дүгнэлт гаржээ. Мөн Таван Богд компанийн хариуцлагагүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн дотоодод тавих хяналт сул байгаа нь зөрчил гаргахад хүргэсэн. Одогоор Зайсан дахь салбарыг хаасан. Бусад салбарт удахгүй шалгалт хийнэ гэв.

Эх сурвалж www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ