“Эрдэнэс Тавантолгой” эрдэмтэдтэй хамтарч ажиллана

2019-02-12

Б.ТӨГС

“Эрдэнэс Тавантолгой-Инноваци-Үйлдвэрлэл” сэдэвт зөвлөгөөн “Туушин” зочид буудалд болж байна.

Тус зөвлөгөөнөөр шатдаг хий, моторын түлш, биотүлш, утаагүй түлш гээд нүүрснээс эцсийн бүтээгдэгдэхүүн гаргах болон эко, ногоон технологи нэвтрүүлэх, уурхайн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах зэрэг сэдвээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага, МУИС, ШУТИС, бусад байгууллагын эрдэмтэн, судлаач, эдийн засагчид 11 илтгэл хэлэлцүүллээ.

Мөн Гашуунсухайтын төмөр зам, авто зам, баяжуулах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станц зэргийн бүтээн байгуулалтын ажлын талаар санал бодлоо солилцсон юм.

“Эрдэнэс Тавантолгой” компани Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлэхээр дэвшилтэт технологи нэвтрүүлж, эрдэмтэн, судлаачдын нээлт, бүтээл, зөвлөгөө, судалгааг нутагшуулахыг зорьж байгаа. Энэ чиглэлээр хамтран ажиллах тухай Санамж бичигт “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Оюунбилэг нар гарын үсэг зурсан юм. Ингэснээр манай улсад төдийлөн хөгжиж чадахгүй байгаа инновацийн салбарыг бодитоор үнэлсэн, эрдэмтдийн шүүгээндээ хадгалсан бүтээл, судалгааг бодит болгон хэрэгжүүлэх алхам урагшилж байгааг зөвлөгөөнд оролцогчид онцолж байлаа.

Б.Ганхуяг: Инноваци шингэсэн эцсийн бүтээгдэхүүн бол бизнесийн зорилго мөн

/”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал/

-Бид эрдэмтдийнхээ санал бодлыг сонсох, төсөл, судалгаатай нь танилцах, инновацийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой энэ зөвлөгөөнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Ер нь инноваци, нэмүү өртөг шингэх, эцсийн бүтээгдэхүүн болгох гэдэг бол бизнесийн эцсийн зорилго мөн. Энэ зорилгынхоо хүрээнд ч үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж байгаа. Манай компанийн зүүн, баруун уурхай олборлох техник, эдийн засгийн үндэслэлүүд 2011, 2012 онд батлагдсан. Энэ техник, эдийн засгийн үндэслэлийн хүрээнд ч гэсэн нүүрс олборлох хугацаа, төмөр зам, авто зам, хими технологийн үйлдвэр, усан хангамжийн асуудлыг өндөр түвшинд авч үзсэн. Одоо ч энэ судалгааны ажлууд үргэлжлээд явж байгаа. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн олон улсын зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой асуудалд ч эрдэмтэн судлаач, шинжээчид ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани эрдэмтэн, судлаач нартайгаа хамтран Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлэхээр дэвшилтэт технологи нэвтрүүлж, тэдний санаа, бүтээлийг нутагшуулахыг зорьж байгаа. Энэ ажил бодитоор хэрэгжиж байгаагийн тод жишээ нь өнөөдрийн байгуулсан хамтран ажиллах санамж бичиг юм.

Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн салбарт инноваци нэвтрүүлэх цаг болсон

/ЗГХЭГ-ын дарга/

-Уул уурхайн салбарт инноваци нэвтрүүлэх цаг болсон. Бид хөгжлийг дөрвөн жилээр бус, 20-25 жилээр төлөвлөх, эдийн засгаа олон тулгууртай болгох, дундаж давхаргаа 70-аас дээш хувьд хүргэхийн тулд бүгд хамтран ажиллах ёстой. Энэ бүхэнд эрдэмтэн, судлаач, эдийн засагчдын оролцоо маш чухал. Цаашид Норвегийн тэтгэврийн сан зэрэгтэй адил баялгийн сан байгуулж, уул уурхайн салбараас олсон орлогоос иргэддээ хуваарилдаг сайн туршлагыг нэвтрүүлнэ. Энэ санг улс төрөөс ангид байлгаснаар стратегийн ач холбогдолтой ордуудын үр өгөөжийг иргэд түлхүү хүртэх учиртай.

 

Б.Авид: Шинжлэх ухаан, мэдлэг шингээгүй бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна

/ШУА-ийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, академич/

-Манай улсын инновацийн хөгжил дэлхийд хойгуур байгаагийн шалтгаан нь бидний үйлдвэрлэж, экспортолдог бүтээгдэхүүнүүд өрсөлдөх чадварын хувьд доогуур байгаатай холбоотой. Учир нь бид нэмүү өртөг, шинжлэх ухаан, мэдлэг шингээгүй бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. Нийт бүтээгдэхүүний 90 хувь нь технологи шингээгүй байна. Ердөө 2-3 хувь нь дунд хэмжээний технологитой байгаа учраас өрсөлдөх чадвараар сул байгааг ойлгох хэрэгтэй. Эрдэмтэд, хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө энэ зөвлөгөөнийг зохион байгуулж байгаад туйлын баяртай байна. Гаднаас томоохон зөвлөх уриад хурал хийгээд өнгөрдөг биш бид дотроо сайтар ярилцаж ойлголцох хэрэгтэй юм.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ