Агаарын бохирдол бууруулах төсөл боловсруулжээ

2019-02-12

Т.ТУЯАЦЭЦЭГ

Хувийн хэвшлийнхэн болон судлаачид хамтран агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах төсөл боловсруулжээ. Төслийг санаачлагч Б.Батсайхан өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тэрээр “Гэр хорооллын ахуйн хэрэглээний яндангийн тоог 50 мянгаар буурах боломж бий. Утааны эх үүсэврийг  цөөрүүлж,  агаарын бохирдлыг шууд болон шууд бус замаар бууруулах бодитой  арга зам бидэнд байна. Үүний тулд 33 мянган айлын орон сууцыг дэд бүтэцтэй нь барьж ашиглалтанд оруулах шаардлагатай. Ингэхдээ авто зам, сургууль, цэцэрлэгийг шийдэх бүрэн боломжтой” гэв. Энэхүү 33 мянган айлын орон сууцыг барихын тулд хоёр их наяд 600 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Хэрэв энэхүү саналыг Монгол Улсын ҮАБЗ-ийн гишүүд бодлогын төвшинд дэмжиж ажиллавал гэр хорооллын ахуйн хэрэглээний зуухны яндангийн тоог 50 мянгаар буурах боломжтой гэж төслийг санаачлагчид үзэж байгаа юм байна. 2013 оноос хойш Монгол Улсын Засгийн газар таван удаагийн тогтоол гаргажээ. Тогтоолын хүрээнд гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах төслийг хэрэгжүүлсэн нь янданг 5001-ээр бууруулсан байна. Харин эргээд хэдэн яндан нэмэгдсэн талаарх бодитой судалгаа одоог хүртэл байхгүй байгаа гэнэ. Тиймээс уг төслийг хэрэгжүүлснээр гурван жилд гэр хорооллоос гарах утааг 17.5 хувиар бодитой бууруулна гэж төслийг санаачлагч Б.Батсайхан онцолсон юм. Хэрэв төсөл хэрэгжих боломж олговол эргээд гэр хороололд ямар өөрчлөлт гарч, агаарын бохирдол хэрхэн буурч байгааг бодитой харуулна гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ