АНУ, Канад, Их Британи, Герман, Испани, Нидерландаас шуудангаар хар тамхи илгээжээ

2019-02-12

С.САРУУЛ

Энэ оны  нэгдүгээр сарын байдлаар Гаалийн байгууллага мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 5 удаагийн үйлдлийг илрүүлж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар бусад байгууллагатай хамтарсан арга хэмжээг зохион байгуулсаны үр дүнд АНУ, Канад, Их Британи, Герман, Испани, Нидерландаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг захиалан олон улсын шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тогтоож, таслан зогсоолоо.

Тухайлбал: 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Герман улсаас Монгол Улсын иргэний нэр дээр ирсэн илгээмжээс ЛСД гурван ширхэг, Хашиш 20 гр,  Экстази таван ширхэг байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Нидерланд улсаас 10 ширхэг ЛСД,

2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Герман улсаас 50 гр “Экстази” ,

2019 оны нэгдүгээр сарын  26-ны өдөр Малайз улсаас ирсэн “ургамалын үр”-нүүдээс хар тамхины агууламж илэрсэн.

Тайланд улсаас ирсэн буухиа илгээмжийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтэй бодис байж болзошгүй үндэслэлээр шалгахад  258 грамм мөс байгааг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасны дагуу мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн буюу нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт 5-8 жилийн хорих ял мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан тохиолдолд мөн 2-8 жил хүртэлх хорих ял шийтгэхээр заасан байдаг.

Зөрчил, гэмт хэрэгт ихэвчлэн 20-30 насны хүмүүс холбогдож байгаа тул эцэг эхчүүд өсвөр насны хүүхэд, залууст тавих хараа хяналтаа сайжруулж, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгаа болон үерхэж нөхөрлөж буй найз нөхдийг нь таньж мэдэх, хар тамхины хэрэглэгч, захиалагч, худалдан авагч болохоос сэрэмжлүүлэхийг анхааруулж байна.

 

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ