Орон нутгийн удирдлагуудад захиран зарцуулах эрхийг шилжүүллээ

2019-02-12

Д.ОЮУНЧИМЭГ

Ховд аймгийн удирдах ажилтнууд чуулж өнгөрсөн оны ажлын үр дүн, ололт амжилт болоод энэ жил хийхээр төлөвлөсөн, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар хэлэлцэн зөвлөлдсөн юм. Хоёр өдрийн турш үргэлжилсэн сургалт зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав нээж үг хэллээ. Тэрээр хариуцлагатай тунгалаг төр, авлига, хүнд сурталгүй аймаг болох зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байсан. Түүнчлэн төрийн албан хаагч хүнд суртал гаргасан бол хаалгаа гаднаас нь хаагаад явах хэрэгтэй гэдгийг ч мөн сануулж байлаа. Тус зөвлөгөөнд Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, О.Батнасан, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нар оролцож “Авлига хүнд сурталгүй аймаг болох” нэгэн зорилгын төлөө ажиллахаар хуран цугласан нийт удирдлагуудад амжилт хүссэн. Зөвлөгөөн, сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академитай хамтран зохион байгуулсан бөгөөд 17 сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Засаг дарга, 91 багийн Засаг дарга, эрүүл мэнд, боловсролын салбарын 300 гаруй удирдах ажилтан оролцжээ. Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Монгол Улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2019 оны хөтөлбөрийн зорилтыг хангах, аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаанаар баталсан дунд хугацааны болон шинэ хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, өнгөрсөн оны сүүлээр Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганы талаар мэдээлэл өгч ямар үр дүнд хүрэх боломж байгаа талаар ярилцсан. Тодруулбал, Ховд аймагт нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлтээ илэрхийлж, албан ёсоор санал тавьсан компанитай хамтарч ажиллах болсон байна. Тус компанийн хувьд энэ хавраас баяжуулах үйлдвэрээ барина гэдгээ илэрхийлжээ. Тиймээс уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зэхэж буй компани байгаль орчинд ээлтэй технологи ашиглан, нөхөн сэргээлтийг дүрэм журмынх нь дагуу хийх шаардлагыг аймаг, орон нутгийн удирдлагууд тавьж байгаагаа дуулгасан. Хамгийн гол нь ард иргэд болоод орон нутагтаа үр өгөөжтэй, ашигтай байх учиртайг хурлын үеэр онцолж байв. Ховд аймгийн удирдах ажилтнууд төрийн үйлчилгээг ил тод нээлттэй болгох зорилго тавьж энэ хүрээнд цахим үйлчилгээг нэвтрүүлэхэд онцгой анхаарч буй гэнэ. Мөн төрийн үйлчилгээг иргэндээ ойртуулахын тулд хүний төлөө ажиллах хэрэгтэйг аймгийн удирдлагууд сануулж байлаа. Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав сумдын дарга нартай 2019 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгуулсан юм. Энэ үеэр сумдын удирдлагад санхүүгийн захиран зарцуулах зарим эрхийг шилжүүлж буйгаа хэлсэн нь олны талархлыг хүлээсэн. Чуулганы үеэр Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Багдал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батцагаан, Эрдэнэбүрэн сумын Тамгын газрын дарга М.Баянжаргал, аймгийн Засаг даргын зөвлөх Д.Батчулуун нар санал бодлоо илэрхийлсэн юм.

 

Н.Батцагаан: СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧИДТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

-Би НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд ажиллаж байгаа. Энэ төслийн хүрээнд хүн амын хүнсний аюулгүй байдал, эрүүл хүнс хэрэглэхэд зорьж байна. Ховд аймгийн тухайд мал аж ахуй, сүү сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногооны бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээн үйлдвэрлэхийн сацуу ажлын байрыг нэмэгдүүлэх учиртай. Өнгөрсөн онд Дуут, Булган суманд сүүний цех байгуулахад дэмж­лэг үзүүлсэн. Цаашид жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэнээр орон нутагт ажлын байр нэмэгдэх боломж бий. Ингэснээр хүмүүс эрүүл аюулгүй бүтээгдэхүүн хэрэглэхийн зэрэгцээ сумын саальчид, малчдыг нэгтгэж ажиллуулах боломжтой. Одоогийн байдлаар малчид малаас гарч буй бүтээг­дэхүүнийг борлуулахад бэрхшээл тулгардаг. Хэрэв сумдад хоршоо байгуулагдвал 8-12 нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Борлуулах зах зээл нь сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэгээс гадна иргэд худалдаж авна. Мэдээж ойролцоох орон нутаг болоод бусад газруудад борлуулах гарц бий. Тэгэхээр сумдын удирдлагууд манай төсөлтэй хамтарч ажиллахыг хүсвэл нээлттэй.

 

М.Баянжаргал: СУМЫН САНХҮҮГИЙН АЛБА БАЙГУУЛАХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОН УУ?

-Засгийн газрын 327 дугаар тогтоолоор сумдад санхүүгийн алба байгуулсан. Энд гурван нягтлан ажилладаг. Тэд тус бүрдээ 2-3 байгууллага хариуцдаг байсан. Тухайлбал, орон нутаг, сум хөгжүүлэх сан, хурал, багийг нэг нь хариуцна. Харин нөгөө хоёр нь төсөвт байгууллагыг хариуцдаг байлаа. Тэгтэл сургууль, эрүүл мэндийн төвийн нягтлангийн цалингийн сан байгууллагуудынх нь төсөвт суусан байна. Тэгэхээр Засгийн газрын 327 дугаар тогтоол хүчингүй болж байна уу гэж асуумаар байна. Эсвэл сумын санхүүгийн алба байхгүй болж байна уу гэх эргэлзээ төрж байгаагаа хэлье. Үндсэндээ санхүүгийн албаны нягтлан бодогчийг Тамгын газрын дарга, албаны даргыг сумын Засаг дарга томилдог байсан. Гэтэл цалинг нь олгох эрхтэй тухайн байгууллагын даргаас хамааралтай байх эсэхийг ч тодруулах хэрэгтэй. Үүнийг хэрхэн зохицуулах вэ. Учир нь энэ ойлгомжгүй байдлаас ажил цалгардах вий гэх болгоомжлол байна. Нөгөөтэйгүүр сумын Тамгын газрын даргад дэс түшмэл байх учиртай бөгөөд найман жил төрийн албанд, дөрвөн жил дэс түшмэлийн алба хашиж шатлан дэвших журмаар Тамгын газрын дарга болох хуультай юм байна. Гэтэл суманд дэс түшмэл байхгүй гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр шатлан дэвших хүн байхгүй болж байгаа учраас хэрхэн шийдвэрлэх вэ. Ер нь Тамгын газрын дарга ямар мэргэжилтэй хүн байх вэ гэдгийг нэг тийш шийдэх хэрэгтэй.

 

Д.Батчулуун: ХҮН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

-Энэ цагийн залуус төрийн алба хаах мэдлэг боловсролыг эзэмшжээ. Аймаг, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах оюуны чадавхитай болжээ. Харин төрийн алба гэдэг улстөрийн томилгооноос илүүтэй мэргэшсэн боловсон хүчин чухал гэдгийг цаг хугацаа харуулж байгаа учраас аймгийн удирдлагууд ч энэ чиглэлийг баримталж ажиллаасай гэж хүсч байна. Хамгийн гол нь төрийн үйлчилгээг ард түмэнд хүргэх чин сэтгэлтэй, эрмэлзэлтэй хүнийг сонгон шалгаруулдаг байх хэрэгтэй. Тэгэхээр хүн төвтэй төрийн үйлчилгээг нэвтрүүлэхийн төлөө ажиллах сэтгэлтэй удирдах ажилтнууд олон байгаасай. Авлигагүй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг хүмүүст хүргэдэг ажилч, шаламгай, мэдлэг чадвартай удирдлага болоосой гэж хүсмээр байна.

 

Ч.Багдал: ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНИЙ ДАГУУ АЖИЛЛАНА

-Сумдын санхүүгийн ажилтнуудын тухай асуудлыг аймгийн Засаг даргад танилцуулан шийдвэрлэх талаар үүрэг чиглэл авсан. Харин бодлогын асуудал дээр тохиролцож байгаа. Одоогийн ажиллаж байгаа эрх зүйн орчинд Засгийн газрын тогтоол хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна. Гэхдээ төсөв батлагдахдаа нэгдсэн төсвийн хуулиар өөр, өөр чиглэлийн тооцооллоор батлагдсан. Тэгэхээр өнгөрсөн жилийн тайланг хийж дуустал ямар нэг өөрчлөлт оруулахгүй гэсэн чиглэл барьж байна. Харин сумдаас санхүүгийн ажилтнууд цаашид хэрхэх талаар нэлээд асууж байгаа. Тиймээс хөдөлмөрийн гэрээтэй бол тухайн хашиж буй албан тушаал дээр үргэлжлүүлэн ажиллана гэдгийг хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.2.12 № 28 (5995)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ