Танилц: ТАЗ-ийн шинэ бүрэлдэхүүн

2019-02-11

Т.САЙХАН

Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг томилох шийдвэрийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар гаргасан. Шинээр томилогдсон гурван гишүүний хоёр нь төрийн албан хаагчдын төлөөлөл болон сонгогдож буй бол нэг гишүүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэр дэвшүүлэн томилсон юм.   Бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн Төрийн албаны зөвлөлийн гишүүд  Төрийн албаны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу даргаа сонгон томиллоо. Зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууцаар санал хурааж, олонхын санал авсан Б.Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн даргаар томилжээ.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.БААТАРЗОРИГ

Багш мэргэжилтэй, боловсролын болон хууль зүйн магистр, Төрийн захиргааны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл  зэрэгтэй, төрийн албанд 30 дахь жилдээ  ажиллаж буй  төрийн жинхэнэ албан хаагч юм.  Тэрбээр ажлын гараагаа эгэл жирийн багшийн мэргэжлээр эхэлсэн бөгөөд аймгийн боловсролын газрын дарга, Шинжлэх ухаан боловсролын яам, Гэгээрлийн яаманд газрын дарга,  нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч зэрэг алба хашиж байсан төдийгүй 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан билээ. Төрийн албаны зөвлөлийн  гишүүнээр ажилласан гурав дахь жилдээ тус зөвлөлин даргын үүрэгт ажилд сонгогдон томилогдож байна.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН С.ЦЭДЭНДАМБА

Философич, эрхзүйч мэргэжилтэй, доктор профессор цолтой,  38 дахь жилдээ төрийн албанд ажиллаж буй. С.Цэдэндамба 2016 оноос өнөөг хүртэл Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилогдож ажиллаж байгаа бөгөөд ШУА-ийн философи, социологи, эрхийн хүрээлэн,  Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академи, УИХ-ын дэргэдэх Судалгааны төв, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар зэрэг газруудад ажиллаж байсан туршлагатай.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН  Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Дорждамбын Зүмбэрэллхам нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн шинжлэх ухааны доктор, Төрийн захиргааны албаны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл. Өмнөговь аймгийн цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Улсын мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Цагдаагийн академид багш, арга зүйч, сургалтын албаны дарга, дэд захирал, тэргүүн дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Төрийн албаны зөвлөлийн дарга, Монгол Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, УИХ-ын Тамгын газрын зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Б.ИДЭРЧУЛУУН

Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй, төрийн албанд 18 жил ажилллаж байгаа аж. Тэрээр цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, шүүгч, дүүргийн шүүхийн шүүгч, Төрийн албаны зөвлөлд шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж иржээ. Харин 2011-2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт, 2017 оноос тус зөвлөлийн Ажлын албаны дэд даргаар ажиллаж байгаад Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилогдож  байна.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Б.БААТАРСАЙХАН

Д.Баатарсайхан нь Соёл судлаач, Соёлын ажилтан, Төрийн удирдлагын менежер, арга зүйч мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. Соёлын яамны Киноны хэлтэст Техник технологийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн,  Улсын төв номын сангийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн дарга,      Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Боловсон хүчний хэлтэст шинжээчийн алба хашиж байсан. 2002 оноос Төрийн албаны зөвлөлд референт, ахлах референт, Ажлын албаны даргаар ажиллаж байгаад  тус зөвлөлийн гишүүнээр сонгогдож байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ