Монгол Улсын хөгжлийн гарцын талаарх онцлох эшлэлүүд

2019-02-11

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг  уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа нохой жилийн зочдын Монгол Улсын хөгжлийн гарцын талаар хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

 

МУБИС-ийн багш, судлаач, доктор /Ph.D/  Э.Гэрэлт-Од:

НАМУУД ҮЗЭЛ СУРТАЛД ТУЛГУУРЛАСАН ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ОЛБОРЛОДОГ УУРХАЙ БАЙХ ҮҮРЭГ, ЗАРЧМАА ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДСАНГҮЙ

-Өнгөрсөн 28 жилийн хугацаанд улс төрийн намыг засгийн эрхийн төлөө эвлэлдэн нэгдсэн бүлэг хүмүүс гэж ойлгож байснаас нийгмийн өмнө хариуцлага хүлээж, нийтийн өмнөөс шийдвэр гаргадаг дотоод ардчилалтай институци байх ёстой гэж боддоггүй байсан. Тэр ч утгаараа өнөөдөр  намууд улс орны хөгжлийг дэмжихүйц  улс төрийн институци болж төлөвшиж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл,  намуудыг илүү нээлттэй, хариуцлагатай, дотоод ардчилалтай байхыг шаардаж байна. Өнгөрсөн хугацаанд улс төрийн нам гэдэг байгууллага үзэл суртал дээрээ тулгуурлаад үнэт зүйлийг олборлодог уурхай байх үүрэг, зарчмаа хэрэгжүүлж чадсангүй. Намуудыг хариуцлагатай, дотоод ардчилалтай, үнэт зүйлтэй, Үндсэн хуулийн эсрэг үзэл санаа ярьдаггүй, Үндсэн хуулиа сахин хамгаалдаг, ялгаатай байдлаар өрсөлддөг болгохын тулд Улс төрийн намын тухай хуулийг яаралтай өөрчлөх ёстой. Улс төрийн намуудын их мөнгөний өрсөлдөөн дунд залуучууд, эмэгтэйчүүд үрэгдэж, тэдний улс төрийн хүсэл зориг, идэвх арчигдаж байна.

 

“Гэрэгэ системс” компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат:

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАРЦ НЬ ҮНДЭСНИЙ СОШИАЛ СҮЛЖЭЭ БАЙХ БОЛНО

-Төрийн байгууллагууд мэдээллээ солилцож, гүйлгээнд оруулж  эхэлдэг болсноор мэдээллийн үнэ цэнийг монголчууд ойлгож эхэллээ. Үүнтэй зэрэгцээд мэдээллийн аюулгүй байдлын асуудал хурцаар яригдана. Өөрөөр хэлбэл, мэдээллийн аюулгүй байдлыг хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, мэргэжилтэн гурваар л шийднэ. Мэдээллийн аюулгүй байдал бүх улс оронд үндэсний аюулгүй байдлынх нь хэмжээнд яригддаг. Ялангуяа, иргэдийнх нь талаарх мэдээлэл асар их үнэ цэнэтэй. Улс орон, иргэдийн мэдээллийг хадгалж байгаа газар халдлагын гол объект болчихдог. Тухайлбал,  хоёр хөрш фэйсбүүкийг хаагаад өөрсдийн сошиал нэтворкыг  босгож ирж байна. Төрийн үйлчилгээ, бизнес гээд хэрэгцээтэй бүхнийг  хамруулж  өөртөө зориулж шинээр бүтээж байна. Манай улсын хувьд ч гэсэн өөрсдийн сошиал нетворкыг бүтээж, хяналттай ашиглаж чадвал хуурамч хаяг, түүнтэй холбоотой гүтгэлэг доромжлол, садар самуун, хүчирхийлэл, цахим гадуурхал гээд олон сөрөг талыг нь багасгаж болно. Манай компани энэ чиглэл рүү буюу үндэсний сошиал нэтворк бүтээхээр ажиллаж байна.

 

МУИС-ийн доктор, дэд профессор Ч.Сономдагва:

ГЭР ХОРООЛЛЫГ ТЭЛЭХГҮЙ ГЭХ ТЭГ ГОРТИГ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ

-Агаарын бохирдлын PM 2.5-д хүнд элементийн бохирдол маш их байна. Үүн дотор байгаа 16 төрлийн хортой үнэрт устөрөгч Улаанбаатарын бүх цэгээс илэрсэн. Манайд зөвхөн агаарын бохирдлоос илрэхдээ Азийн бусад орноос 20-30 дахин өндөр агууламжтай байгаа. Агаарын бохирдолтой тэмцэхийн тулд эх үүсвэрийг бууруулах нь хамгийн оновчтой шийдэл. Тиймээс гэр хорооллыг тэлэхгүй гэх тэг гортиг гаргах хэрэгтэй. Дан ганц гэр хорооллоос гадна тэнд байгаа эмнэлэг, сургууль, цэцэрлэг, хороо, цагдаа, жижиг үйлдвэрүүд  нам даралтын зуухаар халж байна. Дээр нь уулын аманд байдаг амины орон сууцнууд төвийн шугамд холбогдоогүй. Мөн нүүрсийг  орлуулах эсвэл халаалтын шийдлийг л олох ёстой. Орон сууцанд орж байгаа хүмүүс янданг бүр байхгүй болгож, хариуд нь газраа өгөх л үр дүнтэй.

 

ИНЕГ-ын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны дарга П.Ариунгэрэл:

НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСИЙГ БЭЛТГЭХ БОДЛОГО АЛДАГДАЖ БАЙНА

-Иргэний нисэх бол техникийн салбар учраас гол хөдөлгөгч хүч нь инженерүүд юм. Социализмын үед инженерүүдийг бодлого, үе шаттайгаар бэлтгэж ирсэн. Тэр үед бэлтгэсэн инженер, техникийн ажилчид өнөөдрийг хүртэл салбарын бодлогыг тодорхойлж, тэдний нуруун дээр иргэний нисэх, агаарын тээврийн салбар явж ирсэн. Гэтэл тэдгээр мэдлэг, туршлага хуримтлуулсан хүмүүс өнөөдөр тэтгэвэртээ гарч зарим нь тэтгэврийн насанд ойртож иржээ. Иргэний нисэхийн хэмжээнд 2000 гаруй ажилтан, албан хаагч ажиллаж байгаа боловч академик боловсролтой нисэхийн үндсэн мэргэжлийн инженерүүд, тухайлбал, инженер-нисгэгч,  нислэгийн хөдөлгөөний инженер, аэронавигацийн инженер, аэродромын инженер дутагдалтай байгаа юм.

 

Анагаах ухааны доктор Г.Дарамбазар:

ХҮҮХЭД “ЯАГААД” ГЭЖ АСУУХГҮЙГЭЭР ТАРХИА БҮТЭЭЖ БАЙДАГ

-Тархины бүтэц эсээс тогтдог, судасжилт, бүрхүүл, ямар холбоос үүсгэдгийг бид ойлгож, мэдэж байна. Харин тархи хэрхэн ажилладаг зарчим, тэр ажиллагаа нь бидний зан төлөв, амьдрал, шийдвэр гаргалт, ой тогтоолтод яаж нөлөөлдөг юм бэ гэдэг нь харьцангуй шинэ, сүүлийн үед судлагдаж эхэлж байна. Тархи ажиллах үндсэн зарчим буюу тархины мэдрэлийн эсүүд хэрхэн холбогдох вэ гэдэг үйл явц бага насанд явагддаг. Тархины мэдрэлийн эсүүд холбогдож байх үед хүүхдэд хайр халамж мэдрүүлж байвал түүний нөлөөгөөр эерэг, зөв хандлага бүхий мэдрэлийн эсүүд бат бэх холбоос үүсгэнэ. Харин эсрэгээр үл тоомсорлогдох, үзэн ядах зүйл мэдэрч байвал тэр сөрөг энерги бүхий мэдрэлийн эсүүдийн холбоос илүү хөгжинө. Хотоор жишиж яривал хүүхэд замаа барьж байгаа үе юм. Хамгийн том зам хайр халамж, үл тоомсорлогдохын алинаар нь баригдана, түүгээр урсах мэдээлэл, хүмүүсийн урсгал их байна.

 

Эдийн засагч М.Тулгат:

БАЯЛГИЙН САН МОНГОЛД ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ

– Сүүлийн хэдэн жил яригдсаар байгаа баялгийн сан буюу Sovereign wealth fund бол Монголд зайлшгүй шаардлагатай. Энэ сангаар дамжуулж уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулалт хийж хөгжүүлэх, мөн зах зээлийн савалгаанаас улс орны эдийн засгийг хамгаалах боломжтой болно. Харин түүний үр ашгийг гаргахын тулд тухайн сангийн удирдлагыг авч явах найдвартай засаглал хэрэгтэй. Цөөн тооны стратегийн хот суурин газартаа тусгай статус бий болгоод, тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ-ын нэг хэсгийг нь захиран зарцуулах эрхтэйгээр үлдээдэг болгон өөрчлөх боломжтой. ААНОАТ, НӨАТ нь эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаанаас бүрддэг татварын тодорхой хэсэг нь орон нутагтаа үлддэг бол орон нутгууд тухайн газар орондоо бизнесийг дэмжих, компаниудыг татах сэдэл, сонирхолтой болно.

 

УДЭТ-ын найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин:

ШҮҮМЖЛЭЛЭЭС ИЛҮҮ МЭТГЭЛЦДЭГ БАЙВАЛ ТЕАТРЫН УРЛАГ ХӨГЖИНӨ

-Залуу уран бүтээлчдээ урлагийн төлөө гэх сэтгэл нь “амьд” байгаа дээр нь дэмжиж, урам өгөх ёстой. Ардын хувьсгал, аж үйлдвэрийн хувьсгал, инновацийн хувьсгал гарсан. Харин сэтгэлгээний хувьсгал яагаад гарахгүй байна вэ. Бид аливааг өөр өнцгөөс харж, хорвоо ертөнцөд нэр алдраа цуурайтуулсан бүтээл хийж яагаад чадахгүй байна вэ. Мөн монгол ахуй, ухамсарыг нь хадгалсан орчуулга хийх хэрэгтэй байна.  Жишээлбэл, гадаад хүмүүсийн хэзээ ч сонсоогүй үг хэллэг монгол жүжиг олон бий. Түүнийг хэрхэн ойлгуулах вэ. Тэгэхээр бид бүтээлээ гадагшаа гаргахын тулд эхлээд эрдмийн баг байгуулах ёстой. Түүнчлэн  урлаг хөгжихөд шүүмжлэл чухал үүрэгтэй. Даанч манайд тун цөөхөн юм. Мөн шүүмжлэлээс гадна мэтгэлцдэг байвал театрын урлаг хөгжинө. Учир нь нэг хүн зөвхөн өөрт төрсөн сэтгэгдэл, мэдлэгийн хүрээнд шүүмжлэхэд учир дутагдалтай. Харин нөгөө талаас өөр өнцөг гарч ирээд ярилцах, мэтгэлцэх зарчмаар явбал илүү өгөөжтэй, эргээд эерэг үзүүлэлтийг театрт авчирна.

 

Нийслэлийн  Зураг  төслийн  хүрээлэнгийн дарга Ч.Рэгзмаа:

ХОТ ТӨЛӨВЛӨЛТӨД ТӨРИЙН ЗАЛГАМЖ ЧАНАР ОНЦГОЙ ҮҮРЭГТЭЙ

-Хүн ба хотын амьдралын хэм, хэмнэл өөр байдаг. 20 жилийн дотор хүний амьдралын нэгэн үе өнгөрч, 5-6 түүнээс ч олон удаа солигдож болно. Харин хот байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 10, 20 жил түүнээс ч урт хугацаа шаарддаг. Үүнд төр, засгийн залгамж чанар онцгой үүрэгтэй.

Зураг төслийн байгууллагын гол онцлог нь хотын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө, зураг төслийг нийгмийн бүх давхаргын сайн сайхан байдлыг жигд хангахын төлөө зориулагддаг бүхий л салбарын мэргэжилтнүүдийн хамтын бүтээл юм. Хот байгуулалтын мэргэжилтний хомсдолд орсон өнөө цагт төрөөс энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа.

 

“Нэт капитал” санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Д.Сүндий:

ТӨР  ТОГЛООМЫН ДҮРМИЙГ НЬ ТОДОРХОЙ БОЛГОЖ, ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХ УЧИРТАЙ

-Нийгмийн давхаргыг баян, ядуу гэдгээр хэмждэггүй. Аливаа улсын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулдаг хэсэг нь тухайн орны оюунлаг элит давхаргынхан байдаг. Гэтэл манай улсад оюунлаг элит давхарга байхгүй гэхэд хилсдэхгүй.

Бизнесийн салбарт монопол байдал давамгайлах болсон нь эдийн засгийн эргэлтийг гацаах суурь шалтгаан болж байна. Тиймээс өрсөлдөөнт зах зээлийг бий болгох ёстой. Бизнес болоод бусад салбарт төрийн оролцоо хэрэгтэй. Гэхдээ төр оролцохдоо бизнесийнхэнтэй зэрэгцээд компани байгуулаад ажиллахыг хэлдэггүй. Харин тоглоомын дүрмийг нь тодорхой болгож, хяналт тавьж ажиллах учиртай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.2.11 № 27 (5994)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ