Н.Лхагвасайхан: Урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилт дэвшүүллээ

2019-02-04

Ч.ҮЛ-ОЛДОХ

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхантай ярилцлаа.

-Цагдаагийн байгууллага саяхан ажлаа дүгнэсэн. Сүхбаатар аймгийн цагдаагийн газар гэмт хэргийн илрүүлэлтээр ямар  үр дүнтэй гарав?

-Манай хамт олон өнгөрсөн онд аймгийн хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам сахиулах, гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийн  ажлаа сайн зохион байгуулсан гэж орон нутгийн удирдлага, цагдаагийн төв байгууллагаас үнэлэгдэж дүгнэгдсэн. 2017 оны хувьд аймгийн хэмжээнд 338 гэмт хэрэг гарч байсан бол 2018 онд 366 гэмт хэрэг бүртгэгдэж  28.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Гэмт хэргийн илрүүлэлт өссөн. Тэр дундаа малын  хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд  олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Үүний дунд энэ гэмт хэргийн илрүүлэлт тодорхой хэмжээгээр  өссөн байгаа. Бусад төрлийн гэмт хэргүүдийн хувьд 2017 оныхтой ижил түвшинд, зарим нь бага хэмжээгээр буурсан үзүүлэлттэй гарлаа.

Гэмт хэрэгтэй тэмцэх нь цагдаагийн байгууллагын үндсэн үүрэгт ажил байдаг. Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас гэмт хэргийг үйлдэгдсэний дараа бус гарахаас нь өмнө урдьчилан сэргийлэх ажлыг гол болгож ажиллах ёстой гэсэн чиг үүргийг тавьж ажилласан юм. Энэ дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шинэ шатанд гаргах зорилт тавьж, тодорхой ажлууд хийсэн. Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөл болон  сумдын зөвлөлүүдтэй хамтран иргэдийн дунд хууль сурталчилж ажилласан. 12 сумаар тойрч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үйл ажиллагааны тайлан тавьж, хууль сурталчлах яриа таниулга хийсэн. Мөн гэмт хэргийн илрүүлэлтэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ИТХ-аас батлагдсан гэмт хэргийн талаарх мэдээ, мэдээллийг худалдаж авах журмыг батлууллаа. Иргэдээс  мэдээ мэдээллийг үнэлж авснаар нэлээд гэмт хэрэг,зөрчлийг илрүүлж ажиллалаа.

-Гэмт хэргээс урьдчилан сэр­гий­лэх чиглэлд ямар  дэвшил гаргав?

-Сумдад малчдын бүлэг, холбоо  байгуулсан нь үр дүнтэй ажлын нэг байлаа. Ингэснээр малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд томоохон дэвшил болно гэж үзэж байгаа. Аймгийн хэмжээнд бүх суманд, тэр тусмаа багуудаа малчдын  бүлэг, холбоотой болгохыг зорьж ажиллаж байна. Гэмт хэргийн илрүүлэлт сайжирснаар гэмт хэргийн тоо  өмнөх оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлттэй гарч байгаа. Шинээр батлагдаж гарсан хууль тогтоомжийг сурталчлахад цагдаагийн байгууллага орон нутгийн телевизүүдтэй хамтарч ажилладаг. Хамгийн сүүлд замын хөдөлгөөний шинээр батлагдсан хуулийг иргэдэд сурталчиллаа.

-Орон нутагт нэгдсэн сүлжээ, төв­лөр­сөн мэдээллийн сан бай­гуу­лахад танай хамт олон санаа­чил­гатай ажиллаж байгаа гэж сонссон. Энэ талаар?

-Хөдөө сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарыг мэргэжлийн  удирдлагаар хангахад анхаарч ажиллаж байгаа. Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны үйл ажиллагааны  төлөвлөгөөнд  хэсгийн төлөөлөгч нэг бүрийн ажлын байранд цагдаагийн байгууллагын сүлжээг хүргэж, мэдээллийн төвлөрсөн санд ордог болгоно гэсэн байгаа. Энэ  ажлыг манай хамт олон 2018 онд  хийж гүйцэтгэсэн. Энэ нь гэр интернэтийн  сүлжээг ашиглан   сумдын хэсгийн төлөөлөгчдийн компьютерт холбогдох төхөөрөмжүүдийг суурилуулсан. Зардлыг нь сумдын ИТХ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлөөс гаргуулсан юм. Одоо аймгийн хэмжээнд нийт 12 сумын хэсгийн төлөөлөгчтэй  дүрсээ харж ярих, үүрэг чиглэл өгөх боломжтой болсон. Энэ сүлжээг хүргэснээр хэсгийн төлөөлөгчид Цагдаагийн ерөнхий газрын төв сангууд орж гэмт хэргийн шийдвэрлэлт хийдэг, эрэн сурвалжлагдаж байгаа  этгээдүүдийн талаарх  мэдээлэлтэй түргэн шуурхай танилцдаг. Мөн цагдаагийн ерөнхий газар, төв байгууллагаас очсон үүрэг даалгаврыг  цаас хэрэглэхгүйгээр шууд албан хаагчдад дамжуулж, хэ­рэг­жүүлэх, чиглэлээр зохион бай­гуулалттай  арга хэмжээ авах зэрэг нааштай  үр дүн гарсан. Мөн онц ноцтой гэмт хэрэг гарсан даруйд түр­гэн шуурай мэдээ, мэдээллээ солилцох, хүргэх чиглэлээр  дэвшил гарч байгаа.

-Сүхбаатар аймагт сүүлийн үед уул уурхай хөгжиж байна. Үүнтэй холбоотой хэрэг зөрчил бүртгэгддэг үү?

-Манай аймаг уул уурхай хөгжиж байгаа бүс нутгийн нэг. “Цайрт минериал” гэж  томоохон уул уурхайн компанитай. Мөн Эрдэнэцагаан, Сүхбаатар, Түмэнцогт сумд жоншны болон нүүрсний уурхай ажилладаг. Сүхбаатар сумын Дөхөм, Дорнод аймгийн Матад сумын зааг дээр Хөөтийн нүүрсний уурхай байдаг. Эрдэнэцагаан суманд Өгөөмөр, Далайбулгийн нүүрсний уурхай үйл ажиллагаа явуулахаар зэхэж байгаа. Ер нь бол уул уурхайн компаниуд замын зөвшөөрлөө авахаар хүлээж, тээвэрлэлт хараахан эхлээгүй. Гэхдээ уул уурхайтай холбоотой  зарим төрлийн гэмт хэргүүд гарсан. Техник хэрэгсэлтэй ажиллаж байгаад бэртэж гэмтэх, амь насаа алдах, зориулалтын бус замаар тээвэр хийх, жолооны аюулгүй байдлыг хангаагүйгээс осол аваар гарах зэрэг хэргүүд гарсныг цагдаагийн байгууллагууд тэр даруйд нь шалгаж шийдвэрлэсэн.

– 2019 онд ямар зорилт тавьж  байна вэ?

-Бид ЦЕГ, ХЗДХЯ-наас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана. Үүний зэрэгцээ манай хамт олон энэ оныг өндөр бүтээлийн жил болгох зорилт дэвшүүлээд байгаа. Нэгдүгээрт, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын барилга  1974 онд баригдсан, өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын болон Онцгой байдлын газраас хэд хэдэн удаагийн шалгалт хийж, цааш үйл ажиллагаа явуулахад тохиромжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Иймд 2019 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд байгууллагынхаа шинэ барилгын зураг төсвийн мөнгийг суулгаж батлуулсан. Зураг төсөв бэлэн болчихвол 2020 онд шинэ байрны ажлыг эхлүүлнэ. Улсын хэмжээнд камерын хяналтгүй ганц аймаг нь манайх. Орон нутгийн удирдлага, ХЗДХЯ, ЦЕГ-ын түвшинд аймгийн хэмжээнд долоон уулзварыг гэрлэн дохиожуулах,  180-аад цэгт камер суурилуулахаар  төлөвлөсөн. Зураг нь 2015 онд бэлэн  болсон, энэ жил  БНХАУ-ын буцалтгүй тусламжаар орж ирэх хөрөнгөөс хийнэ гэсэн байдлаар төсөвлөгдөөд явж байна.   Мөн алба хаагчдын ажиллах орчныг сайжруулахад гурвалсан гэрээ байгуулан ажиллаж, биелэлтийг нь дүгнэж, 2019 оны ажлаа төлөвлөөд явж байгаа. Нийгмийн асуудлыг шийдэх чиглэлд алба хаагчдын амьдрах  орчныг сайжруулах зорилгоор 25 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Газрын асуудлаар аймгийн Засаг дарга, холбогдох газруудад хүсэлт тавьж, шийдвэрлүүлэхэд бэлэн болсон. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд, тэр дотроо гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, хүний амь нас, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг бууруулах зорилгоор аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуй нэгжүүдийн гаднах камерын хяналтыг цагдаагийн байгууллага дээрээ төвлөрүүлж нэгдсэн хяналтад авах ажлыг эхлүүлсэн. Ингэснээр хулгайн  болон гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт  хэргийг бууруулах боломжтой. Үүнд Баруун-Урт сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төв, Засаг даргын зүгээс 15 сая төгрөгийг шийдэж өгсөн. Энэ бүхнийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, удирдлагын манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулахад тодорхой ажлуудыг төлөвлөж хийнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.2.4 № 25, 26 (5992, 5993)

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ