Цэцэгт хатагтайн түүх

2019-02-04

Ч.ГАНТУЛГА

УДБЭТ-ын хамт олон сар шинийн босгон дээр Ж.Вердийн “Травиата” дуурийг амжилттай тоглолоо. Тус бүтээлийн анхны тоглолт нь 1853 оны гуравдугаар сарын 6-нд Венец хотноо болжээ. Харин 1977 онд манай тайзнаа анх амилсан түүхтэй. Дуурьт юу өгүүлсэн бэ. Энэ үдэш Альфредэд залуу дуучин Г.Шижирболд дуулсан юм. Тэрээр дүрийнхээ тухай “Альфред бол дурлалдаа шатаж байгаа залуу. Тайзан дээр тэр сэтгэлийг нь илүү тод гаргахыг хүсч байна” гэсэн юм.

Парис хотынхны дунд хөнгөмсөг амьдрал, үзэсгэлэн гоо зүс царай, төрөлх ухаанаараа нэрд гарсан Виолетта Валери, ужиг өвчнөөс ангижирч эрүүл болсныхоо баярыг тэмдэглэхээр зочдыг урьснаар дуурь эхэлдэг. Зочдын дунд Виолеттагийн хамгийн дотны нөхөд болох Дюфоль гүн, эмч Гренвиль найз бүсгүй Флора нар байлаа. Виолеттагийн сайн танил Гастон, Альфред Жермон найзынхаа хамт, орж ирэхэд гэрийн эзэгтэй баясгалантай угтан очно. Гастон өөрийн найз Альфредийг түүнд ухаангүй дурласан болохыг Виолеттад дуулгана. Хажуугийн тасалгаанд хөгжим цуурайтаж эхлэхэд Виолетта зочдоо бүжигт уриад өөрөө үлдэнэ. Энэ үед Альфред бүсгүйд ойртон, оргилж хөөрсөн сэтгэлээр өөрийн хайр дурлалаа илчилнэ. Виолетта эхэндээ түүний үгийг тоглоом болгон өнгөрөөхийг оролдох боловч эцэст нь залуугийн гал халуун сэтгэлийн илчинд автан, түүнд дурлана.

Хайртынхаа төлөө бүхнийг орхино

Виолетта бүх бие сэтгэлээ хайрт Альфреддаа зориулан, өнгөрсөн зам мөрөөс үүрд татагалзсан байлаа. Флораагаас ирүүлсэн үдэшлэгийн урилгыг инээмсэглэн уншиж, үл тоомсорлоно. Урьдын амьдралдаа эргэн орох хүсэлгүй тэрээр өчүүхэн хугацаанд ч холдож салахын аргагүй Альфредтайгаа хорвоогийн хамгийн сайн сайхан, аз жаргал бүхнийг амсан сууна. Альфредыг эзгүйд, түүний эцэг Жорж Жермон тэднийд ирж, Виолеттагийн садар самуун нэр алдар, хүүгийнх нь нэр төрд хортойгоор барахгүй сурвалжит баян хүнтэй амьдралаа холбох гэж буй Альфредын дүү охины амьдралд ч гай тотгор учруулах гэж байгааг тайлбарлаад Альфредыг үүрд орхихыг түүнээс шаардана. Хайртынхаа болон түүний төрөл төрөгсдийн аз жаргалыг, хувийн жаргалаас дээгүүрт үзсэн Виолетта Альфредыг орхих ам тангараг эцэгт нь өгөөд “Баяр хөгжөөнт урьдынхаа амьдралд эргэж буцлаа” гэсэн зурвас бичиж суутал Альфред орж ирнэ. Эцэг хүү хоёрыг уулзахад саад болохгүйг хичээсэн Виолетта, хайртай залуугаа нулимс дүүрэн нүдээр харж сэтгэлдээ салах ёс хийгээд, гарч явна. Альфред зарцын авчирч өгсөн, Виолеттагийн зурвасыг уншаад, багагүй балмагдсан ч, ширээн дээр байгаа Флорагийн урилгыг хараад Виолеттаг худлаа бичээгүй болохыг ойлгоно. Хайр сэтгэлээ зориулж байхад, түүний орхин зугаа цэнгэлийг зорьсон хэмээн тэрээр Виолеттаг буруутган, хойноос нь очиж өс хонзонгоо авахаар шийднэ. Флорагийн гэрийг гэрэл гэгээ цацарсан зочдын өрөөнд наргиан цэнгээн болж, янз бүрийн баг өмссөн, зочид бүжиглэнэ. Альфред хөзрийн ширээ рүү очих алхаж явахад нь Виолетта, Дюфоль гүнгийн хамт орж ирнэ. Альфред тэднийг анзаарахгүй байгаа дүр гарган өмнөө овоорох хожлын мөнгөө цуглуулан сууна. Виолетта хайртай залуудаа бүх үнэнийг тоочин хэлэхийг хүсэвч өвгөн Жермонд өгсөн тангарагаа бодож, биеэ барина. Үдэшлэгийн үеэр уур, хорсолоо барьж дийлээгүй Альфред ямар ч бруугүй Виолеттаг адгийн муухайгаар доромжлон, атгаж байсан мөнгөө түүн рүү шидлэхэд энэ танхимд Виолеттагаас өөр өрөвдөлтэй хүн байхгүй мэт харагдана.

Хожимдсон ухаарал

Бүдэг гэрэлтэй, хааш яйш болсон унтлагын өрөөнд өвчиндөө шаналсан Виолетта хэвтэнэ. Өвчин нь хүндэрснээс тэрбээр орноосоо ч босож чадахгүй байх аж. Гудамжнаас багт наадмын хөгжим эгшиглэх боловч цэнгэлт авхай Виолетта л энэ бүхнээс хоцрон, гунигтай хэвтэнэ. Эмч Гренвиль Виолеттаг тайвшруулах боловч, зарц бүсгүйд эзэн авхайнх нь амьдрал, хором хормоор хорогдож байгааг мэдэгдэнэ. Энэ үед өвгөн Жермоны үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хүүдээ бүх үнэнийг хэлсэн тухай, Мөн түүнээс түмэн уучлал хүссэн захидал хүлээн авна. Хожимдож ирсэн ч уучлалт хүссэн захидлыг Виолетта сэтгэл догдлон хүлээн авч, хайрт залуугаа хүлээнэ. Альфред түүний унтлагын өрөөнд яаран орж ирж, залуу хосууд бие, биенээ тэврэн баярлах боловч энэ жаргал нь удаан үргэлжилсэнгүй. Виолеттагийн амьд байх хугацаа дуусчээ. Хайртай залуутайгаа учран энэ хорвоогийн хамгийн сайхан жаргалыг эдэлснээ хэлээд, тэрээр амьсгал хураана.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ