Хивсээ угаахдаа цууны уусмал хэрэглээрэй

2019-02-07

Ч.ГАНТУЛГА

Удахгүй монголчуудын уламжлалт баяр Цагаан сар болно. Энэ үед баярын бэлтгэлээ базааж буй гэрийн эзэгтэй нар анхаарлаа хандуулаарай. Бид энэ удаагийн “Танд хэрэгтэй зөвлөгөө” буландаа хэрхэн хамгийн хурдан, хялбар аргаар гэрээ цэвэрлэж, цэвэрхэн орчин бүрдүүлэх тухай мэдээлэл бэлтгэлээ.

Нунтаг кофены ач тус

Гэрийн эзэгтэй нарын хамгийн эхэнд цэвэрхэн байлгах ёстой эзэмшил бол гал тогоо. Харин махны өөдөс, талхны үйрмэг, элсэн чихэр, давс гээд хүнсний бүтээгдэхүүн багахан асгарахад хоолны шүүгээ эвгүй үнэртэй болдог. Хэрэв танай гэрт ийм асуудал үүссэн бол нунтаг кофе авахаа мартав. Учир нь эвгүй үнэртэй болсон шүүгээнд нунтаг кофе цаасан дээр задгай тавиад хонуулахад онцгүй үнэр ор мөргүй арилдаг гэдгийг та мэдэх үү.

Ганцхан угаалтаар өнгө сэргэдэггүй

Сар шинийн баяраар хивсээ шинэхэн мэт цэвэрлэхэд гэр тань гэрэл нэмсэн мэт сайхан харагддаг. Хивсний ширхэг бүрт тоос шороо, тортогт шингэсэн байдаг учир ганцхан угаалтаар өнгийг нь сэргээхэд хэцүү. Тэгвэл таны ажлыг хөнгөвчлөх аргыг хэльж өгье. Хивс угаах усандаа цууны хүчлийн уусмал нэмчих. Тус уусмал нь хивсний өнгийг сэргээхээс гадна зөөлрүүлдэг юм байна. Харин уусмалаар арчсаныхаа дараа цэвэр усаар заавал булхаарай. Учир нь уусмалын хурц үнэрийг ус дарж өгдөг.

Будагны үнэр баяртай

Цагаан сар нь удаан уулзаагүй хамаатнуудынхаа мэндийг мэдэх, ахмад настандаа хүндэтгэл үзүүлдэг баяр. Хүмүүс орж ирэхэд таны гэр гэрэл гэгээтэй, цэвэрхэн байх сайхан. Тиймээс ихэнх хүмүүс хананыхаа будгийг сэргээх, ханын цаасаа солих зэрэг будгийн ажил хийдэг. Харин шинэхэн будагны үнэр тийм ч амархан арилахгүй. Хэрэв танд ийм бэрхшээл тулгарсан бол хэд хэдэн төмөр саванд сод болон давстай ус хийгээд тавьчих. Сод болон давс нь будагны хурц үнэрийг дардаг юм байна. Өглөө босоход ус бүдэг ногоовтор өнгөтэй, хурц үнэр ор мөргүй алга болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ