Эх орноо хайрлая гэж хэлэхийн цаана эрчим хүчээ хэмнэх ухаан байх учиртай

2019-02-06

“Зууны мэдээ” сонин Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн “USP” сэтгэл зүйн зөвлөгөөний төвтэй хамтран танд хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

31 жилийн дараа дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрнэ. Олуулаа байх сайхан ч дэлхий маань даах уу. Энэ үед хамгийн их хэрэгцээтэй зүйл мэдээж хүнс. Нэг ширхэг талхны цаана буудай, хөрс, ус, эрчим хүч. Хүнсний хомсдол, түүнээс үүссэн сөрөг үр дагавруудыг өнөөдөр эрдэмтэд тооцоолж байна. Үүний хажуугаар уур амьсгалын өөрчлөлт гэж аюултай зүйл дэлхийн тогтолцоог өөрчилж байгаа. Тэгвэл өнөө үеийнхэн үүнд хэрхэн дасан зохицож амьдрах вэ. Энэ асуултын хариуг эрсэн нэгэн уулзалт ярилцлагыг Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн захирал, доктор Ч.Базар оюутнуудтайгаа хийлээ. Эх орноо хайрлая гэж хэлэх нэг өөр. Эх орондоо хайртай гэж хэлэх бас нэг өөр. Хайртай гэдгээ үйлдлээрээ ха­руу­лах энгийн олон зүйлийг жи­шээлж ярилцсан энэ уулзалтаар оюут­нууд амьдарч буй гэр орон, сур­гуу­лийнхаа эрчим хүчийг хэмнэх, усаа зүй зохистой хэрэглэх, цаасаа хэм­нэж, хоёрдогч зүйлээр бүтээл хийж ашиг­лах, автомашинаар бус автобусаар сур­гуульдаа ирэхийн цаад утга учрыг ойл­гож мэдрэв. Мэдээж, цаад утга учир нь аливаа зүйлд энэрэнгүй сэтгэ­лээс гадна зөв мэдээлэлтэй байж зөв ханд­лагаар хандах. Дэлгүүрээс нэг талх авахын төлөө нэг гялгар уут ху­дал­даж авахын хэрэггүй. Гялгар уут хаяг­дал болж хэчнээн олон мянган амьтны ходоодоор дамжин аминд нь хүрч, улмаар экологийн тогтолцоонд сөр­гөөр нөлөөлж байгааг мэдсэн хүн өөрийн үйлдлээ хянана. Энэ хандлага л өнөө­дөр орчин үеийн хүний боловсрол, төлөвш­лийг нийгэмд харуулж өгч байна. Нийгэм, сэтгэл судлалын дээд сур­гууль “Монголын анхны ногоон дээд сургууль” болох зорилт тавин ажил­лаж байна. Зорилго нь байгаль, хү­рээлэн буй орчныхоо баялгийг зөвхөн өөрийн тусын тулд бус үе үеийнхэндээ зориулан хэрэглэдэг орчин үеийн хүнийг төлөвшүүлэхэд оршдог. Тийм хандлагатай 10 тэрбум хүн 2050 оны дэлхий дээр амьдрахын төлөө өнөө үе өөрийгөө бэлдэх учиртай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ