Ирээдүйн бизнес эмэгтэйчүүдэд зориулсан 8 зөвлөгөө

2019-02-05

Д.ЭНХЭЭ

Гахай жил гарлаа. Гахай жил баяжихыг бэлгэддэг гэдэг. Бэлгэдэлт энэ жилд өөрийн гэсэн бизнесээ эхлэх гэж төлөвлөж байгаа бүсгүйчүүдэд нэгэн цагт бүхнийг тэгээс эхэлж байсан хүмүүсийн цөөн хэдэн зөвлөгөө, зөвлөмж хэрэг болох буй за.

1.Хэтэвч нимгэн ч эхэлж болно

Логотой, сайттай болоход (өөр бас бус зүйлд) чинь мөнгөгүйн зовлон хэрвээ таныг шаналгаж байгаа бол энэ бүгдийг өөрөө хий. Жишээлбэл, интернетэд сайт хийхэд зориулсан үнэгүй загвар өчнөөн олон бий, бараа бүтээгдэхүүнээ борлуулах маркет- плейсүүд ч бас бий, харин бизнес чинь үйлчилгээний чиглэлээр бол дүүргийнхээ нутаг дэвсгэрт зарлал наа. Өнөөгийн амжилттай яваа олон компани гарааж дотор, өвдгөөрөө мөлхөж байж л эхэлсэн гэдгийг санаарай!

2.Хугацаагаа нарийн тооцоол

Засварын ажил хоёр долоо хоногийн дараа дуусна гэж төсөөлж байгаа бол хоёроор үржүүлж сунга. Нөгөөдөр захиалга өгмөөр байна уу? Найдвартай болгохын тулд дахиад ганц хоног нэм. Нийлүүлэгчээс ямар нэг зүйл худалдаж авах хэрэгтэй болсон бол хугацаагаа бодитой үнэлээрэй.

3.Бусдыг сонс, өөртөө итгэ

Хийж байгаа зүйл чинь арай л буруу байна гэж бодсон танилууд чинь магадгүй үнэтэй санаа бодлоо хуваалцахад бэлэн байж болох юм. Та тэднийг сонсож болно, гэхдээ хэлж ярьсан бүхнийг хүлээж авах шаардлагагүй. Мэдээж, дан ганц шүүмжлэл ч биш, эелдэг найрсаг үг, хандлага байж таараа, гэхдээ ямар үг нь танд хэрэгтэй бас нэгэн санаа төрүүлэхийг хэн ч мэдэхгүй.

4.Танд туслахад бэлэн – зөвхөн тусламж хүс

Хорвоо тэр чигээрээ таны эсрэг гэж бүү бод. Гэр бүл, найз нөхөд, мэргэжилтнүүд, ижил төрлийн бизнес эрхлэгчид хэрвээ та тэдэнд зөв хандаж хүсвэл бүгд туслахад бэлэн. Олон хүн туршлагаа дуртайяа хуваалцдаг!

5.Болж байгаа бүхнийг чухалд үзэж хүлээж ав

Тэгж чадвал танаар үйлчлүүлэгчид, боломжийн хөрөнгө оруулагчид таныг юу хийхээ мэдэхгүй, юм юм руу үсчсэн жаахан охин биш, харин хэзээний ажил хэрэгч чухал хүн гэж үзэж хандах болно.

6.Ажлаа шууд орхих хэрэггүй

Ямар ч ажлыг ажлын бус цагаар эрхэлж байгаа төсөл маягаар эхлүүлж болно (ялангуяа та өөрөө өөрийгөө болгодог бол). Ирээдүйн төлөв байдал тов тодорхой болсон үед бүх хүчээ шинэ төсөлд зориулах хэрэгтэй.

7.Санаа бодлоо хүмүүс дээр шалгаж үз

Шийдсэн санаа бодлоо бусдад ярьж танилцуулахаас цэрвэж болгоомжлох хэрэггүй. Олон хүн энэ тухай мэдэх тусам гаргасан шийдвэр чинь зөв эсэхийг өөрөө ойлгож ухаарах боломж их байх болно. Асуулт, хариу үг, санаа гарахгүй байвал харин хэнд ч хэрэггүй зүйл хийх гэж байж магадгүй биш үү?

8.Санаагаа ганц өгүүлбэрээр томъёол

Таны бизнес хэрвээ өвөрмөц, эсвэл нэршил нь жирийн хүнд амархан ойлгогдохооргүй бол хийж байгаа зүйлээ яаж томьёолох тал дээр ядаж хагас цаг бодож зарцуул. Тэгж чадвал сонирхсон хүмүүстэй уулзаж ярилцахад хөнгөн хялбар, харьцангуй олон үйлчлүүлэгчийг өөртөө татаж чадна.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ