Дятловын багийнхны амь үрэгдсэн асуудлыг ерөнхий прокурорын газраас дахин мөрдөж шалгахаар болжээ

2019-02-04

Д.ЭНХЭЭ

1959 онд Хойд Уралд Дятловын баг амь үрэгдсэн шалтгааны магадлал илүү таамгуудыг ерөнхий прокурорын газраас шалгах болсон тухай тус байгууллагын албан ёсны төлөөлөгч Александр Куренной телевизийн “Эфир” сувагт өнгөрсөн пүрэв гаригт /2019.01.31/ мэдээлжээ.

Түүний хэлснээр, амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдийн хүсэлт, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн ашиг сонирхлын үүднээс прокурорын байгууллагаас 60 жил өнгөрсний дараа уг хэрэг явдлыг нягталж шалгахаар болжээ.

“Болсон хэрэг явдлын талаар шинжээчид, жирийн хүмүүсийн дэвшүүлсэн 75 хүртэл тооны таамаг байдаг” хэмээн прокурорын газрын төлөөлөгч онцлов.

Бусад бүх байгууллагын хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор ийм олон жилийн дараа зөвхөн прокурорын байгууллага л шалгалт хийх боломжтой хэмээн Куренной онцлон тэмдэглэв.

“75 таамгаас бид шинжээчдийг татаж оролцуулан илүү магадлалтай гурвыг шалгахаар зорьж байна. Эдгээр таамаг бүгд ямар нэг байдлаар байгалийн үзэгдэлтэй холбоотой, эрүүгийн хэрэг байж болох таамаг бүрэн байхгүй болсон. Эрүүгийн гэмт хэрэг байж болох таамгийг үндэслэлтэй болгох ганц ч нотлох баримт, ядахдаа дам баримт ч олдоогүй. Энэ бол магадгүй цасны нуранги, цасан хавтан, эсвэл хүчтэй хар салхи байж болох юм”  Куренной нэмж хэлэв.

Хэрэг явдал болсон газар луу Свердловск мужийн прокурорын газрын ажилтнууд гуравдугаар сард нисэх бөгөөд геодези, цаг уурын салбарын мэргэжилтнүүд, аврагчдыг мөрдөн шалгалтад татаж оролцуулах юм байна.

 

“Цогцсыг олох хүртэл прокурорын газар багийнхны амь үрэгдсэн талаар мэдээгүй байсан”

Гэхдээ цогцсыг олохоос хоёр долоо хоногийн өмнө хяналтын байгууллагууд багийнхны амь үрэгдсэн талаар мэдэж байсан гэдгийг ерөнхий прокурорын газраас үгүйсгэсэн.

Куреннойн хэлснээр оюутнуудын амь үрэгдсэн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурор Ивдель Темпаловоос мөрдөгч Коротаевт явуулсан бичгээс үндэслэж дээрх таамаг гарсан аж. Тэр бичигт Темпалов эрүүгийн хэрэгтэй холбогдуулан хоёрдугаар сарын 15-нд Свердловск руу явах тухайгаа мэдэгдсэн байжээ. Гэтэл оюутнууд хоёрдугаар 2-нд шилжих шөнө амь үрэгдсэн бөгөөд хоосон майхныг нь хоёрдугаар сарын 26-нд олсноор эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.

“Тийм болохоор Темпалов эрүүгийн хэргийн талаар мэдээлэхээр хоёрдугаар сарын 15-нд явах боломж байгаагүй, тэгээд ч ерөөсөө яваагүй ажээ. Үүнийг Свердловск мужийн прокурорын газар шинжээч – сэтгэл зүйчдийн оролцоотойгоор нягталж шалгасан бөгөөд явуулсан бичигтээ прокурор сарыг андуурч бичсэн болохыг лавлаж нотолсон” хэмээн Куренной өгүүлэв.

Игорь Дятловын ахалсан аялагчдын багийнхан 1959 оны өвөл, Хойд Уралын даваан дээр өнөөг хүртэл тодорхой болоогүй нөхцөл байдалд амь үрэгдсэн. Аялагчид амь үрэгдсэн талаар золгүй явдлаас эхлэн байгалийн аймшигт үзэгдэл, цэргийн техникийн туршилт гэх зэрэг зуу гаруй таамаг байдаг ажээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ