Н.Уламбаяр: Ахмадуудын  тэтгэврийн хэмжээ  шоронгийн хоригдлын төсвөөс  бага байна

2019-02-01

Ч.Зотол

МАХН-ын гишүүд Шинэ Дээд Үндсэн хуулийн төслөө сурталчилж олон нийтэд танилцуулахын  зэрэгцээ  цалин тэтгэвэр нэмэх боломжууд, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх гарц, ард түмний амьжиргааг дээшлүүлэх эдийн засгийн тооцоолол гээд олон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. МАХН-ын Тамгын газрын дарга, Гүйцэтгэх товчооны гишүүн Н.Уламбаяраас ахмадуудын тэтгэврийг нэмэх ямар боломж байгаа  талаар тодрууллаа.

-МАХН-ын гишүүд  нийгэмд чиглэсэн хэлэлцүүлгүүд өрнүүлж байна. Ахмадуудын тэтгэврийн талаар та юу хэлэх вэ?

-Өнөөдөр тэтгэврийн доод хэмжээ 280 мянган төгрөг  байгаа. Хувь тэнцүүлж тэтгэвэр олгоход 220 орчим мянган төгрөг олгодог. Гэтэл шоронд ял эдэлж байгаа хоригдлын  нэг хүнд ногдох өдрийн төсөв нь 13 мянган төгрөг, 30 хоногоор үржүүлэхэд 390 мянган төгрөг зарцуулагдаж байна. Дээр нь өдрийин гурван хоолтой, цахилгаан, дулаан, хооло хүнсний мөнгө төлнө гэж санаа зовох юм байхгүй. Харуул хамгаалалттай, бүх юм нь цаанаасаа бэлэн дулаан байранд амьдарч байна. Энэ хүмүүстэй харьцулахад ахмадууд ямар байна вэ. Ахмад настнууд  220-280 мянган төгрөгийн тэтгэвэр авч, дулаан, цахилгааны мөнгөө төлнө. Хугацаандаа  төлж чадахгүй бол орон сууцны контор, СӨХ нь дулааны мөнгө, байрны мөнгөн дээр  03-05 хувийн алдангийг хууль бусаар нэмж суутгадаг. Гэр хороололд амьдардаг ахмадууд  түлээ, усаа өөрсдөө  зөөнө, галаа түлнэ хоолоо хийнэ. Дээр нь тэтгэврийн зээлтэй, олонх нь хүндхэн амьдарч байна. Тэд маань Цагаан сараар эдийн засаг, санхүүгийн ямар их ачаалал үүрдэг билээ. Ингээд бодоход ахмадуудын сард авч буй тэтгэврийн хэмжээг ядаж нэг сая төгрөгт хүргэх ёстой.

-Тэтгэвэр нэмэх ямар боломжууд байна?

-МАХН-аас санаачлан, эрдэмтэн судлаачдын хамт боловсруулсан Шинэ Дээд Үндсэн хуулийн төсөлд иргэдийн баталгаатай орлогын талаар оруулсан байгаа. Дээр нь иргэдээ  амьдралд  хүрэлцэхүйц цалинтай болгох асуудлыг дэвшүүлсэн. Монгол Улсын иргэд амьдралаа авч явахад хангалттай хүрэлцэхүйц цалинтай байх ёстой гэдгийг  Дээд хуульдаа зааж өгснөөр цалин, тэтгэврийг бага тогтоодог явдал байхгүй болно. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа Үндсэн хуульд иргэд хөдөлмөрийн хөлс  цалин авах ёстой гэж байгаа.

-Хүн амьдралаа хангалттай явч явахад хүрэлцэхүйц цалин гэдгийг юу гэж тайлбарлах  вэ ?

-Үүнийг Хүний эрхийн үндэсний конвенцид  тодорхой заагаад өгчихсөн байдаг. Тэр нь “Хүн амьдралдаа хангалттай хүрэлцэх цалин авах ёстой” гэж   байгаа. Манайхны Үндсэн хуульдаа хуульчилсан “хүн цалин авах эрхтэй” гэснээс биш  амьдралд хүрэлцэх, эсэх хамаагүй. Үүнээс  олон асуудал үүсээд байна. Манай нам Дээд хуултийн төсөлдөө Хүний эрхийн конвенцэд заасан заалтыг Дээд хуульдаа шууд авч оруулснаараа онцлог. Тэгж байж тухайн хүний, иргэдийн цалин баталгаажина. Хүмүүс амьдралаа сайхан авч явна,  амьдрал  ахуй нь дээшилнэ. Өндөр цалин авч байсан бол насны эцэст  тэтгэвэр нь тэр  хэмжээнд тогтоогдоно гэсэн үг юм. Тэгж чадахгүй байгаа учраас өнөөдөр . манай ахмадууд шоронгийн хоригдлоос ч бага тэтгэмж авч, хүндхэн байдалд амьдарч байна. Насаараа хөдөлмөрлөж ирчихээд эцэст нь ийм байж болохгүй.

-Засгийн газар цалин, хөлс нэмэх боломжгүй гэдэг.МҮЭ-ээс хэчнээн шаардаж, зөвшилцөл хийхийг тулгаж ирсэн ч төр тэр болгон хүлээж авдаггүй шүү дээ?

– Тэтгэвэр нэмэх боломж бий. Өнөөдөр Тавантолгойгоос олох ашиг  350 тэрбум  орчим, Оюутолгойгоос олох ашиг  770 орчим тэрбум, дээр нь стратегийн орд газрууд байна. Стратегийн орд газрууд дээр нэмж оруулж болох, нэр бүхий этгээдүүд аваад халааслачихсан орд газрууд ч байгаа. Түүнээс 3-4 томоохон стратегийн орд газрыг ашиглахад нэг их наяд ам.долларын хөрөнгө оруулалт босгох боломжтой. Байгалийн баялгаас орж ирж буй  хөрөнгө, баялгийн сангаасаа  цалин, тэтгэврийг нэмэх асуудлыг шийдэхэд боломжгүй зүйл үгүй. Түүнчлэн шаардлагагүй хөрөнгө оруулалт, аливаа зарцуулалтыг танах хэрэгтэй. Том зургаар нь харвал төрийн тогтолцооны асуудал энд хөндөгдөж байгаа. Тэгэхээр асуудлыг Үндсэн хуулийн хэмжээнд шийдэх нь зайлшгүй юм. Үндсэн хуульдаа тодорхой зааж өгөөгүйгээс ахмадууд бага тэтгэвэр авч байна, иргэдийн цалин бага байна шүү дээ.

Эх сурвалж: www.polit.mn 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ