С.Черчесов: Петербург хот Евро-2020-ын шилдэг талбар болж чадна

2019-02-01

-Ерөнхий дасгалжуулагчийн хувьд түүний хамгийн гол зорилт бол Европын аварга шалгаруулах тэмцээнд оросын баг оролцох явдал хэмээн Черчесов нэрлэв-

ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Станислав Черчесов
© Михаил Джапаридзе/ТАСС

 

Д.ЭНХЭЭ

Санкт-Петербург хот 2020 оны Европын аварга шалгаруулах тэмцээний шилдэг талбар болж чадна гэдэгт ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч С.Черчесов итгэлтэй байна. Тэрээр Нева мөрөн дээрх хотод тэмцээнд бэлтгэх арга хэмжээг хэрэгжүүлэх талаар Смольныйд болсон зөвлөгөөний үр дүнгээр өнгөрсөн пүрэв гаригт сэтгүүлчдэд ийнхүү мэдэгджээ.

“Ирээдүйд болох Европын аварга шалгаруулах тэмцээний хувьд Санкт-Петербург хот бас дахиад шилдэг нь байх болно гэдгийг би өнөөдөр баттай хэлж чадна. Уг тэмцээнд нэр дэвшсэн бүх хотод би тоглогч байхдаа ч, дасгалжуулагч байхдаа ч бүгдэд нь очиж тоглож байсан, манай гариг дээр бүгдийн манлайд бид бас дахин байх болно. Бүгдийг Санкт- Петербургт урьж байна” хэмээн Черчесов өгүүлэв.

Ерөнхий дасгалжуулагчийн хувьд түүний хамгийн гол зорилт бол европын аварга шалгаруулах тэмцээнд оросын баг оролцох явдал хэмээн Черчесов нэрлэв. “Эзэн баг байхгүй бол нэг л сонирхол муутай байх болно, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ бүхнийг бидэнд харуулсан” – хэмээн тэр нэмж хэлэв.

Европын аварга шалгаруулах тэмцээн 2020 оны зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 12-нд болно. Энэ тэмцээнийг зохиож эхэлсний 60 жилийн ойтой холбогдуулан уг тэмцээний төгсгөлийн хэсэг Европын 12 хотод болно. Санкт-Петербург хот хэсгийн шатны гурван тоглолт болон хагас шигшээ тоглолтыг хүлээж авна. “Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэн 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 2017 оны холбооны цомын тэмцээний тоглолтуудыг хүлээж авч байсан. 2018 оны сүүлээр түүнийг “Газпром-Арена” хэмээн нэрлэх болсон.

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд Санкт-Петербург, Баку, Бухарест, Будапешт, Мюнхен, Амстердам, Копенгаген, Ром, Бильбао, Дублин, Лондон, Глазго зэрэг хотод болно.

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилан шалгаруулах шатны сугалаа Дублин хотноо арванхоёрдугаар сарын 2-нд болсон. Оросын хөлбөмбөгчид Бельги, Шотланд, Кипр, Казахстан, Сан – Мариногийн багуудтай I хэсэгт тоглоно.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ