З.Түмэнжаргал: Миний бүтээлүүд “Монголизм”

2019-01-31

Ч.ГАНТУЛГА

“Урлан” булангийн энэ удаагийн зочноор Монголын урчуудын эвлэлийн зураач, уран бүтээлч З.Түмэнжаргалыг урилаа. Тэрээр бүтээлдээ монгол ахуй, нүүдэлчин соёлыг шингээдэг онцлогтой. 

-Таны хувьд энэ цагт ямар бүтээл дээр ажиллаж байна?

-Сүүлийн үед холимог техникийн төрлөөр баримлын бүтээл дээр түлхүү ажиллаж байна. Би монгол ахуйгаа уран бүтээлдээ тусгахыг хүсдэг.  Үүнийгээ орчин үетэй холбож, монголчуудын уламжлал, амьдралын хэв маягийг тодотгохыг зорьж байна.

-Таны бүтээлийг харахад түүхий эд нь их сонирхол татдаг. Эсгий, арьс, шагай, нэхий гээд л?

-Би ихэвчлэн байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг ашиглаж байна. Аль болох мартагдаж байгаа зүйлийг эргэн сануулж, бүтээлдээ тусгах нь зөв юм болов уу гэж боддог.

-Таны зурсан зургаас гадна баримлын бүтээлүүд тань их содон юм билээ?

-Зураач гэхээр зөвхөн будгаар зураад суух биш. Ялангуяа залуу зураачийн хувьд уран бүтээлийн эрэл хайгуул хийж, аливааг туршиж үзэх хэрэгтэй гэж боддог. Миний хувьд ямар нэгэн төрөлд учиргүй баригдах дургүй. Өөрийн юу бодож байгаагаа л илэрхийлдэг. Харин ямар хэв маягт орсныг урлаг судлаачид л тодорхойлох байх.

“Тэнгэр”

-Та олон улсын үзэсгэлэнд оролцдог туршлагатай уран бүтээлч. Монгол Солонгосын хамтарсан үзэсгэлэнгээс Гранпри шагнал авч байсныг тань санаж байна?

-Монгол Солонгосын хамтарсан “Grand art” үзэсгэлэн Монголд болсон юм. Тус үзэсгэлэнд оролцож тэргүүн байрт шалгарсан. Шагай, хурга, хонины арьсыг ашиглаж “Монголизм” цуврал бүтээл хийсэн. Ер нь бүтээлээрээ “Монголизм”-ийг илэрхийлэхийг хүсдэг. Миний бүтээл ямар нэгэн материаллаг, хиймэл, химийн гаралтай бүтээгдэхүүн ашиглаагүй гэдгээрээ онцгой байсан.

-Энэ үзэсгэлэнд шилдгээр шалгараад Солонгост очиж үзэсгэлэнгээ гаргасан бил үү?

-Солонгост байрлаж, уран бүтээлээ хийх боломж олгосон. Тэнд очоод зөвхөн зураг зураад өнгөрөхийг хүсээгүй. Гадныханд монгол ахуй гэж юу болох, нүүдэлчин соёлоо сонирхуулахыг зорьсон. Солонгос улсад арьсан урлал хөгжсөн ч цэвэр түүхий эдээр хийх нь ховор. Ихэвчлэн үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан арьс бий. Тиймээс миний бүтээлийг илүү сонирхож хүлээж авсан.

-Түүхий эдээ та хэр­хэн бэлтгэдэг вэ. Монголд яг уран бүтээлчдэд зо­риу­лаад арьс, шир боловс­руулах үйлдвэр байхгүй?

-Ихэвчлэн өөрөө л бэлтгэдэг. Солонгост байх хугацаандаа Монголоос түүхий эдээ захиж авчруулж байсан. Хэдийгээр Солонгост арьсан эдлэл хөгжсөн ч яг арт чиглэлээр бүтээл хийхэд хангалттай биш. Харин арьсаа Монголын хилээр гаргахад их хүндрэлтэй юм билээ. Олон төрлийн бичиг бүрдүүлэхийг шаардаж байсан.

-Уран бүтээлч хүнд онгод мэдрэмж байж л уран бүтээл төрдөг. Зарим нь хөгжим сонсохоор, аялахаар гээд л. Харин таны хувьд ямар үед уран бүтээлийн шинэ санаа төрдөг вэ?

-Зөвхөн уран бүтээлч ч биш хүн бүхэн сайхан, муухай зүйлээс сэтгэлийн таашаал болон таагүй мэдрэжийг авдаг. Миний хувьд ч ялгаагүй. Хөгжимлөг гэр бүлд өссөн учир хөгжим хүчтэй нөлөөлөх тохиолдол бий. Мөн байгальд ганцаараа аялах нь дотор байгаа уран бүтээлийн өгөгдлийг сэргээх шиг болдог. Зарим зураач шинэ санаа олоод бодсоор яваад замхрах нь бий.  Мартагдаж хуучрахаас нь өмнө бариад авах хэрэгтэй.

-Хөгжимлөг гэр бүлд өссөн гэхээр уран бүтээлч удамтай гэж ойлголоо?

-Ээж цэцэрлэгийн багш, аав тээврийн жолооч. Гэхдээ аав минь хөгжимд их дуртай. Тиймээс биднийг багаас нь урлагт дуртай болгож өсгөсөн. Харин дүү минь хөгжимчин мэргэжилтэй. Би дүүтэйгээ хамтарч уран бүтээл хийж байсан.

-Зураачийн ажлыг тэвчээрийн урлаг гэж онцолмоор санагддаг. Зураас бүхэн нь утга илэрхийлдэг учир энэ л яг оносон тодотгол байх?

-Уран бүтээл бүхэн тухайн хүнээс асар их хөдөлмөр сэтгэл шаардаж бүтдэг. Гэхдээ энэ мэргэжлийг сон­го­сон л бол бэрхшээлээс шан­тарч, хүсэл мөрөөдлөөсөө зугтах хэ­рэггүй. Харин ч бүтээлч, шинийг эрэлхийлэгч байж зорьсон зорил­гынхоо төлөө тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй.

-Таныг өөрийнхөө хөргийг зурж байсан гэж сонссон?

-Дипломны ажлаа өөрийн хөр­гөөр хийсэн юм. Өөрийгөө таньж, мэдэхсэн гэсэн хүсэл байсан учир сон­го­сон. Зөвхөн гадаад төрх биш до­тоод сэтгэлээ судлахын тулд сэт­гэлзүйчидтэй хүртэл уулзаж байлаа. Миний хөрөг дотоод болон гадаад мөн чанарыг хоёуланг нь тусгасан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.1.31 № 22, 23 (5989, 5990)

Холимог техникийн бүтээл.

Холимог техникийн бүтээл.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ