Х.Баттулга: Утаагүй зуух шахсан хүн энд сууж байна

2019-01-31

Т.БАТСАЙХАН

Монголын парламентын анхны  Ерөнхий хяналтын сонсгол өчигдөр болж, төрийн түшээд шийдвэр гаргагчид арав дахь жилдээ утааны асуудлыг ярив.

Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс сонсгол зохион байгуулах санал гаргаж, УИХ-ын гишүүд, БОАЖЯ, НЗДТГ, ШУА-ийн эрдэмтэд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Сонсголыг БОХХАА-н байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир даргалав. Мөн хуралдаанд Төрийн тэргүүн оролцож, үг хэлсэн.

Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Танин мэдэхүйн асуудлаа зогсоогоод шийдлүүд ярьцгаа. Малчид орлоготой болсноор хөдөө орон нутаг хөгжинө. Ихэнх гишүүд хөдөө орон нутгаас сонгогдсон. Хөдөөгөө хөгжүүлж байж нүүдлийг зогсооно. Өнөөдөр орон сууцнууд маш төлөвлөлтгүйгээр баригдсан. Мөн дагуул хотуудаа байгуулъя гэдгийг 2010 оноос хойш ярьж байна. Шинэ “Яармаг” гэж хорооллыг байгуулах ажлыг эхлүүлсэн ч зогсоосон байна. Утаагүй зуух гэж байхгүйг дэлхий даяар нотолчихоод байхад өчнөөн тэрбумаар зуух тараасан. Гэр хорооллын 80 хувьд өгсөн байна лээ. Тэр зуух тараасан компанитай холбоотой хүн нь одоо энд байнгын хорооны дарга хийгээд сууж байна. Одоо туршилт дууссан шүү.

БОХХАА-н байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

-Ерөнхийлөгч та “МCS” компанийг ярьж байх шиг байна.  Тэр утаагүй зуухыг Мянганы сорилтын сангаас тараасан шүү.  Одоо ч гэр хороололд эрэлттэй байдаг юм билээ. Утааны асуудлыг улстөржүүлмээргүй байна гэлээ.

Ерөнхий хяналтын сонсголыг Ерөнхийлөгч санаачлан БОХХАА-н байнгын хорооноос зохион байгуулсан. Сонсгол байнгын хорооны хуралдааны адил асуулт, хариулт хэлбэрээр өрнөж байгаа нь гарц шийдэлд хүрэхгүй гэдгийг Ерөнхийлөгч сануулсан. Мөн иргэдийн төлөөлөлд дөрөвхөн хүн байгаа нь чамлалттай байна. Энэ удаагийн сонсгол тодорхой үр дүнтэй байх ёстой. Гэтэл би захиалж, та нар хийсэн болж харагдах ийм л сонсгол болж байна гэдгийг Ерөнхийлөгч хэлж байв.  Харин   Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир “Бүх зүйл нийтийн сонсголын тухай хуулийн дагуу явж байгаа” гэдгийг онцоллоо.

Ийнхүү Ерөнхий хяналтын сонсголын үеэр гаргасан гол гол санаануудыг хүргэе.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Төрөөс маш олон төсөл хөтөлбөр, хууль баталж гаргалаа. Үүний нэг нь Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.  Би тухайн үед ажлын хэсгийг ахалж байсан. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Зам, тээврийн сайд байхдаа энэ хөтөлбөрийг батлалцаж явсан. Гэвч тодорхой үр дүнд хүрч чадаагүй. Одоо бид аливаа туршилтыг Улаанбаатарт хийхээ болъё. Ховд аймагт 5000 утаагүй зуухаа тараагаад, Баянхонгор аймагт сайжруулсан түлш хэрэглүүлээд ч юм уу, туршиж үзээд аль үр дүнтэйг нь Улаанбаатарт хэрэгжүүлж болохгүй юу. Н.Цэрэнбат сайдад хэлэхээр дэмжихгүй байгаа юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

-С.Бямбацогт гишүүнээ та төсөв хэлэлцэж байх үед үүнийгээ хэлэхгүй яасан юм бэ. Улаанбаатар хотын утааг нэн түрүүнд бууруулах чиглэлд төсөв батлагдсан. Одоо битгий гоё гоё юм санаачлаад явж байгаа ажлуудынхаа эрчийг бууруулах гээд бай л даа. Өнгөрсөн жил бага төсөвтэй байсан ч гэсэн  таван аймгийн төвүүдэд тус бүр 200 сая төгрөг өгч өөрсдийнхөө нөхцөл байдалд тохируулан хийх үүргийг өгсөн. Зарим нь ажил хэрэг болсон. 2019 онд энэ төсвийг нь хоёр дахин нэмэгдүүлсэн.

Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Агаарын бохирдлыг бууруулах цогц бодлого УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан.  “Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны хөтөлбөр” байсан. Гэвч энэхүү иж бүрэн хөтөлбөр ашиг хонжоо хайгч бизнесийн бүлэглэлийн утаагүй зуух, түлш мэтийн бизнест дарагдсаар арваад жил боллоо. Төсвийн мөнгөөр хувийн бизнесийг тэтгэхийн оронд энэ хөтөлбөрт хөрөнгө, зохион байгуулалтаа төвлөрүүлэн хэрэгжүүлсэн бол арваад жилд Улаанбаатарыг утаанаас салгах хангалттай хугацаа байлаа. Тэр ч байтугай агаар.мн сайт  нээхэд 327 сая төгрөг, хэвлэл мэдээлэлд 197 сая төгрөг, сурталчилгааны зориулалтаар 2.4 тэрбум төгрөгийг сайтуудад шилжүүлсэн нь аудитын шалгалтаар илэрч хэвлэлүүдээр цацагдаж байлаа. 2011-2015 оны хооронд зөвхөн “Цэвэр агаар” сангийн дотоод зардалд 932 сая төгрөгийг зарцуулсан нь баримтаар нотлогджээ. Цэвэр агаар сангийн хөрөнгөөс 5.1 тэрбум төгрөг завшиж үнэтэй машин, брэндийн гутлаар өөрийгөө бүрхсэн этгээд өнөөдрийг хүртэл сул чөлөөтэй явсаар байна гэв.

Мөн Ерөнхийлөгчийн тэмдэглэлд манай улс 2008-2016 оны хооронд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулж, гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламж авч ашигласан бол 2017, 2018, 2019 онд мөн чамгүй хэмжээний хөрөнгө, мөнгө төсөвлөсөн гэдгийг тэмдэглэжээ.   Энэхүү төсвийг буруугаар захиран зарцуулсан  хүмүүст хариуцлага тооцуулахаар Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хандсан гэдгээ  хэлсэн.

Агаарын бохирдол энэ хэвээр үргэлжилсээр байвал 2024 он гэхэд буюу ердөө тавхан жилийн дараа агаарын бохирдлоос үүдэн цаг бусаар нас барагчдын тоо 5200-14000-д хүрнэ гэдгийг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн:

-Сүүлийн 10 жилд амьсгалын замын өвчлөл 2.7 дахин ихэссэн гэсэн тоо судалгаа бий. Гэхдээ үүнд нөлөөлж буй олон хүчин зүйл бий. Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар нэлээдгүй судалгаа хийгдсэн байдаг. Хүүхдийн өвчлөлийн ерөнхий бүтцэд амьсгалын эрхтний өвчлөл нэгдүгээр байр эзэлж байгаа нь агаарын бохирдолтой холбоотой. Өсөлтгүй жирэмслэлт болон зулбалтын тухайд нян болон вирусын халдвараас шалтгаалсан байдаг. Яг агаарын бохирдлоос болсон гэсэн судалгаа  одоогоор байхгүй гэлээ.

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Ж.Батбаясгалан:

-Гэр хорооллын  өрхүүдийн 40 гаруй хувийг орон сууцжуулна гэж маш их хөрөнгө зарцуулсан ч дорвитой үр дүнд хүрээгүй. 2018 оны судалгаагаар долоон мянган айл аж ахуй нэгжүүдийн буянд орон сууцанд орсон.  УИХ, Засгийн газраас орон сууцжуулахад анхаарч байгаа ч  2019 онд агаарын бохирдлын асуудал дээр ухралт гарсан гэж би хувьдаа бодож байгаа. 150  тэрбум гаруй төгрөгийг төсөвт оруулсан болов ч 70 тэрбум төгрөг батлагдсан. Хамгийн гол нь хөрөнгө санхүүгийн асуудал дээр хүндрэлтэй байгаа.

Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга:

-Агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн утаагүй зуухаар шийдэхгүй. Цогц хувилбар байна. Улаанбаатар руу орж ирж нүүдлийг зогсооход хөдөөд ажлын байрыг бий болгох явдал нь дунд хугацааны зорилтот хөтөлбөрт тусгагдсан байсан. Энэ төсөл харамсалтай нь олон сумдад хэрэгжиж чадаагүй. Баянхонгор аймагт хэрэгжсэн ч нэвтрүүлж чадаагүй. Бид одоо хөдөөнөөс орж ирэхийг нь хориглох бус, хөдөөг илүүтэй хөгжүүлж байж нүүдлийг зогсооно. Нийслэлийн утааны 80 хувь нь гэр хорооллын утаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд үр дүн гараагүй нь баахан цаас үйлдвэрлэсэн боловч түүндээ хөрөнгө хүчээ төвлөрүүлж чаддаггүй, хэсэг хэсгээрээ зохион байгуулалтгүй бодлогогүй явж ирснийх. Эрх барьж байгаа намд бүх эрх нь байна. Та нар хийгээчээ л гэдгийг Ерөнхийлөгч хүсээд байгаа юм.

Ийнхүү анх удаа зохион байгуулсан Агаарын бохирдлын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол өндөрлөлөө. Санаачлагч буюу Ерөнхийлөгчийн зүгээс сонсголд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн.  Харин хуралдаан даргалагч Л.Элдэв-Очир “Сонсголыг хуулийн дагуу зохион байгуулах ёстой. Хуульгүй төр гэж байхгүй. Хууль өөрчлөх асуудлаа Ерөнхийлөгчийн тамгын газраас саналаа оруулаад ирвэл асуудалгүй. Бидний хамтдаа зохион байгуулж байгаа энэ сонсголыг би амжилттай боллоо” гэж үзэж байна гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.1.31 № 22, 23 (5989, 5990)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 3 сар

    Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн:

    -Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар нэлээдгүй судалгаа хийгдсэн байдаг. Хүүхдийн өвчлөлийн ерөнхий бүтцэд амьсгалын эрхтний өвчлөл нэгдүгээр байр эзэлж байгаа нь агаарын бохирдолтой холбоотой. гэчихээд Яг агаарын бохирдлоос болсон гэсэн судалгаа одоогоор байхгүй гэж юу гэж тэнэгтээд байгаа шаар вэ. М.Энхболдыгоо дагаад зайлмаар юм, НуА нь гэсэн.

Холбоотой мэдээ